skip to Main Content

Д.ГАНБОЛД: Р.ЧОЙНОМЫН “МИНИЙ ҮЗСЭН ХОРВОО”-Г ОЛОНД ДЭЛГЭХ БОЛООГҮЙ

АйимүлбР.Чойномын мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний нэрэмжит “Оюухай-2006” яруу найргийн наадам болох гэж байгаа билээ. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.

– Р.Чойномын нэрэмжит “Оюухай” уламжлалт яруу найргийн наадам болох чимээ чих дэлсч эхэллээ?
– Уг наадмыг 1993 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм билээ. Анхны наадам нь Хэнтий аймагт болов. Yүнээс хойш дөрвөн удаа уг наадмыг зохион байгуулжээ. 1999 оноос хойш тасраад өнгөрсөн жил зургаа дахь тэмцээнийг нь явуулсан.
– Энэ жилийн хувьд ямар онцлогтой болох вэ?
– Яруу найрагчид чөлөөт сэдвээр бичсэн хоёр бүтээлээр оролцох юм.
– Чөлөөт сэдвийг сонгосны учир шалтгаан юу вэ?
– Яруу найргийн наадмууд “Эх орон”, “Хайр дурлал” зэрэг сэдвүүдийг оноосон байдаг. Yүнээс улбаалж тодорхой хэмжээний хязгаарлалт буюу хэлмэгдүүлэлт болж байгаа биз. Р.Чойном ийм шалтгааны улмаас олон бүтээлээ уншигч түмэндээ хүргэж чадалгүй хэлмэгдэж байв. Иймээс бид Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам хязгаарлалт үгүй, чөлөөтэй байх ёстой гэж үзсэн хэрэг.
– Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хэрхэн байгуулагдав, ямар учир шалтгаан байв гээд олон асуулт тоочиж болох байна?
– Би 1998 оноос хойш “Өд” сангийн үйл ажиллагааг эхлүүллээ. Yүний өмнө буюу 1989 оноос хойш хүн бүр энэ хүний тухай шуугиж байлаа. Найз, хамаатан садан нь байв, эхнэр нь мөн гэхчилэн олон асуудал гарч ирсэн. Энэ үзэгдэл таван жил үргэлжлээд зогссон юм. 1995 онд 60 жилийн ойг нь тэмдэглээд 1997, 1999 онд нэрэмжит яруу найргийн наадмыг нь Хэнтийд зохион байгуулсан. Ингээд л мартагнах тийшээ хандсан юм. Цөөн хэдэн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч дурсах болоод байв. 2000 он ч гарлаа. XXI зуун эхэллээ. Yүнд тохиолдуулж би “XXI зуун танаа” номыг Р.Чойномд зориулж гарсан юм даа. Р.Чойном XXI зуун ямар байх вэ гэдгийг өөрийнхөө төсөөллөөр шүлэг, найраглалдаа тусгаж байв. Тэр энэ зуунд амьдаараа биш боловч өөрийнхөөрөө байж байгаа. Энэ үзлийг тунхагласан ажлуудыг би хэрэгжүүлэх гэж зорьсон юм.
– Энэ хугацаанд хэр ажил амжуулав?
– Түүний нэрэмжит эхний шагналыг ээжид нь хүртээсэн. Удаахыг нь түүний музейг байгуулахад өөрийн үйлдвэрлэлийн байраа өгсөн багын найз Г.Тогоод нь өгсөн юм. Yүнээс хойш уг шагналыг өгөх явдал мартагдаж чимээгүй болсон. 70 жилийн ойгоор нь Р.Чойномын нэрэмжит шагналыг сэргээлээ. Хүртэх ёстой хүмүүст нь өгөөд байна.
– Р.Чойномыг хүн болгон андахгүй мэднэ. Гэхдээ түүний тухай шинэ баримт, сураг ажгийг сонсоогүй байж болно. Энэ талаар ярилцах уу?
