skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ…

news20130413Өнөөдөр билэг танхай яруу найрагч Ренчиний Чойномын цагаадсан өдөр. Түүнд 1970 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн 49-ийн А-д зааснаар “Засаг төрийн нэр алдар, үйл ажиллагааг гутаах, сулруулахад чиглэсэн гүтгэлэг доромжлолын шинжтэй шүлэг бичиж түүнийгээ бусдад тараах, унших зэргээр ухуулсан” гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Харин 1990 оны энэ өдөр цагаатгасан билээ.

Р.Чойном “До яам”-ны хараанд орсноос хойш гэрээсээ яваад эргэж ирээгүй гэнэ лээ. Энэ нь түүний гэр бүлээ хамгаалах гэсэн ухаан байсан юм болов уу. Энэ бүхнийг гэргий Н.Нина ч ойлгож “Түүнд гомдох үе байсан ч би их хайрладаг” хэмээн сүүлд нэгэн сонинд ярилцлага өгсөн байдаг. Р.Чойном Дорноговь аймгийн Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд хоригдож байхдаа…

Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон

Эрлэг номуун хааны орд мэт “Улсын төв шорон”

Энэ зууны чимээг өргөст тороор хориглож

Энд гагцхүү хар төмөр ноёрхоно.

…Тэнхлүүн явахад

Тэжээсэн нохой ч тоохгүй

Өлөнгийн шээс шиг бантанг чинь

Өлбөрөхгүйн эрхэнд амсъя

Жаргасан нөхөдтэйгээ дуулах гэж

Зовсон түмэнтэйгээ уйлах гэж

Дутуу дуугаа тэдэндээ

Дуулахын тулд би эвлэрье… гэж бичсэнээс харахад түүнд амьд байж уран бүтээлээ бусдад хүргэх нь хамгаас чухал байжээ. Улс төрийн гэмт хэрэгтэн гэгдэж байсан учраас ойр дотныхондоо төвөг удахаас болгоомжилно. Тийм ч учраас гэр бүлийнхнээсээ зай барьж хувийн амьдралаа золиослоод охинтойгоо уулзалгүй явсаар бурхны оронд заларсан юм.

Хамт ял эдэлж байсан Б.Очирхуягаа ажилд гаргахгүйн тулд шөнө дөлөөр сууж сийлбэр сийлэх, зураг зурах зэргээр хоёр хүний ялыг давхар хийж байсан нь түүнийг ямархуу шазруун эр болохыг нотлоно. Дэгсдүүлэн хэлбэл уран зохиолын эерэг дүрийн баатар шиг тийм эрэлхэг, хүчирхэг нэгэн байжээ.

Найз нөхдөдөө хир халдаахыг хүсдэггүй хүн, хайрт охиноо яаж хамгаалах нь тодорхой. Өөрийн охин Хулангаа 1965 оны хавар орхиод гарснаас хойш эргэж уулзаагүй юм. Баригдахаасаа өмнө Хулангийн ээж хайрт эхнэр Норзодын Нинадаа “Миний хойноос хөөцөлдөх хэрэггүй. Охиноо миний хүүхэд гэдгийг нууж яваарай” гэж захисан байдаг. Энэ бол түүний охиноо гэсэн агуу хайрынх нь өчүүхэн хэсэг байсан юм.

Ийнхүү хайртаа охинтойгоо уулзаж чадахгүй бэтгэрч явсан хүний дотор ямар их багтраа шаналал нуугдаж явсан бол. Гэхдээ тэр охидоо санадаг, уулзахыг хүсдэг байсан юм. Тиймдээ ч “Охиныг минь тэдний өдөр, тэнд аваад ирээч” гэсэн үгийг хүмүүсээр дамжуулан бичсэн захиандаа дайсан нь олон. Гэхдээ тэр болзсон газраа очиж охинтойгоо уулзаж зүрхлээгүй юм. Учир нь байнгын мөрдлөгт байсан түүнийг охинтойгоо уулзаж байхыг “До яам”-ныхан харчихвал охиныг нь “Нийгмийн дайсан” хэмээн цоллож зовоох вий гэдгээс айдаг байжээ.

Ямартай ч Р.Чойном охинтой уулзаж чадалгүй явсаар байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлчийн захидлаа Н.Нинадаа хаяглаж “Охинтойгоо уулзахсан” гэж бичсэн байлаа…

Уг захидалд “Сайн байна уу? НИНА! Би Р.Чойном бичиж байна. Чиний минь ажил амьдрал сайн биз дээ. Улам сайн сайхныг чамдаа ерөөж сүүлчийн энэ захидлыг чамд бөхийн илгээв… …Тэр хавраас хойш би гэрийн мухар сахиж өнгөрсөн бүхнээ эргэн бодож буруу зөв явдлаа тунгаан хэвтсээр байлаа. Ийнхүү би хэвтрийн хүн болов. Хамаг чадал минь дуусав. Хар үс минь унав. Халуун бие минь хөрөв. Хайран чиг дөчин жил минь. Чамтайгаа уулзаж сэтгэлээ онгойтол зовлон жаргал, зөв буруугаа яримаар үе олон байсан боловч чиний тухай сонсоод чив чимээгүй явсаар бүрмөсөн чив чимээгүй шинжтэй болсон тул үүнийг бичлээ. Намайг үхчихвэл чи миний юу бодож явсныг мэдэхгүй үлдэх болноо. Гэтэл Хулангийн ээж Чойномын тухай огт мэдэхгүй үлдэж яаж болох билээ. Би охиноо, чамайг бас бусдыг үргэлж санаж явдаг. Та нарын өмнө их буруутай боловч үүрдийн буруутан бус, тухайн үеийн буруутан байлаа. Би та нарыг авчирч учрахсан гэж хүсдэг. Гэвч боломж алга. Би ядаж өөрийн гэсэн орон байргүй яваа… …Чи надад тодорхой захиа нэг удаа бичээрэй. Охиндоо өгөх юмгүй, бэлгүй байгаа тул та хоёрыгоо урьж чадахгүй байнаа. Номоо хэвлэгдэхийн наана үхчихгүй бол нэг уулзанаа. Миний мэдэх Нина минь баяртай. 1979.IY.2” гэжээ.

1 1 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x