БИЛЭГ ТАНХАЙ НАЙРАГЧИЙН НОМ ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ.
Төрийн шагналт Р.Чойномын шүлгүүдийг 1970, 80-аад оны үед захын хүнээс нь аваад засгийн хүмүүс нь хүртэл нууцаар уншиж түүний цэцэн үгэнд дурлаж явсан билээ. Билэг танхай яруу найрагч шүлэг бичсэнийхээ төлөө шоронд хүртэл сууж байсан гашуун түүхийг Монголын ард түмэн мэднэ. Түүний шүлгүүдийг дотны найз Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ж,Бямбаа, Д.Цоодол нар 1990 онд шүлэг, зохиолуудыг цуглуулж “Сүмтэй будрын чулуу” хэмээн номыг олны хүртээл болгож байсан удаатай.Тэрхүү ном гарснаас хойш
…Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь…
гээд олон шүлгийг нийгмээр цээжлэн уншиж байсан. “Сүмтэй будрын чулуу” номыг түүний өвийг хамгаалах “Өд” сангаас дахин шинээр хэвлэж өчигдөр худалдаанд гаргалаа. Анх тус номны гаргахад шүлгүүдийнх нь үгийг өөрчилж, мөр бадгаас нь хүртэл хасч хэвлүүлсэн байдаг. Яагаад гэхээр өнөөдрийнх шиг эрх чөлөө тухайн үед ч байсангүй. Харин өчигдөр шинээр худалдаанд гарсан ном дахь шүлгүүд зохиолчийн бичсэн мөр бадаг тэр чигээрээ орсон ажээ.
Номын нээлтэнд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Т.Галсан, доктор Л.Дашням, найрагчийн дүү Р.Гансүх, Р.Оюунчимэг болон утга зохиолын салбарынхан хүрэлцэн ирж их найрагчийн тухай дурсамж хуучилсан юм. Энэхүү номын нээлтийг “Оюухай-2006” яруу найргийн наадмын алтан цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга хөтлөн явууллаа.
Л.Цэрэнжаргал
“Өдрийн шуудан” сонин
2011.03.18