– Сүүлийн үед түүний намтар, уран бүтээлтэй холбоотой олон зүйл олдож байна. Хүмүүс өөрт байгаагаа сэтгэл харамгүйгээр өгч байна. Тун сайшаалтай хэрэг. Энэ дагуу манай “Өд” сан өргөжсөөр байгаа шүү гэдгийг хэлье. Хүн болгонд өөрийн дотоод нууц, эрхэмлэх үзэл бодол гэж бий. Р.Чойном “Миний үзсэн хорвоо” гэдэг ном бичиж эхэлсэн байгаа юм.
– Эл номд юуг өгүүлэх вэ?
– Оршил дээрээ уг ном хэзээ ч дуусахгүй. Намайг төгсөхөд цуг төгсөнө гэсэн нь бий. Хэзээ анх эмэгтэй хүнийг эм хүн гэдэг талаас нь харж эхлэв гээд хүний хорвоогийн нарийн мэдрэмжийн асуудлыг бичсэн байна лээ. Yүнийг бид одоохондоо дэлгэж болохгүй байна.
– Яагаад?
– Номд дурдагдаж буй зарим хүмүүс эдүгээ амьд сэрүүн байгаа болохоор хүний нэр төр, хувийн нууцыг хүндэтгэх үүднээс олонд дэлгэлгүй, архивтаа хадгалж байна. Ёс суртахууны хэм хэмжээ гэж байх ёстой. Судалгааны асуудал ч үүнд захирагдах ёстой гэж бодлоо.
– Өөр ямар сонин содон зүйл байна вэ?
– Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн 100 жилийн ой гээд нэлээн шуугилаа. Түүний сүүлчийн өдрүүдийн тухай хоёр дэвтэр бүтээлийг Р.Чойном бичсэн байх юм. Yүнийг энэ жил амжуулж хэвлэмээр байна. Их зохиолчийн амьдралын сүүлийн хоёр өдрийн тухайд гэхэд л их сониноор бичсэн байдаг юм.
– Р.Чойном таалал төгсөөд 27 жил болжээ. Эл хугацаанд түүнтэй холбоотой баримт материал их үрэгдсэн биз?
– Ийм зүйл зөндөө. Тагнуулын төв газраас Монголын зохиолчдын хороонд хүлээлгэж өгсөн Р.Чойномын баримт материалын тухай бичиг бидэнд байна. Түүнийг анх улстөрийн хэргээр баригдахад ТТГ-т хураагдсан эд зүйлс, баримт бүтээлийн тухай бичиг гэсэн үг. Эдүгээ түүнтэй холбоотой улс төрийн асуудал гээч төр, засагт хамаагүй болчихлоо. Иймээс түүнтэй холбоотой бүхнийг архивт өгч тусална уу гэж хандсан. Болно гэсэн хариу өгсөн.
– Уг бичигт юу гэж дурдсан байх юм?
– 1980-аад онд хянуулж, цагдуулж байсан Р.Чойномыг байцаагдаж байх үед хураагдсан зохиол бүтээлийг жагсаасан байх жишээтэй. Yүний ихэнх нь эдүгээ алга байгаа шүү.
– Тухайлбал?
– ”Хүн” романы хоёрдугаар дэвтэр, “Даланжаргалан” найраглал гээд л. Орчуулгын олон бүтээл байдаг юм. Саарал өнгийн дэвтэр, цэнхэр хавтастай бүтээл гээд заачихсан нь бий. Энэ бүгд олдоогүй байна. Хүмүүст байж магадгүй юм. Тухайн үед түүний зохиол бүтээлд хайр гамгүй хандаж байсны илэрхийлэл болохоос гадна тодорхой нэгэн зорилгоор хувьдаа ашигласныг ч үгүйсгэхгүй.
– Түүнийг буруутан болгох улстөрийн хэрэг гээч олон байдаг биз?
– Хичээлийн дэвтэр дээр бичсэн бүтээлээс нь болоод энэ хэрэг мандсаныг хүн бүр мэдэж байгаа байх. Яагаав, нөгөө дөрвөдүүд төрийн толгой дээр гарлаа гэж бичсэн байдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байсныг гэрчлэх цөөнгүй баримт бидэнд бий. Хуульч Нарангэрэл “Монголын төр Р.Чойномыг хэлмэгдүүлснээ бүрэн хүлээн зөвшөөрсөн” гээд илтгэл тавьсан нь бий. Энэ бол үнэхээр том дүгнэлт. 1989 оноос хойш судалсан судалгааны бодитой үр дүн л дээ.
