Р.ЧОЙНОМЫН ШАГНАЛТНААР АЙ.ТӨМӨР-ОЧИР ТОДРОВ
Монголын зохиолчдын эвлэлийн зохион байгуулдаг “Болор цом-2011” 29 дэх удаагийн наадам Архангай аймагт 2011 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. “Болор цом” наадамд нийт 170 шахам уран бүтээлч шүлэг зохиолоо ирүүлснээс 38 найрагч шалгарч үлдсэн юм.
Мөн үе үеийн “Болор цом”-ын эзэд, Ардын уран зохиолч, Төрийн шагналтнууд урилгаар оролцож өөрийн сэтгэгдэл, шүлэг найргаа архангайчуудад толилуулав.
“Болор цом” наадмын эцсийн дүн гарахад залуу яруу найрагч Д.Болдхуяг тэргүүн байр эзэлж, 29 дэх цомын эзэн боллоо. Харин удаах байрт Архангай аймгийн унаган хүү “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Д.Мягмарсүрэн, мөн залуу яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар удаах байрыг эзэллээ. Энэ удаагийн уран үгсийн наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын эзэн Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж, гавьяат багш, шүүмжлэгч Д.Галбаатар, яруу найрагч Дарь.Сүхбаатар, Ж.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулжээ.
Үзэгчдийн таашаал хүртсэн яруу найрагчаар МЗЭ-ийн шагналт Б.Баттулга шалгарч, “Хөх мөнхийн зөнч” өргөмжлөл, Арын хангай нутгийн зохиолч А.Самбалхүндэвийн нэрэмжит шагналыг Болор цомын эзэн Ж.Баяржаргал хүртлээ. Харин МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, морины зураач Ай.Төмөр-Очирт Монголын их утга зохиолд эрх чөлөө, тусгаар тогтнолын дуулал, яруу найргийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн РИНЧИНИЙ ЧОЙНОМЫН ШАГНАЛ хүртээж алдаршуулан, тэмдэг, батламж, мөнгөн шагналаар шагнав.
Энэ жилийн наадмыг амжилттай зохион явуулахад Хаан банк, Хас банк, Хадгаламж банк, Төрийн банк, Архангай аймгийн Нутгийн зөвлөл, Бэрэн групп, Цагаан сүмбэр, Хээр адуу, Гурван Тамир, Хасу холдинг, Од-Да тайж, Гост трейд, Бүрэн ар, Сувд сувилал зэрэг аж ахуйн нэгж, компаниуд бүхий л зардал хөрөнгийг гарган сэтгэл зүрхнээсээ дэмжин ажиллалаа.
Уншигчдадаа “Болор цом”-ын тэргүүн байрын шагналт шүлгийг толилуулья.
Д.Болдхуяг
Монгол хэл
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ.
Улаанбаатар-Хөх хот