skip to Main Content

НУТГИЙН НАЙРАГЧИЙН ТӨРСӨН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО

Morin uraldaanАрвандолдугаар жарны “илжиг” хэмээх цагаагчин төмөр туулай жилийн шинийн наймны билэгт сайн өдөр Монгол улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 75 насны төрсөн өдөрт зориулсан хурдан морины уралдаан Хэнтий аймгийн Дархан суманд зохиогдлоо. Уралдааныг нэрт уяач Онон мөрийн нэрэмжит “ДАРХАН АЖНАЙ” уяачдын холбоо, Р.Чойномын “ӨД” Сантай хамтран зохион байгуулав.
Туулай жилийн анхны хурдан морины уралдаанд Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн найман сумын уяачид хурдан хүлгээ сорьсон байна. Их насны уралдаанд 75 хурдан ажнай мордсоноос:
Дархан сумын 3-р багийн “Боржигоны шилдэг уяач” Л.Амгаланбаярын хонгор торгон жолоо өргүүлж, Хэнтий аймгийн Дархан сумын 3-р багийн “Сумын манлай уяач” Л.Батболдын зээрд аман хүзүүдэв. 4-р багийн залуу уяач А.Даваацэрэнгийн хул, Хэнтий аймгийн Баянмөнх сумын уяач С.Батбаатарын хээр, Дорноговь аймгийн Айраг сумын уяач н.Дэмүүлийн хонгор халзан айргийн тавд хурдалжээ.
Азарганы уралдаанд 35 ажнай мордсоноос: Баянмөнх сумын “Аймгийн алдарт уяач” Н.Содномын зээрд халзан түрүүлж, мөн сумын залуу уяач С.Батзаяагийн халтар аман хүзүүджээ. Дархан сумын 5-р баг (Бор-Өндөр хот)-ийн залуу уяач С.Ганхүүгийн зээрд, Дархан сумын залуу уяач Ш.Отгонжаргалын хүрэн, мөн сумын “Манлай уяач” Ш.Содномцэрэнгийн хээр айргийн тавд хурдалжээ.
Мөн үеэр “Дархан ажнай” уяачдын холбооныхон бүх гишүүдийн хурлаа хийж, “тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн шилдгүүдээ шалгаруулав.
“Бар жилийн шилдэг уяач”-аар Лхагвасайханы Амгаланбаяр,
“Бар жилийн шилдэг унаач” хүүхдээр Батдэлгэрийн Баярсайхан нар шалгарчээ. Баг тус бүрийн шилдэг залуу уяачдаар:
1-р баг: Г.Батхишиг
2-р баг: Ц.Ханджүгдэр
3-р баг: Ч.Батбилэг
4-р баг: Д.Энхтүвшин
5-р баг: С.Ганхүү нар шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Залуу уяачдад тусалж, хурдан морь уях, хурдлуулах туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгсөн ахмад уяачаар Аймгийн алдарт уяач Л.Содномдашийг тодруулсан байна.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x