skip to Main Content

ЭХНЭР

Ekhner

Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээн алдалж байгаад ороов.
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв.
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов.

Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай

Өндөрдүүхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлий!
Өчигдөрхөн энэ хүн, ямаршуухан байлаа.
Өрх гэрийн ёроол дахь нэргүй нэгэн зарцаас
Өнөөх харцуултай чацуухан иргэн болоод гарав.

Зочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулж
Зоог өрсөн ширээнээ суу, суу! гэж уриулж,
Ихэнх өдрийг дуусан эр хүнээс дутсангүй
Инээж наргив гэнэ. Хундага өргөв гэнэ.

Эль хульхан байдаг, өрх гэрийн амьдрал,
Эр нөхрийн хаанчлалт, нэгэн хэмийн тэврэлт,
Эрх нь дэндсэн хүүхдүүдтэйгээ хашхичиж байдаг хэрүүл,
Энгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэг,

Өглөө нь асч өгдөггүй, утаа тавьсан зуух,
Өргөөд даагдаж өгдөггүй усны том хувин
Өчнөөн шүүрдээд хэвээр хог шороотой шал
Өдөржин дуусдаггүй ажил, өнөөх хөө тортог

Ард нь холоо хоцорч, нуруу нь тэнийх шиг болов.
Ахиад тийшээ очихгүй эрх олсон шиг санав.
Амьдрал хэмээх уулын хярд нь түр гарч
Амьдын жаргал гэгчийн хэлтэрхийг түр амсав.

Наран тонгойх үед айлын бүсгүй харив.
Нарийн ширийн гоёлоо авдранд эвхэж хийв.
Хүрэн торгоны оронд халтар тэрлэг хэдэрч
Хүйтэн хар зуухны аман дээр нь бөртөгнөв.

Даарч зутарсан багачуул нь уйлан шуугин бүслэв
Далан задгай ажил гэрт гадаагүй угтав
Даян дээрхийн өндрөөс далайн ёроолд унав
Дараах цагаан сар хүртэл 364 хоног!

1975–II–12

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x