– Түүний хэрэглэж байсан эд зүйлсээс музейд нь хэр цуглав?
– Р.Чойномын бичгийн ширээ бий. Нэг удаа бүтээлийнхээ шагналаар Улсын их дэлгүүрээс очиж авсан байгаа юм. Суусан чинь өндөрдөөд байхаар нь хөлийг нь тайрсан юм билээ. Энэ ширээ музейд бий. Бас сандал, хоёр бичгийн машин бий. Нэг нь Зүүнбаянд түүний шавь гэгдэх Чулуунбаатарт байдаг юм билээ. Мөн өмсч байсан хантааз, дээл, цамц гээд бий л дээ.
– Сийлбэрийн цуглуулгатай гэж сонссон юм байна?
– Морин хуур, хулсан хуурын гээд олон сийлбэрийн бүтээлтэй. Манайд зохиолч, яруу найрагчдын музей хэд хэд бий. Тогтвортой ажиллаж байгаа нь үгүй юм байх. Yүнийг сая болсон дэлхийн яруу найрагчдиын XXҮI их хурлын үеэр мэдэрлээ. Энэ үеэр Р.Чойномын музей л ажилласан. Монголын зохиолч гэдэг ямар байв гэдгийг дэлхийн 50 гаруй орны 300-гаад яруу найрагч манай музейг үзэхэд л мэдэрсэн юм билээ. Урьд өмнө олонд дэлгэж байгаагүй үзмэрүүдээ толилуулж билээ.
– Тухайлбал?
– Самрын ясан дээр сийлсэн хулганын дүрс байна. Р.Чойном өөрөө хулгана жилтэй. Хүмүүс энгийн нүдээр харж болохгүй болохоор нь хоргонд хийж, өсгөгч шил тавьсан юм. Гадаадынхан маш их сонирхсон шүү. Түүний хийсэн гаансны толгой гээд олон сонин үзмэр байсан даг.
– Дээрх сийлбэр гээд олон үзмэрийг яаж олж авсан хэрэг вэ?
– Дамжиж явсаар л бидний сонорт хүрсэн хэрэг. Р.Чойномын бүтээл, холбоотой зүйлийг хүмүүс их нууна. Гэхдээ сайтар сурвалжилсны эцэст олж цэгцэлж байна.
– Хаалттай, боолттой нийгмийн үед чөлөөтэй дуугарч байсан дуу хоолойн нэг тод өнгө бол яах аргагүй Р.Чойномынх байдаг. Танд түүний аль үзэл бодол нь илүүтэй “наалддаг” вэ?
– Судлаач, хэлбичгийн авьяастан, зураач, яруу найрагч, зохиолч, ая зохиогч, сийлбэрч, барималч байсан хүн. Маш их авьяас байгаа биз. Энэ бүхнээс олон зүйл бидэнд үлджээ.
– Ая зохиогч байсан гэдэг тухайд тодруулж ярина уу?
– 20-30 дуу бий. “Зуслангийн уянга”, “Тариан талбай дуулж байна” гэдэг олон дууг нь хүмүүс сайн мэднэ. Өөрийгөө урт наслахгүй гэдгийг мэдэрч байсан баримт үлдсэн байдаг. Yүнтэй холбоотойгоор богино хугацаанд асар ихийг амжуулж байсан нь мэдрэгддэг юм. Өдөрт 4-5 цаг л унтдаг байсан болов уу гэмээр.
– Ад үзэгдсэн гар бичмэлийг минь алтаар үнэлэх цаг заавал ирнэ гэдэг алдартай мөр бий?
– Ийм санаа олон бүтээлд нь шингэсэн. “XXI зуун танаа” шүлэгт би тэр үед байхгүй байх. Гэхдээ байвал 64-тэй өвгөн байна. Намайг байхгүй ч хуурын хоёр чавхдас шиг хоёр хүү минь байх болно. Тэд шүлэг бичиж чадахгүй ч XXI зуунд өгсөн миний бэлэг байх юм даа гэж өгүүлсэн нь бий.
– Тэр хоёр хүүхэд гэдэг нь одоо бий юү?
