“ӨД” САНГИЙН ТЭРГҮҮН Д.ГАНБОЛД:
“Сүмтэй бударын чулуу” зохиолын гар бичмэл эхийн 20 хувь нь хулгайд алдагдсан
Төрийн шагналт Р.Чойном яруу найрагч, зураач, зохиолч, ая зохиогч, орчуулагч, сийлбэрч, барималч гээд тал бүрийн сод их авьяас цогцолсон нэгэн. Түүний өвийг судлах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой дараах яриаг дэлгэлээ. Дараа нь уншигч танаа Р.Чойном агсны төрсөн охидын ярилцлагыг хүргэнэ.
ЗОХИОЛД ЗААВАЛ СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСАН
-”Сүмтэй бударын чулуу”-г танай “Өд” сан дахин хэвлэсэн. Гар бичмэлээс нь авсан гэж байсан. Өмнөх хэвлэлээсээ ямар ялгаатай вэ?
-”Өд” сангаас эрхлэн гаргаж буй бүх ном Р.Чойномын өөрийнх нь гар бичмэл эхээс аван нийтэлж байгаагаараа онцлогтой. Хамгийн анх гаргасан зохиолуудыг гар бичмэлтэй нь тулгахад өөрчлөгдсөн зүйл их байдаг. Тиймээс жинхэнэ гар бичмэлийн эхээс хүмүүст хүргэх зорилгоор “Сүмтэй бударын чулуу”-г дахин хэвлэсэн юм. Анхны хэвлэл нь 1990 онд гарсан. Тодорхой хэмжээгээр гар бичмэлээс нь авсан ч тухайн үед Хянан шалгах хорооныхон хэл, уран зохиолыг хянаж байсан. Цаг үе шууд ардчилал руугаа хандчихаагүй байсан учраас улс төрийн өгүүлэмжтэй, хайр сэтгэл, хүний нэртэй холбоотой зохиолууд хасагдсан нь судалгаагаар ил болсон. Тэдгээр хасагдаж үлдсэн зохиолыг нэмж орууллаа. Гар бичмэлийг бүрэн эхээр нь 100 хувь гэж тооцвол 80 хувь нь олдсон. Үлдсэн 20 хувь нь огт олдоогүй. 1990 онд тэр номыг бүтээхэд гар бичмэлийг нь ашигласан байж таарна. Тэдгээр гар бичмэл 1990 оноос хойш Зохиолчдын хорооноос алга болсон. Түүнийг бид Шүүх, Цагдаагийн хэмжээнд хүртэл эрэн сурвалжилж байгаа. Хэнд, хаана байж болохыг ерөнхийд нь тодорхойлчихсон. Гар бичмэлийг бидэнд авчирч өгвөл асуудлыг хүндрүүлэлгүй хүлээн авахад бэлэн байгаа. Үүнээс гадна эхийг нь бэлтгэчихсэн ном нэлээн хэд бий.
-Танай сан их олон ном эрхлэн гаргасан. Гэхдээ Р.Чойномын гар бичмэл гэдгийг нь яаж нотолдог юм бэ.
-Одоо гар бичмэл нь мөн үү, биш үү гэдгийг нь хараад л мэддэг болсон. Өөрийнх нь бичгээр таньчихна. Маш их шүлэг зохиол бичиж үлдээжээ. Нэг өдөрт 15 шүлэг, зарим өдөр тав, эсвэл хоёр гээд маш их бичиж байсан хүн.
-Яруу найрагч хүн онгодоо орсон үед эрчимтэй бичдэг байсан болов уу. Заримдаа огт шүлэг бичээгүй өнжсөн өдөр ч бий байх?
-Зарим өдөр огт шүлэг бичилгүй өнжсөн нь бий. Гэхдээ тэр хүний хувьд онгод гэдэг их өөр л дөө. Үзэг, харандаа, цаас гар доор нь байх л юм бол бичих сэдэв нь бэлэн хүн байжээ. Тухайлбал, Р.Чойном Анагаахын дээд сургуулийн хоёрдугаар давхарт зогсч байж. Гэтэл доод давхраар нэгэн бүсгүй явж өнгөрсөн байна. Түүнд зориулж “Бүрэнжаргал” хэмээх бүхэл бүтэн найраглал бичсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр харсан, сонссон бүхнээ сэтгэлд буутал сайхан дүрслэлтэй бичиж чаддаг байсан юм.
-Та гар бичмэлийг нь цуглуулах явцдаа Р.Чойном агсны тэмдэглэлийн дэвтрийн цуглуулгатай болсон байх?
