skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-11

Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

ЗОХИОМЖ дээд сургууль А.Төмөрсүх

Монгол гутал
Морьтон түмний өлмийд
Чамин хийцтэй гутал
Монгол наадмын дэвжээнд
Суран тоногтой гутал
Эмээлийн дөрөөн дээр жийсэн
Ээтэн хоншоортой гутал
Эцгийн зэхэж хийсэн
Зээгэн хээтэй гутал
Наян настай өвөөгийн
Найз нь болсон гутал
Найман зууны настай
Намхан ултай гутал
Уран шаглаа хээтэй
Угалз ганган гутал
Уудам тал нутгийн
Нүүдэлч омгийн гутал
Цагийн саалтанд мөхөөгүй
Цадиг түүхтэй гутал
Сайн эрсийн гоёл
Сайхан монгол гутал
Гутал гутлын уралдаан
Хэрвээ болдогсон бол
Гучин хоёр угалзтай
Монгол гутал түрүүлнэ.

Улаанбаатарын их сургууль

Баатарсүрэнгийн Цолмонбаяр

Жоомнууд

Пивоны мухлагт сарны гэрэлд халамцуухан жоомнууд
Миний өнгөрсөн шөнийн хөлгүй жаргалын тухай
Амраглаж хоносон бүсгүйн
Адтай торгон инээдийн тухай
Тэнгэр шиг цэнхэр нүд
Шаргал гэзэгнийх нь тухай
Тэгээд бас дотуур хувцас
Сүрчигнийх нь үнэрийн тухай
Уусан дарсны амтын тухай
Уруулын хээтэй жүнзний тухай
Ядам хуруун дахь бөгжнийх нь тухай
Ямархан авьяаслаг жүжиглэснийх нь тухай
Ярилцсаар л байна хөөрхий жоомнууд.

УЗНАДС Ганхуягийн Сүхбаатар

Сар болохсон 4

Сар болохсон…

Садарсан гэгээ газарт дэлгэчихээд
Сайхан бүсгүй явж өнгөрөхийг нь хүлээн
Санааширахуйн орон зайд хээр хонох
Сар болохсон., сар л болохсон

Сар болохсоон…
Нүцгэн бүрэнхийгээр үнэгтэй хамт шогшиж
Нүгэл буяны заагаас ертөнцийн нууцыг олчихоод
Дурлаагүй бүсгүйн янагхан зүрхийг хөндөн
Дуу аялуулан бодолд живүүлэх
Сар болохсон, сар л болохсон

Сар болохсоон…
Үлгэр эхэлдэг үдшээр аргамжааны газар саатаж
Үнэн ч хайрын нандиныг огторгуйн гүнээс харчихаад
Үнэр анхилам цэцгэнд хүсэлээ шивнэн бадамлуулчихаад
Үргэсэн согоо шиг бүсгүй олж харахыг нь хүлээх
Сар болохсон, сар л болохсон

Сар болохсоон…
Дээлийн товч хөндүүрлэн цагын зүү зүтгэхэд
Дэндүү аз жаргалтайгаар орчлонг бүхэлд гэрэлтүүлчихээд
Хадамд гараагүй бүсгүйн жаргалт зүүдээр аялан
Хацарт нь ичингүйрэл тодруулах
Сар болохсон, сар л болохсон.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x