skip to Main Content

ТОЙРОГ ГӨРӨӨЛЖ БАЙХААР ТОСГОДЫНХОО ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЧИХ

Хэнтий аймгийн Дархан сум гэж XYIII зууны үед буй болсон бүхэл бүтэн элэнц байтал бүр хожим өөрийнх нь нутаг дэвсгэрт тавдугаар баг болж байгуулагдсан Бор-Өндөрийнхөн даварч, сумын захиргааны эрхийг авахаар 2008 оны сонгуулиас хойш өнөөг хүртэл Засаг даргаа сонгоогүй явж байна гээд шуугих. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Эрх баригчдаас түрүүлээд болохгүй байна гэдгийг нь олоод харчихсан ард олон тэндээ төрийн эргэлт хийчих шахам байна. Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1, 2, 3, 4 дүгээр багт тус бүр нэг, үлдсэн 21-ийг нь 9311 хүн амтай тавдугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хүн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй юм. Агуулгын хувьд бол яах аргагүй хүн амд хуваах ёстой. Харин Засаг захиргааны статусын буюу өнөөх хэлбэрийн хувьд аваад үзэхээр газар нутагт нь хуваах болж таарсан хэрэг. Үүнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Энэ цагаас хойш Бор-Өндөр бүр ч өргөжин тэлж, сум орон нутгаар дамжуулалгүй олон асуудлаа шийдсэнээс гадна хүн амын тоо ч талийж өгчээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн сонгуулиар ИТХ-ын олонхи болсон Бор-Өндөрчүүд Дархан сумыг татан буулгаж Бор-Өндөрийг сум болгох тухай тогтоол ч дур мэдэн үйлдчихсэн байжээ. Тэгэхээр ирэх сонгуулиар тэд Дархан сумтай биш Хэнтий аймагтай үзэлцэхээр шийдэв бололтой. Уг нь бол Монгол Улсын Үндсэн хууль ч гэж нэг юм бий. Засаг захиргааны шат дараалал ч гэж баймаар. Хэн дуртай нь тамга барих гэсэн өнөөх л суудлын төлөөх дайн орон нутагт үргэлжилж байгаагийн нэг хэлбэр гэж ярьж байна. Ингэж ойлгох хэрэггүй. Ерөөсөө асуудал шийдчих төртэй биш дор бүрнээ асуудлаа ингэж шийдэхээс өөр арга алга.

Удтал хэрүүл болж байгаа энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хэнтий аймгаас сонгогдсон гурван гишүүн ч Бор-Өндөрийг өрх тусгаарлахыг хүсэмжилж байна. Харин тус аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар Дархан сумаас Бор-Өндөрийг өрх тусгаарлахыг эрс эсэргүүцдэг нь ямар учиртайг бүү мэд. Үнэхээр дэд бүтэц нь гайгүй хөгжсөн, хүн амын олонхи нь суурьшдаг ийм газруудыг заавал багийн статуст барьж ажлыг нь чангааж байхаар чөдрийг нь нэг мөсөн авчихмаар юм. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар бол “Дархан суманд гадна дотны хөрөнгө оруулалт ердөө ирдэггүй хүн амын суурьшлаа дагаад Бор-Өндөрт л ирдэг байх. УИХ-ын гишүүд ч хамаг анхаарлаа тийш хандуулдаг. Арга ч үгүй биз. Тарж бутарсан 2000 хүнд үйлчилж байхаар төвлөрсөн 10 гаруй мянган хүнд үйлчлэх нь мэдээж тэдэнд ашигтай шүү дээ” хэмээн гомдоллож байна лээ. Нөгөө талд сумын Засаг захиргаанаас зохион байгуулж буй ажилд хүн ам, дэд бүтцийн илүүгээр дээрэлхээд оролцдоггүй. Сум орон нутгаас иргэдэд үзүүлж буй халамжийн үйлчилгээг дэд бүтэц сайтай гээд өгдөггүй гэсэн олон асуудал энэ суманд бий. Хууль ёсны дагуу бол сумаа баг нь дагах байтал шууд утгаараа багаа сум нь дагаж яваа ийм жишиг ганц энэ ч биш аж.

Уншигч та санаж байгаа байх. 2008 оны өвөл Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгон хөлдөж төвийн хэвлэл мэдээллээр шуугиж байсан. Энэ тосгон мөн л 5000 орчим хүн амтай дэд бүтцийн олон давуу талтай ч Батноров сумын баг болж явдаг нь бас л зөрчил дагуулдаг. Энэ мэт зөрчилтэй тосгодуудад улс төрчид сонгуулийнхаа пиарыг хийх ганц төвөө болгож, харийнхан харцаа чулууддаг. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Бэрх тосгонд оросын нэг тэрбумтан хөрөнгө оруулахаар зэхэж буй гэнэ. Хэрэв бидэнд ашигтай хөрөнгө оруулалт бол бид эхлээд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх л хэрэг гарна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон, Мандал сум буюу Зүүнхараа хот гээд сумдууд байна. Сумын статустай ч сумынхаа хэр хэмжээнээс аль хэдийнээ давсан тийм газрууд бий. Зүүнхараад гэхэд л Бороогоульдаас эхлээд гадны олон байгууллагууд үйл ажиллагаа явуулдгаас гадны хөрөнгө оруулалт гайгүй татчихдаг бололтой. Тиймээс тэр бүрий асуудлыг аймгаас хүсэмжлээд байдаггүй бие даасан шинж нь аймгийн Засаг ноёны дургүйг хүргэдэг тухай ч тус сумын удирдлагууд дурьдсан нь бий. Захиргаадалтын үед газрын баялаг, үйлдвэрлэл түшиглэн бий болсон энэхүү хот тосгод шинэ Үндсэн хуулийн дагуу аль нэг аймаг, сумын харъяанд очсон нь өнөөдөр ийм байдалд хүрчихсэн.

Манай эрх баригчид хот суурин, аймаг сумын хөгжлийн тухай боддоггүй нь эндээс илт харагдана. Гагцхүү аймаг сумынхаа сонгуулийн тойргийн хуваа­рийг л боддог бололтой. Хэрвээ Бор-Өндөрийг Дархан сумын багийн гэсэн статусаас нь салгаад эрх мэдлийг нь ядахад аймагт өгчихөд нэг шатаар урагш алхана. Мөн Бэрх тосгоныг Батноровоос салгах юм бол хөгжлийн нэг шатанд хүрч очно. Батноров сумын төв дээр 400 хүүхэдтэй сургууль байхад Бэрх тосгонд 600 гаруй хүүхэдтэй сургууль байх жишээтэй. Тэгэхээр манай гишүүд тойрог гөрөөлж явахаар энэ мэт асуудлаа эртхэн шийдмээр байгаа юм. Тэгсэн хэрнээ хар хонины сангийн аж ахуй байсан Говьсүмбэрийг монголын отгон аймаг гэж нэрлээд аймаг болгочихсон. Тэр нь бараг Бор-Өндөр багаас цөөн хүн амтай байх. Отгон аймгийн иргэд “бид 20 жил оросын хог ухаж амьдарлаа” хэмээн гомдоллосон. Ерөөсөө Засаг захиргааны нэгжийн зөв зохистой хуваарилалт хэрэгтэй болжээ.

С.Ууганбаяр
“Монголын мэдээ” 2011.5.2

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x