skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-8

Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

УБИС-ийн Хэл утга зохиолын 4-р ангийн оюутан

Шаргачин овогт Б.Мөнхбат

Хий хоосонг онохуй мэт оюун сэрэхүйгээ огоот дуулах минь

I
Тэнгэрт нүүрээн тольдоход
Тэнд миний өтөл нас суух шиг
Төд удалгүй “Жажны үс садархуйяа”1
Тэргүүнээ гудайлгаж толинд дүрсээ үзэхэд
Тэнд танихгүй дааман хаалга дархийх шиг
Тасам харанхуй …

II
Тэнгэрийн хүрээлэнд мөөг шигээр үүлс цогцлоход
Тэнд миний хүүхэд нас гүйж явах шиг…
Төдөлгүй “Тэргүүний минь үс тэнгэрийн орноо
билэг болон одоход”2
Тархиа бариад …

Тархинд дотуурх үрчлээт уулсынхаа дундуур тэнээд
Тархиан алдтал …
Тэнд танхилхан нас минь гүйж явна
Тэнгэр яасан их гэрэлтэй вэ?
Тэнгэрт эцсийн шат гэрэлтэхэд
Тэнд би гишгэж үзэхийг хүсэмжилнэ.

1 В.Инжинаш “Дорно салхинаа өөрийн дураар хийстүгэй”
2 Д.Нямсүрэн “Би цас болно”

Хүмүүнлэгийн ухааны их сургууль сэтгүүл зүй

4-р курсын оюутан Б. Лхагва-Очир

Цаг хугацааг барихсан

Гартаа харандаа бариад дурлал зуртал бороо ороод
Гартаа навч барьтал тэр доороо шарлаж үхээд
Гартаа цас атгахад чанараа өөрчилж шингэн болоод
Гартаа цэцэг барьтал шуурга дэлбээг нь тасдаж алга болоод

Гартаа инээд барих гэтэл од харваж хүн үхээд
Гартаа амьдрал барьтал бүтэлгүй хайр, будмал үнэн тодроод
Гартаа цаг хугацааг барих гэтэл тэр таксинд сууж зугтаад
Гартаа барьсан бүхэн цаг хугацаанд дарлуулж байгааг мэдрээд

Гартаа цаг хугацааг олж зүүхээр зоримог шийдээд
Зүрхээ хэсэгчилж бугуйндаа зүүгээд
Зүсээ хуулж гараа арчихад
Аз жаргал тал талаас татаж намайг таслаад

Эс бүхэн минь задарч зүг зүг хийсээд
Цаг хугацаа зугтах гарц болгоны эхлэл дээр
Цагийн өмнө оччихоод хүлээгээд зогсож байхад
Цаг хугацаа аль хэдийн нисдэг тэрэгт суучихаж…

2008.03.02

“Их монгол” дээд сургууль сэтгүүл зүйн

2-р анги Р.Улам-Оргих

Эрх чөлөө

Эрх чөлөө бол реп шүтэгч өвгөн
эминемтэй уулзаж байна гэж зүүдлэж сэрээд
эмгэнийхээ чанасан хийцтэй цайг
амтархан зооглохдоо үндэсхий газар зүйгээс
үзэж, сонссон шинэ мэдлэгээ хажуудаа
суугаа ач зээдээ хуваалцахдаа хачир нэмэн
амандаа бувтнах тэнэг хүүрнэлүүд юм.

Эрх чөлөө бол хөнжилийн цэнгэл эдлэж
байвал юугаа ч өгөхөөс буцахгүй
хүйсийн донтой эрчүүд Ард, Хөдөө аж
ахуй, Улаанбаатарын үүдээр эргэлдэж
биеэ үнэлдэг арван долоотой бяцхан
янхнуудыг худалдан авч өврөө дулаацуулаад
амаар нь тавиулж байхдаа дуу алдан орилж
хөвчирсөн эрхтнийхээ шингэнийг
буудалын цагаан даавуу, булбарай
бүсгүйн урин инээмсэглэл дээр сад
тавин асгаруулах тэр торгон агшнууд юм.

Эрх чөлөө бол даарсан хананууд царайгаа
үрчилзүүлэн дэмий л доороо дэвхцэнгээ
хоёрын хооронд хов жив ярьж цаг нөхцөөхөд
тэдний энэ тэнэг үйлдэлээс нэг мөсөн залхаж
ядарсан замын гэрэлтүүлэгнүүд нүдээ анин
бясалгал үйлдэхэд саад хийх түрэгний тэрэг
галын машины дуут дохиог сэтгэл мэдэрлийн
өвчтэй хон хэрээнүүд тоть шиг давтан
үглэлдэх хоромд таван давхрын тагтан дээрээс
нислэг үйлдэхээр зэхэж буй амьдарлаас уйдагч
нэгний айдас гэрэлтсэн харцны үелзлүүд юм.

Эрх чөлөө бол зүрх сэтгэлийн явдалд бус
хэтэвч, зоосны явдалд жинхнээсээ хайртай
завхай хүүхний аальгүй инээдний цаана
нуугдсан дотоод зөрчилдөөнөөр дүүрэн
амьдралын хэмнэлүүд юм.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x