-Тэгэлгүй яахав. Том том зохиолуудыг тэмдэглэлийн дэвтэр дээрээ төлөвлөгөө гарган бичдэг байсан юм билээ. “Зохиол бичнэ гэдэг зүгээр нэг тоглоом биш. Заавал тэмдэглэгээтэй, тодорхой хэмжээний судалгаатай байх ёстой” гэж хэлсэн үг нь ч бий. Өөрөө ч ингэж ажиллаж байсан. “Их буу” Дамдин гэдэг хүнтэй хамтран алмасын тухай кино бичсэн. Том зохиол ч гаргасан. Тэр явцын бүх судалгааны материал бүгдээрээ байгаа. Дайны сэдэвтэй зохиолын судалгааны ажлууд ч бий. Бидэнд “Хар цэцэг” хэмээх томоохон зохиол, өөрийнх нь хайртай зохиол “Гөлөг”, цөллөгт байхдаа бичсэн “Батноровын туужууд” зэргийн төлөвлөгөө олдсон.
-Өдрийн тэмдэглэл нь хэр үлдсэн юм бол?
-Бий, бий. Дэвтэр болгон нь түүхтэй. Тухайн үеийнхээ цаг төрийн байдлыг харуулсан, амьдарч байсан орчноо бичсэн өдрийн тэмдэглэлүүд бий. Шүлэг зохиолоо бичээд доор нь зураг зурсан нь зөндөө. Тэмдэглэлийн дэвтэр дээрх бараг бүх шүлэг нь зураг хөрөгтэй. Зарим нь ноттой. Ая зохиож дуу болгосон нь ч бий. Одоохондоо бид бүгдийг олон нийтэд дэлгэж амжаагүй л байна. Бид гаргаж байгаа зохиолуудаа судалж, бүрэн гүйцэд зүйлийг хүмүүст хүргэхийг хичээдэг учраас зарим нэг зохиолын судалгаа дуусаагүй байна л даа.
-Ая зохиож байсан гэсэн. Олонд түгсэн хэд хэдэн дуутай ч гэдэг?
-“Тариан талбай дуулж байна”, “Зуслангийн уянга”, “Мөрөөдлийн дуу”, “Хүлээгээрэй” зэрэг дууны үгийг бичиж, Ш.Сүрэнжав гуайн “Хорлоо” шүлэгт ая зохиосон. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Хорлоо”-г дуулсан. Олонд түгсэн дуунуудаас эдгээрийг нэрлэж болно. Олны сонорт хүргээгүй нь бас зөндөө.
-Найрагчийн зурсан зургуудаар ном гаргаж болдоггүй юм уу?
-Одоохондоо боломжгүй. Дөнгөж ажил эхэлж байна шүү дээ. Бид бүх зохиол, зургийг судалж, тодорхой төлөвлөгөөгөөр хэвлэж байгаа учраас зургаар нь ном хэвлэх цаг хараахан болоогүй байна. Энд тэнд байгаа цуглараагүй зураг ч олон байгаа. Авраам Линкольн, А.М.Горький зэрэг алдартнуудын хөргийг зурсан байдаг. Тухайн хөргийг хараад л шууд танигдахуйц хэмжээнд зурсан байгаа юм. 1960-1970-аад оны томоохон зүтгэлтний хөргийг бүгдийг нь зурсан байна лээ. Найз нөхдийгөө хүртэл зурж үлдээсэн. Зураг бүхэн нь түүхтэй.
-Өнгөрсөн онд Расул Гамзатовын “Кавказ аялгуу” хэмээх орчуулгын түүвэр нь гарсан. Энд зөвхөн хайр сэтгэлийн тухай орчуулсан шүлгүүдийг оруулсан байна лээ. Ямар ямар хэлнээс орчуулдаг байсан юм бол?
-Энэ ном гарснаар энд тэнд хүмүүсийн “Р.Чойном орчуулагч байсан” гэж ярьдаг байсныг нотолсон. Шүлгүүдийнхээ дор зураг зураад, бүр хавтасны чимэглэлийг хүртэл хийгээд тавьчихсан байсныг яг тэр хэвээр нь хэвлэсэн. Цаана нь зөндөө зохиолууд үлдсэн л дээ. А.С.Пушкин, Р.Гамзатовын олон зохиолыг орчуулсан байгаа. Тэмдэглэлийн дэвтэрт нь солонгосоор бичсэн мөрүүд байдаг. Японоор бичсэн нь ч бий. Тэр ямар учиртайг нь одоохондоо хэлж мэдэхгүй. Герман хэлний дэвтрүүд бий. Өөрийнхөө гараар бичиж, 20 цуврал хичээл заасан “Эсперанто хэлний сурах бичиг” байгаа. Англи, франц хэлний бичлэгүүд бий. Ийм олон хэл дээр бичиж үлдээсэн зүйлүүд байгаа юм. Бид судлах л хэрэгтэй. Орос хэлийг маш сайн сурсан байна. Казах, буриад хэл аялгуугаар бичсэн зүйлүүд ч байгаа.
