skip to Main Content

ХАМРЫН ХИЙДЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

news_20120703Манай тамгын газрынхан 2 машинтай нэлээд олуулаа оройн наран жаргаж ахуй цагийн бараан сүүдэр тоссон үеэр Догшин хутагтын нутаг дагшин газрын авшигтай “шамбалын орон”-ыг зорьж ариуслын замд мордсон юм.

Шаргал элс ханарсан талын дундуур давхисаар Сайншандын гэрэл цацарсан барааг харлаа. Шандад нэг их удалгүй тамгын газрын дарга таньдаг хүнээрээ угтуулж ариуслын орон Хамрын хийдийн замд үдүүллээ.

Ингээд шөнийн 01 цаг өнгөрч байхад говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийж авшиг оршоосон Шамбалын орны салхиар амьсгалж дагшин шорооноо өлмий газардвай. Урьдчилан зэхүүлсэн гэр буудалд тухалж, өглөө босоцгоож хийдээр орж мөргөл үйлдэн хуралд даган баясаж ариусан нийгүүлсэх үйлээ эхэллээ. Энэхүү дагшин газар орноо Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос сүсэгтэн олон хуран чуулжээ. Бидний ирэх энэ үес хагас бүтэн сайны амралтын өдөр таарснаас гадна Япон жанжны тарьж өгсөн сакура цэцгийн дэлгэрч ахуй цаг дор тохиосон учир ертөнцийн 10 зүгээс түмэн зүст унаа хөлөглөн мянга мянган хүслийг тээж ирсэн ард олон Шамбалын орноо хуран чуулсан нь энэ бөлгөө.

Хэнтий чигийнхэн тэр аяараа шахуу ирсэн юм шиг алхам бүрдээ нутгийнхантайгаа таарч байлаа. Аймгийн тамгын газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудтай тааралдлаа. Манай сумынхны хайртай ах Ганчулуун ах өнөөх л хүний төлөө сэтгэлээрээ тэнд хэдэн ахмадаа дагуулаад алхаж явна. Харин Баавай найрагчийн барааг хараад л мэнд мэдэлцэж амжилгүй төөрөлдлөө. Маань номын дүүрэн хишигтэй ариун сүмийн үүдээр алхан орж чин хүсэл түмэн олныхоо сайн сайхны төлөө залбиран санаж хуралд даган баясж лам хуврагуудаас адис хүртэн зүрх ихэд баясан цэнгэлээ.

Эндээс ижий бүхний сүүн сэтгэлийн харгуй мэт зурайсан замаар давхиулж мөөм хайрхнаа очлоо. Энд зөвхөн эмэгтэй хүн сүслэн цагаан сүүний дээж цацлаа өргөж дээд хөх тэнгэр дэлхий ногоон газар шороо, уул ус лус савдагтаа мөргөн үр хойчоо даатган залбирдаг ажээ. Бид бүгд ёсыг гүйцэлдүүлэн сүслэн залбирлаа. Эндээс холгүй энергийн төв цэг болох Шамбалын орноо ирэв ээ. Энд л нүгэл бүхнээ наманчилж ариусан төгөлдөржинө хэмээн мянга мянган хүмүүс итгээ биз. Тэгж чадваас үнэхээр ариусан гийж бодол оюун цэлмэн гийх авай. Ийм л яруу бодол тээн сүслэж явлаа.

Үйзэн говийн алтан элснээс адислаж Үлэмжийн чанарын тарнийн аялгуунд сүсэглэж, алив сайхан бүхний шидийг олов хэмээн сэтгэл зүрхээн баясгаж, энергийн их хүчийг хураав хэмээн зөн билэгтээ анирдаж догшин хутагтын аравнайлсан “Үлэмжийн чанар” дууг хурсан олон өөр өөрийнхөөрөө аялгуулан дуулж эрч хүчийг өөр дээрээ төвлөрүүлж байлаа. Ингээд маргааш өглөө нь “үүрийн 5 жингээр үдшийн 3 шогшоогоор” гэдэг шиг 3 цагт яаран босч хүслийг биелүүлэгч “Баянзүрх” хайрхныг зорин хөдлөв. Нар гарахаас өмнө амжиж хүслийн уулнаа хүрлээ. Энэхүү уулын хаан оргилд зөвхөн эрчүүд л гардаг. Харин эмэгтэйчүүд доор нь засж босгосон овоолго бүхий уулсын их бие өндөрлөг хэсэгт очин хүслээ шивнэж нарыг угтан аз жаргалаа хурайлан гуйх болой. Нар гарахаас нилээд өмнө очсон болохоор тухтайхан энэ тэрийг харж сонирхож явлаа.

Нар зүүн өмнөөс улайран юу юугүй л алган дээр унаад ирэх юм шиг гэгээн хүсэл төрж талыг нүд алдан ширтэхүй үгээр хэлж үзгээр зуршгүй үзсгэлэнт байгалийн гайхамшигт уусан алгаа тосон зогсож байлаа. Бид хамгийн түрүүнд уулан дээр гарсан болохоор хайрханы хэдэн ямаа баруун хэцээс өндийж суниалдсаар бидэн рүү ирлээ.

Чөтгөр гоймонд дурлана гэгчээр энэ ямаад чихэр жимсэнд яасан их дурлана вэ? Бүр боов печень тоохгүй байна гээч. Бүр овоолго руу цоройж аль аятайхныг нь түүж идээд сурчихаж гээч. За энэ ч яахав хангайн эзэн хэндээ хишгээ хүртээхээ мэдэж л байгаа байлгүй. Нар дулаахан улаан шаргал гэрлээр төөнөн аажуухан мандлаа. Хүн бүр л зүрх сэтгэлийн ариусал гэгээн их хүсэл, аз жаргалыг мэдэрсэн өнгөөр дуу нийлүүлэн хурайлна.

Юу санасан есөн хүслийн төгс биеллийг хүсэмжлэн алгандаа хадаг дэлгэн аз жаргалыг зөн хүслээрээ хурайлсаар нутгийн зүг жолоо заллаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн билэг оршсон Шамбалын орноо саатсан залбирал ийнхүү үргэлжилсээр… Хэдэн мянганыг элээх бол оо?…

Гайхамшигтай юм. Цагийн наран үнэний хүрдийг эргүүлсээр цадиг түүхийн гэрэлт жимээр ирээдүй рүү дөтөлсөөр л…

Үзэсгэлэнт Дадишуарийн нүд шиг гэрэлтсэн нарны доор хутагтын хүслийн аялгуу орчлон хорвоог бүүвэйлэн энх амгалангаар эгшиглэмүй. Дорнын говийг зорьсон хүн олны цуваа тасралтгүй цувсаар л….

Тэмдэглэсэн боржигон овогт Шагдарсүрэнгийн Батцэцэг

5 1 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x