– Нина гэдэг бүсгүйгээс гарсан Хулан, анхны авааль гэргий Лхагважаваас гарсан Эрдэнэном гэж бий. Би Р.Чойномыг судлахдаа уран бүтээлийг нь олон түмэнд түгээхийг урьтал болгодог. Олон эхнэртэй, хүүхэдтэй байсан гэдэгт анхаарлаа хэтэрхий хандуулдаггүй.
– Түүний нэрийг Чойномусурияа гэдгээс товчилсон гэдэг үнэн үү?
– Чой гэдэг нь ном гэсэн түвд үг. Сурияа гэдэг нь санскритаар наран гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн н.Хүрэлбаатар гуайн хэлснээр их бичгийн гурван хэл болох төвд, монгол, санскрит хэлээр өгсөн Номын наран гэсэн утга төгөлдөр нэр юм. Сургуульд ороход нь урт нэр байна, шашны нэр гэдэг үүднээс товчилсон юм билээ. Р.Чойномын аав нь шашны чойрын гүн ухаанд нэвтэрсэн лам хүн байсан юм. Ээж нь Ширэндэв гуайтай цуг РАФАК-т нэг ангид байсан сэхээтэн хүн шүү дээ. 1930-аад онд Монголыг төлөөлж ийм том сургуульд сурна гэдэг тохиолдол бус. 1936 онд амралтаар ирэхдээ Р.Чойномыг төрүүлсэн гэдэг.
– Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Р.Чойномтой холбоотой ховор хальс сүүлийн үед олдов уу?
– Зохиолчидтойгоо авахуулсан, залуу үеийн, охиноо тэвэрсэн зэрэг 5-6 зураг олдлоо. Зураг бүр түүхийн баримт байдаг болохоор бид баяртай сууна. 1997-1998 оны үед Р.Чойномын гэр музейгээс түүний сийлж бүтээсэн хуур хулгайд алдагдав. Хоёр зурагтай хамт алдагдсан хэрэг. Олдохгүй байсаар сая болсон дэлхийн яруу найрагчдын XXҮI их хурлын үеэр сураг ажгийг нь сонслоо шүү дээ.
– Р.Чойномтой холбоотой баримт материал, дурсгал та бүхний гарт хэр төвлөрсөн байгаа бол?
– Яг тийм гэж хэлж чадахгүй. 30, 50, 70 хувь байна гэж оноож болшгүй. Гавьяат жүжигчин Д.Сосорбарамд хэдэн бүтээл нь байдаг гэж дуулсан. Бид ярилцаад хамтарч ажиллана аа гэж тохирсон юм. Р.Чойномын бүтээлийг сурталчлах, дэлгэрүүлэх тал дээр Д.Сосорбарамын хийсэн ажлыг өндрөөр үнэлдэг. Хүмүүс Р.Чойном гэхээр Д.Сосорбарамд хандъя гэж боддог юм билээ. Манай санг арай бага мэддэг болов уу. Гавьяат жүжигчинд маань овоо хэдэн бүтээл нь хадгалагдаж байгаа. Yүнийг манай сан олон түмэнд хүргэе гэж бодож байгаа.
– Р.Чойномыг алдаршуулах үйлсийг гүйцэтгэсэн өөр хэн байдаг вэ?
– “Сүмтэй бударын чулуу”-г гаргахад ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай их зүтгэсэн дээ. Мөн Ж.Бямбаа, Д.Цоодол нар үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Тэдэнд талархаад баршгүй. Багын найз нь байсан Г.Тогоо гээд олон ачтан бий.
– Ярианыхаа төгсгөлд өөр юуг та нэмж хэлэх вэ?
– Манай зохиолчдоос таалал төгссөнийх нь дараа 40-өөд ном бүтээл хэвлэгдсэн нь үгүй болов уу. Түүний гурван ном нь амьд ахуйд нь хэвлэгдсэн юм.
– Энэ тоо улам нэмэгдэх байх?
– Мэдээж. Дээрх номын 11-ийг нь би эмхэтгэж, судалж гаргалаа, үүгээрээ бахархаж байгаа.

Ярилцсан Б.Цогнэмэх
Зууны Мэдээ
2006/10/09

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x