skip to Main Content

“ДАРХАН АХАЙ БЭЙС” СОНИНЫ ЗӨВЛӨЛИЙНХӨНД

news20120601_1Сайн байцгаана уу?
Дархан сумынхаа нийт ард түмэндээ халуун мэндчилгээ дэвшүүлж, мал сүрэг нь аривжин өсөж өвлийг өнтөй давж, хавартай хавтай сайхан золгосон буй хэмээн энэхүү цахилгаан захидлаар мэндчилж, Дарханы ард түмэн та нараараа байнга бахархаж явдагаан энэ далимд өчсүү.

Би бээр “Чойномын ертөнц” сайтад гарсан мэдээ, мэдээлэл, шинэ гарсан, номууд, шүлэг бүтээлтэй нь байнга танилцаж явдаг нэг ёсны Чойномын улаан фен нь юм. Хатуу ширүүн үед цэргийн албанд очоод нутгийн цэрэгтэй андалдаж Чойномын тухай яриа өрнүүлсээр цэргийн шуугиант үед Чойномын тухай ховор нандин зураг шүлэг зохиолоос нь судлах цуглуулах хүсэл өрнөсөн юм. Cүүлд цэргээс халагдсаны дараа айлын зуухны захад хэвтэх нэгэн хавтасгүй ном байхыг авч үзвэл Чойномын “Залуу нас” найраглал байсанд хичнээн их баярласан гээч. Өөрөө сайхан хавтас хийж наагаад цуглуулгандаа оруулж байлаа.

Дараагаар нь аймгийн төвд Чойномын найз Очирын Нармандах гуайг гэртээ урьж, түүнд байдаг хуучин монголоор бичсэн дэвтрээс шинэ үсэгт шөнөжин буулган авч хэвлэлд гарч байгаагүй шүлэг найраглалтай болсон юм. Мөн Эрдэнэтэд Нямбуугийн Нямдорж ахындаа зочилж очих далимаараа Д.Найманжингээс “Хүн” романы ноорог зохиолыг 25 төгрөг, герман трубкээр сольж авав. Түүнийгээ Гандантэгчинлэн хийдэд шавилан сууж байхдаа О.Нармандах гуайд өгч билээ.

Монголын авъяастнууд дундаас товойж гарч ирсэн гайхамшиг бол Р.Чойном бөгөөд тэрбээр шүлэгч, барималч сийлбэрч, орчуулагч, ая зохиогч гээд тоолж барамгүй авъяастай байжээ. Хуучин засгийн үед тэр хүнийг дээш татах, урмын үг хайрлах нь бүү хэл үгтээж гомдоож шорон гяндандаа хийж хэлмэгдүүлж явсан нь даанч харамсалтай. Одоо сайхан сэтгэлт түмний ивээлээр олон зохиол найраглал нь түмний хүртээл болж байгаад баярлаад зогсохгүй амьддаа өөрөөн сонсохгүй алдар хүнд нь иржээ хэмээн бодно. Манай Дарханыхан Чойномын зохиол шүлгийг цээжээр мэдэхгүй хүн ховор биз ээ. Дарханчууддаа онцлон хэлэхэд Чойномын шүлэг найраглалыг шинэ зуунд хүргэх хүмүүс бол та нар шүү.

Элгэн садан эрхэм нутгийн ардууддаан мэндчилсэн

Намсрайн Жагдагдорж үнэн.

Франц улсын Реннес хот.
2012 он

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x