“ХОРИОТОЙ МОДНЫ ЖИМС” НОМЫН ХОЁР ДАХЬ ХЭВЛЭЛД.
Бидний амьдарч ирсэн социализм хэмээх хаалттай нийгмийн хана хэрэм төдийгүй хөрс суурь ч өнөө хагдран унажээ. Энэ л хатуу цагийн өнгөнд авьяас билгээ бүхнээс дээр тавьж арилжиж худалдалгүй нэр бүтэн үлдсэн цөөн хүмүүсийн нэг нь Ринчиний Чойном юм. Түүний тухай 1990 оны эхний хагаст бичиж нэгэнт сонин хэвлэлийн хуудсаар олноон хүрсэн тэмдэглэлүүдээ бүрэн эхээр нь эмхэтгэн 1999 онд уншигч таны оюуны мэлмийд хүргэсэн “Хориотой модны жимс” номоо арван жилийн дараа дахин хоёр дахь удаагийн хэвлэлд бэлтгэх болсондоо баяртай байна.
Өнөөгийн хүүхэд залууст хорин жилийн өмнөх түүх хол юм шиг санагдах нь мэдээж. Саяхан мэт ч цаг хугацаа хорин намрыг ардаа орхиж Монголын нийгэм өмнөх үеэсээ өдөр шөнө шиг өөрчлөгджээ. Хорь шахам жилийн өмнө бичиж байсан тэмдэглэл ярилцлага бодролуудаа өнөө ахин сөхөж уншихад хуучин мэт санагдсангүй.
Ринчиний Чойном хэмээх их хүн социализмын шүүлтүүрт хавчигдаж, гадуурхагдсан жирийн нэгэн байсандаа ч биш, улс үндэстнийхээ ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зовниж, нийгэмд бугшсан бузар булай бүхний үүр уурхайг уран бүтээлээрээ эрс шулуун уудлан онгичиж, монголын төрийн зусар золбин байдал, нийгмийн ялзрал завхрал, дарангуйлал, хүнд суртал, захиргаадалтын олон салаа салбар бүхий бүхэл бүтэн системийн эсрэг дуу хоолойгоо өргөж, нэг ёсондоо монголын төр нийгмийн эсрэг ганцаар эрслэн боссон билэг танхай яруу найрагч байсан нь өнөө бүр ч товойн тодорсоор байна.
Р.Чойном шударга бус нийгэмтэйгээ эрс шулуухан тэмцэж тэднээс “тэрслүү” нэр авсан болохоос ард түмэнтэйгээ тэрсэлдсэн адгийн нэгэн байгаагүй юм. Тэр өөрийн амь нас ариун бие, нэр төр, нэгэн насны амьдралаа хэзээд ч шүлэг яруу найргийнхаа дээр тавьж байгаагүйг түүний туулсан амьдрал, бүтээсэн уран бүтээл нь хойч үед нь хэлээд өгнө. Үүгээрээ тэр 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үүрийн туяаг эх орондоо урин залахад ард түмнээ түүчээлсэн домогт найрагч байлаа. Өнөө зарим нэгэн Р.Чойномыг тухайн үеийнхээ нам төрийн томчуудтай таарч тохироогүй тэдний эсрэг тэрслүү шүлэг зохиол бичээд “хэлмэгдсэн” мэт явцуу ойлгоод байх шиг санагддаг. Үнэндээ бол Чойном цагтаа ганцаардсан нийгмийн томоохон зүтгэлтэн, шударга ёс тогтоохыг чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөгч байсан билээ. Үүнийгээ тэрээр өөрийн яруу найрагаараа ил тод тунхаглаж, уран бүтээлээрээ байлдаж явсан бахархам түүхтэй нэгэн билээ. Тиймийн учир “Хориотой модны жимс” номын өмнө “Энэхүү номыг Монголын ардчилал, эрх чөлөөний төлөө үеийн үед зүтгэгсдэд зориулав” хэмээн бичсэн нь өнөө ч үнэ цэнэтэй хэвээр байнам.
Ширчингийн Сүхбаатар
2009.10.26