skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ХОС НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Nomin neeltМонгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номын хоёр дахь хэвлэлт болох хос номын нээлт 2011 оны 3-р сарын 17-ны 11.40-д Интерном номын их дэлгүүрт боллоо.

Номын хуримыг Р.Чойномын Өвийг хамгаалах ӨД Сангийн тэргүүн Д.Ганболд нээхдээ:

“Энэ жил яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой тохиож, ойг бүтэн жилийн турш тэмдэглэх бөгөөд олон үйл ажиллагаа төлөвлөсний нэг нь “Сүмтэй бударын чулуу” номыг дахин хэвлэх явдал байсан юм. 1990 онд анх хэвлэгдэж хамгийн хурдан борлогдож, тухайн үедээ бестселлэр ном болж байсан бол одоо олдох нь битгий хэл, зарим нь өөртөө байгаагаа алдчих вий гэж ил гаргахгүй, нуух болсон энэ үед дахин хэвлэж, уншигч түмэнд хүргэж байна. Мөн өнөөгийн энэ бусармаг үед билиг танхай найрагчийн бурууд шүүмжлэлтэй хандсан хурц, гал цогтой үг хэллэгтэй шүлгүүдийг дахин унших боломжийг олгож байгаа юм” гэж онцлон хэлсэн юм.

ӨД сангаас зохион байгуулагдаж буй бүхий л арга хэмжээг нээхдээ нэгэн тогтсон уламжлал байдаг юм. Ингээд уламжлал ёсоор сийлбэрч Р.Чойномын урласан морин хуураар номын өргөөний жаврыг үргээж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч н.Бямбацогт хуурын татлага ая тоглов. УДБЭЧуулгын гоцлол дуучин н.Түмэнжаргал “Уяхан замбуутивийн наран” дуугаар ая дууны эгшиг өргөлөө.

Номын нээлтэд, “Сүмтэй бударын чулуу” номыг анхны болон хоёр дахь хэвлэлд бэлтгэсэн Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням болон Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан гуай нар сэтгэгдлээ ярьж, ӨД сангийн цаашдын ажилд амжилт хүслээ. Анхны хэвлэлд бэлтгэсэн зохиолч Ж,Бямбаагийн хань М.Сэндэн гуай, Төрийн шагналт, СГЗ, Ардын уран зохиолч Д.Цоодол гуай нар ирж чадахгүй болсноо утас цохин мэдэгдэж, “Сүмтэй бударын чулуу” ном дахин хэвлэгдсэнд баяр хүргэсэн байв.

Мөн МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав, УГЗ, кино найруулагч Х.Дамдин, МЗЭ-ийн шагналт, зохиолч А.Шартолгой, орчуулагч Ж.Нэргүй, шүүмжлэгч Д.Хүү, Говьсүмбэр аймгаас Р.Батжаргал, Сулинхээрээс С.Чулуун, Дорноговь аймгаас А.Норовдорж, зэрэг хот хөдөөгийн олон зохиолчид, Р.Чойномын анд С.Лувсанзундуй, Л.Дэмбэрэл, Ш.Галсандорж, зохиолчийн дүү Р.Гансүх, И.Оюунчимэг, Ц.Гантөмөр, хос номыг хэвлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн оюуны хөрөнгө оруулагчид, залуу яруу найрагчид, сэтгүүлчид гээд төрөл бүрийн мэргэжлийн олон хүмүүс оролцлоо.

ӨД сангийн тэргүүн Д.Ганболд “Сүмтэй бударын чулуу” номын эмхэтгэгчид, найрагчийн төрөл төрөгсөд, анд найз нар болон энэхүү хос номыг хэвлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Ц.Бат-Энх, Д.Уртнасан, Б.Занабазар, Ч.Энх-Амгалан, Г.Бямбасүрэн нарт номын дээжээс өргөн барилаа.

Номын нээлтийг Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2006” яруу найргийн наадмын алтан цомын эзэн, яруу найрагч Норовын Гантулга хөтлөн явуулсан юм.

Гэрэл зургийг С.Энхжаргал
0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x