-Хэлний авьяастай хүн байж дээ?
-Сургуулиасаа гарсан хойноо 14 хоногийн дотор орос хэлийг сурсан гэдгийг найз нөхөд нь нотолдог. Орос хэлний багшийнхаа толь бичгийг авч яваад гурав, дөрөв хоног алга болчихсон гэдэг. Хэд хоногийн дараа нөгөө номыг нь авчирч өгчээ. Тэгэхдээ толь бичиг дээрх бараг бүх үгийг цээжилчихсэн ирсэн гэдэг. Одоо ингээд дэвтрүүдийг нь үзэхэд зарим нэг дүрмийн алдаа гаргасан нь бий. Бие дааж хэл сурсан хүнд ийм алдаа байлгүй яах вэ. Бие дааж сурсан гэхэд үгийн сонголтыг маш сайн, чадварлаг ашигласан нь орчуулгын бүтээлүүдээс харагддаг.
-Та тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэлүүд дээр нь ажиллаж байгаа хүн учраас Р.Чойном агсны хүнд хэцүү, гуниг зовлонтой үеийг хамгийн сайн мэднэ байх?
-Шүлэг бичсэнийхээ төлөө шоронд орсон үе, шоронгоос гарч ирэхэд нь хаашаа ч явахыг хориглосон нь хамгийн бараан жилүүд байсан. Бүхэл бүтэн дөрвөн жил хоригдож, цөллөгт гурван оныг үднэ гэдэг маш хэцүү. Шоронгоос гарсны дараа хаашаа ч явах эрхгүй, эсвэл нэг хүн байнга дагаж явдаг байсан. Энэ үедээ;
….Өнөөдөр чи дүрвэдээрээ л эс дийлбэл
Өөр намайг юугаар ч дийлэхгүй… гэсэн шүлэг бичсэн.
Хоёрдугаарт, ид бичиж, хийж бүтээх үед нь зохиол бүтээлийг хэвлэхгүй байна гэдэг бол уран бүтээлч хүнд маш хүнд цаг үе. Долоон удаа Зохиолчдын хороонд элсэх өргөдлөө гаргахад нь хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүний ард түмэндээ бүтээлээ хэвлэж таниулах хүсэл сэтгэл, бүх боломж нөхцлийг нь боож хааж байсан.
-“Өд” сангаас эрхлэн гаргах дараагийн цуврал нь ямар бүтээл байх бол?
-Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс 75 жилийн ойг нь тохиолдуулаад 2002 онд хэвлэсэн “Нутгийн хүү Р.Чойном” номыг шинэчлэн найрагчийн тухай дурсамжуудыг нэгтгэн хоёр дэвтэр гаргахаар ажиллаж байна. Найз нөхөд, эрдэмтэн мэргэд, мэддэг таньдаг хүмүүсийн дурсамжаас бүтэх ном л доо. Мөн “Оюухай” яруу найргийн наадмыг ирэх аравдугаар сард зохион байгуулна. Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадмыг анх 1993 онд Хэнтий аймгийн Засаг дарга Балдандорж гуай санаачлан зохион байгуулж байлаа. Энэ жилийн наадамд нэг найрагчаас нийт таван бүтээл авч байгаагаараа онцлогтой. Дөрөв нь чөлөөт сэдвээр бичсэн, нэг нь Р.Чойномд зориулсан шүлэг байх юм. Шүүгчид энэ таван бүтээлтэй танилцаж, эцсийн шатанд 20 хүнийг үлдээнэ. Ирэх есдүгээр сарын 15 хүртэл шүлгээ хүлээж авна.
-Найз нөхөд гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Цаг төр чөлөөтэй болонгуут өөрсдөө л “Би Р.Чойномын найз байсан” гээд ярьж эхэлсэн. Гэтэл хүнд хэцүү цаг үед нөхөрлөж байсан дотны анд нь ямар хүмүүс вэ гэдгийг хэн одоо ялгаж салгаж өгөх вэ дээ?
-1958-1961 оны хооронд бичиж, хэрэглэж байсан дэвтэр дээрээ “Миний найз нар” гээд зургийг нь зураад, тодорхойлолтыг нь бичсэн байдаг юм. Бусад найз нөхдийнх нь тухай бид судалгаа хийсэн учраас тодорхой хэмжээгээр мэдэж байгаа.
