skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-13

Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

Чулуунбаатарын Ууганбаяр

Цасны балет

Цас хаялсан гудамжаар
Цасны тухай, бас чиний тухай бодож хэсэг алхлаа
Яг миний дээрээс орж байгаа цас
Яг чиний дэргэд орж байгаадаа …
Тэр цасыг чи над шиг анзаарахгүй
Ширхэг бүрийг нь мэдэрч
Гялалзах ид шидийг нь олж харахгүй
Зүгээр л дэргэдүүр нь өнгөрч байгаадаа
Яагаад гэвэл чи надад огт хайргүй
Тэгээд л өвлийн дулааныг мэдрэхгүй даарч байгаа
Харин би чамд дэндүү дурлаад
Ширхэг бүртэй нь хамт уруул дээр чинь бударч байгаа
Цас хаялсан гудамжаар
Өөрийнхөө тухай, бас чиний тухай бодож
Дэргэдүүр чинь инээмсэглэн өнгөрлөө…
2011 оны 1 дугаар сар 13

ШУТИС-ийн оюутан М.Гансэлэм

Хээр хоносон сар

Хэсэгхэн зүйрмэглэсэн чинь дуг хийчихэж
Хэдэн шөнө нойргүй явсан юм шиг
Хээр талд ташуураа дэрлэн
Хором хормоор орчлонгоос тасарсан байна
Хээнцэр ганган шаазан шиг
Хэдэн хүүхнүүд толгойд орно
Огт танихгүй хүүхэн хүртэл
Од харвах хугацаанд амилсан байх юм
Өвсний толгой бөхийх шиг
Өөрийн минь бие бөхийчихэж
Нутаг усандаа алдартай
Хонгор үрээ хүртэл
Нүдний минь өмнө жирс хийн алга болно
Хорь ч хүрээгүй охин
Дээлийн минь энгэрийг налсан байх юм
Дөчин мянган адуу
Дүнсийсэн бодол дундуур
Тоос татуулан давхисан байх юм
Данхан дахь цай хүртэл ширгээд
Томоо гэгчийн цоорчихож
Хатан бүүвэй орчлонд
Ханхар цээж минь дамналдаа юм болов уу
Дунд хашааны Бадмаа эмээ
Долоовор хуруугаараа над руу заах юм
Харь нутагт явчихаагүй л юм сан
Миний бодол
Хүний хүнд өгөөгүй юмсан
Мөнгөн хазаараа
Мөнгөн хундагатай сархадыг
Мөр алгасалгүй хөнтөрсөн ч
Сувдан даруулгатай бүсгүйчүүдийг
Саалийн үнээ болгочихоогүй юмсан
Мориндоо мордох гэтэл
Дөрөө минь алга
Молор эрдэнээр шигтгэсэн
Ташуур минь алга
Ураа гаргаж оёсон эхнэрийн
Захны товч эргэчихэж
Ухаарч яваарай гэсэн аавын
Зүрхний захиас нь эргэчихэж
Ундаалж яваарай гэсэн ээжийн
Зүймэл мөнгөн аяга эргэчихэж
Тал нутагт минь нойрссон
Сар гэгч амьтан
Үүрийн таван жингээр
Саваа дүүргээд
Тэнгэртээ нисчихэж дээ

МУИС –НШУС Философи – 1
оюутан Ц.Түвшин

… Алт баялаг биш …

Хөрсөнд үндэс
Үндэснээс цэцэг
Хөөрхий тэр цэцэгт
Үйлийн үр гэж юу байхав
Уснаас ундаасаж
Нарнаас томоожсон юмсан
Уулыг чимэж
Намайг атаархуулсан юмсан
Яасан гэж уландаа гишгээв?
Яасан гэж эргэж үл сэргээв?
Нөгөө л нэг шаргал чулуун төлөө юу?
Нөгөө л нэг эдийн засаг санхүүгийн төлөө юу?
Ирээдүйд цэцэг хэрэгтэй юу?
Ирээдүйд мөнгө хэрэгтэй юу?
Ирээдүйд ус хэрэгтэй юу?
Ирээдүйд барилга хэрэгтэй юу?
Нүүдэлчин ардын соёл цэцэг мэт дэлбээлж
Нүүр нүдийг гэрэлтүүлэн бахдуулж байсан ч
Үйлийн үргүй эцэг дээдсийн минь
Үйлдээгүй нүглийн төлөөс хэмээж
Хөрстийг минь ухаж суугаа юу?
Хөлдүү толгойтонууд гэж ард түмнээ голоо юу?
Бид яах вэ?
Битүүхэндээ ингээд дуусна
Харин тэд яах вэ?
Халтар цааснаас өөр агааргүйтэж мөхнө
Би гийн ард Бид байдаг
Таны ард Тэд байдаг
Бид Тэд нийлээд
Тааварлашгүй их Бид болдог
Бод ! …
Хэн байсанаа бод!!!
Бод ! …
Хэний төлөө оршиж байгаагаа бод!
Сонс ! …
Хэвлийдээ боожихдоо орилож байгааг нь сонс!
Сонс ! …
Хэн хүний төлөө биш ирээдүйнхээ төлөө сонс!

МУБИС-МоСС УЗАС-3 Д. Мөнхзул

Сарны доор

Сарны доор
Залуухан хос үнсэлцсэн…
Сарны доор
Замын голоор туулай хөндөлцсөн…
Сарны доор
Анхны болзоо амьдрал болсон…
Сарны доор
Амрагийн дуу ижийн бүүвэй болсон
Сарны дээр харин
Би сарны охин болсон,..

Учралын мөнгөн шөнө
Улаахан инээмсэглэлтэй уруулаас чинь
Хайрын дарс амсчихаад
Учралын мөнгөн шөнөөр тэнгэрийн жаргал эдлэхэд
Унаган багын минь занд бүсгүйн ааль шингэж
Уудам хорвоогийн хэвлий намайг өрөвдөж уйлсан
Сар нялхарч хоносон буурал талын элгән дээр
Салж боломгүй харцны чинь бурхан заяанд ээрэгдэхэд
Сайхан явсан ижийн минь санчиганд нь буурал сууж
Саруул орчлонгийн гэгээтэй сүү өргән золгосон
Аниргүй шөнийн одод мөнгөн заадас дэрлэн
Амрагийн дуу аялан тэртээ дээр анивчихад
Алганд минь тэмтрэгдсэн өвсний толгой зүрх гижигдэж
Амьдралд би гэгээн ертөнцөт бүсгүй болсон

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x