Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ГУРАВ ДАХЬ ЭЗЭН УДАХГҮЙ ТОДОРНО
Монголын уран зохиолын тод гэгээн алдартны нэг яруу найрагч Р.Чойномын мэлмий гийсний 70 насны ой ирэх хавар тохионо. Уг ойн хүрээнд түүний өвийг хамгаалах “Өд” сан бүтэн жилийн арга хэмжээ зохион явуулж буй аж. Тус сангийн тэргүүн Д.Ганболдтой ярилцав.
-Ойг нь ёслохгүй өнгөрч болохгүй монгол хүний нэг бол төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном юм. Тийм учраас манай сан “Оюухай-2005” яруу найргийн наадмаар энэ алдарт зохиолчийнхоо 70 насны ойг тэмдэглэх бүтэн жилийн арга хэмжээгээ эхэлсэн.
-Тухайлбал ямар ажлууд хийгээд байна вэ?
-Чойном агсны сайн анд Очирын Нармандах гуайн хадгалж байсан нэрт яруу найрагчийн бүтээлүүдийг эмхэтгэн “Алтан суварга” гэдэг номыг хэвлэхэд бэлэн болоод байна. Их том ном болно доо, хорь гаран хэвлэлийн хуудас болох байх.
-Дан хэвлэгдээгүй шүлгүүд байгаа юу?
-Янз бүр. Нармандах гуай 78 настай хүн л дээ. Хэнтий аймгийн Бэрх, Дархан, Дэлгэрхаан суманд амьдарч, “Урагшаа” сонины хэвлэх үйлдвэрт хэвлэгч хийж байсан. Чойномтой танилцаад шүлгүүдийг нь хуучин монголоор бичиж аваад өдий хүртэл цуглуулан хадгалсан хүн байгаа юм. Огт хэвлэгдэж байгаагүй олон сонин содон бүтээлийг энэ номноос унших боломжтой болсон.
-“Өд” сан хэзээ байгуулагдсан билээ?
-2003 онд байгуулагдсан юм. Энэ хугацаанд “XXI зуун танаа”, “Би”, “Алтан тал”, “Буриад” яруу найргийн эмхэтгэлүүд, “Тал дахь тулалдаан” роман, “Хар цэцэг” цуврал тууж, “Нутгийн хүү Чойном” дурсамжийн номуудыг хэвлэж уншигчдад хүргэлээ. Чойном бол маш их авьяастай ажилсаг хүн тул асар их өв үлдээжээ. Тэр зөвхөн яруу найрагч бус зохиолч, зураач, хөгжимчин, орчуулагч, сийлбэрч гээд тал бүрийн авьяасыг эзэгнэсэн хүн байлаа.
-Ойн хүрээнд одоо ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Чойномын бүтээлүүдийг интернэтэд байрлуулж вэб сайт хийх гэж байна. Удахгүй гэр музейг нь монгол нутгаар аялуулан сурталчлах ажилд гарна. Ирэх намар Чойномын уран бүтээлийн эрдэм шинжилгээний бага хурлыг нэлээд дорвитой хэмжээнд хийх болно. Улаанбаатар дээд сургуультай хамтарч хийх юм. Ирэх хавар “Оюухай-2006” яруу найргийн наадам хийж, манай нэг жилийн арга хэмжээний хаалт болох юм.
-Танай “Өд” сангийн ажилд дэмжиж тусалдаг ямар хүн, байгууллага байдаг вэ?
-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Улаанбаатар хотод “Сүмтэй будрын чулуу” номоор яруу найргийн уулзалт наадам зохион байгуулсан. Хэнтийн Оюутны холбоо хамтарч ажилладаг. Сайны хажууд бас саар юм гарч байгаа. Чойномын гэр музейд халаалт байдаггүй.Энэ тал дээр Бор-Өндөр, Дархан сумын Засаг даргын Тамгын газар дэмжиж анхаарлаа тавиасай гэж хүсч байгаа. Ер нь манай сангийн гол дэмжигч, санхүүжүүлэгч нь “Жиком пресс” компани юм.
-Танай сан өөрийн шагналтай юу?
-Р.Чойномын нэрэмжит шагнал гэж бий. Энэ шагналыг одоогоор хоёр хүн хүртсэн. Анхныхыг нь яруу найрагчийн ээж, хоёр дахийг гэр музей байгуулахад өөрийн байшингаа бэлэглэсэн Тогоо гуай нарт олгосон. Мэдээж 70 насны ойгоор нь энэ шагналын гурав дахь эзэн тодрох байх.
М.АМГАЛАНБААТАР
Өнөөдөр сонин (2005-07-22)