-Сүүлийн үед Р.Чойном судлал хэр хөгжиж байна вэ?
-Р.Чойном судлалаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан нэг хүн нь Өвөр Монголын эрдэмтэн Л.Хасбаатар. Энэ хэмжээгээр Өвөр Монголд сонирхдог хүн олон. Түүнээс хойш дагнасан судлаачид хараахан гараагүй байна. Гэхдээ Орос, Япон, Солонгос, Тайвань, Бельги, Голланд, Америкт тодорхой хэмжээгээр сонирхож судалдаг хүмүүс монголч эрдэмтдийн дунд бий. Монголд оюутнууд мэр сэр Р.Чойном судлалаар бакалавр, магистрын зэрэг хамгаалдаг.
ЗАХИДАЛ ХАРИЛЦАА ҮНЭТЭЙ ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ
-Яруу найрагчийг олон бүсгүйтэй холбох нь бий?
-Олон бүсгүйтэй холбож ярьдаг ч албан ёсоор хоёр эхнэртэй. Тухайн үед нийгэм нь тэгж хүлээж авсан болохоос биш эр хүний амьдралд тохиолддог л зүйл шүү дээ. Түүнээс биш шүлэг бичсэн хүн болгонтойгоо уулзаж учраагүй юм.
-Захидал харилцааных нь талаар сонирхохгүй байж чадахгүй нь?
-Зөндөө бий. “Р.Чойномын нууц захидал” номд нийт 37 захидлын түүвэр орсон. Мөн хайрын болоод найз нөхдийнх нь захидал хэвлэгдээгүй. Үүгээр хоёр дэвтэр гаргах юм. Зөндөө захидал байгаа учраас алийг нь онцлохоо би сайн мэдэхгүй байна. Санаанд орж байгаагаас 1971, 1972 оны үед бичсэн захиандаа “Залуу хүмүүс, ялангуяа уран бүтээлч хүн англи хэлийг заавал сурах ёстой шүү” гэж шавь Чулуунбазартаа бичсэн байдаг. Одоогоос 30, 40-өөд жилийн өмнө тэр хүн англи хэл ямар чухал вэ гэдгийг олж харж, дэлхийн хэл гэсэн санаагаар бичсэн байгаа юм. Мөн тухайн үеийн захианууддаа “Тэр хүний ийм зохиолыг заавал уншаарай” гэж шавь нартаа захиж бичдэг байжээ. Үндсэндээ сурган хүмүүжүүлэх ажлыг хийдэг байсан байгаа юм.
Бас нэгэн захидалдаа “Хаврын цагт шоронд өлөн үе эхэлдэг. Гол нь миний хувьд витамин дутагдах шинжтэй байна. Хэрэв ирвэл нэлээд хэмжээний тамхи, шүдэнз авчраарай. Учир нь хэн нэгэн хүнд эргэлт ирэхэд хоригдлууд бүгдээрээ их горьддог юм. Чихэр, тамхи хоёрт л сүйрчихдэг улс даа. Харин би бол маханд. Бүх хоригдол надад их сайн тул зовлонтой” гэж бичсэн байна. Нэг ёсондоо эргэлтээр юм ирэхэд бүх хоригдолд хүргэнэ гэдэг нь хэцүү байжээ.
-Тухайлбал, ямар зохиолыг уншихыг зөвлөсөн байдаг юм бол?
-1970 онд бичсэн нэгэн захидалдаа “Францын зохиолч Эмиль Золягийн “Мөнгө” романыг уншлаа. Ёстой цус нь оргилсон роман байна. Үүнийг заавал уншаарай” гэсэн байдаг. Мөн өөрийнх бичсэн хайртай тууж “Гөлөг”-ийнхөө тухай 10 бүлгийг бүгдийг нь бичиж, дотор нь задлаад, амьтны зулзагаар дамжуулж хүний дотоод сэтгэхүй, үйл хөдлөл, хүмүүстэй харилцаж буй байдал зэргийг илэрхийлсэн. Үүнийхээ тухай захидалдаа бас бичсэн байдаг. “Ийм зохиол бичлээ, энэ нь ийм учиртай” гээд сургамжтай захидал их бичдэг байсан. Энэ дашрамд хэлэхэд, залуус одоо захидал бичихийг мартжээ. Мессенжерээр хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэн үлдээж чадахгүй шүү дээ. Захидал харилцаа гэдэг үнэтэй дурсамж үлдээдэг.
Г.Ганчимэг
“Зууны мэдээ” сонин 2011-07-26