skip to Main Content

Р.ЧОЙНОМ “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” НОМООС

Хэнзхэн биетэй минь хамт төрж,
Хэт нутгаас минь хамт гарч
Хэн гуайн ч өмнө намайг зоригжуулсан
Хэвлэгдээгүй гүн ухаан мину!
Өөртэй минь хамт бүү нөгчөөрэй,
Өнөр нөхдөд минь, эхнэрт минь,
Өлгийтэй хүүд минь, шүлэгт минь
Өв болон үүрд үлдээрэй.

Энэнээс өөр гүн ухаан хэрэггүй
Эрхэм өдөр ирэхдээ л ирнэ
“Эзэнт засгийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ” гэдэг шиг

Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ!

1967–III–14

Хаа газрын айлд ороход
Халуун цай, хоолоор дайлдаг,
Харин би, хүн төрөлхтнийг
Халх шүлгийн сайнаар дайлна.

Сайн шүлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу, жилээр сонсоно уу!
Гайгүй нэрэлхэлгүй ирж бай та –
Гагцхүү миний нас богинохон!

Амьсгаа хураах өдрөө хүртэл
Ард овогтныг шүлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм!

1974–V–4

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x