НУТГИЙН УУЛ БИД ХОЁР
Энэ уул бид хоёр
Эр нөхөд шиг ижил дасал болсон юм.
Харийн газар уулаа би мөрөөсдөг
Харин уул намайг мэддэггүй биз.Энэ уулын энгэрт төрсөн юм гэнэ билээ
Эхний мөрөө шороон дээр нь гаргаж
Эр хүн болж ууландаа би өслөө.Насанд хүрч хүүхэнд сэтгэл алдаад
Намрын орой энд гэгэлзэнхэн сууж үзлээ.
Найрагч болж холын нутгаас ирээд
Нанчид сөгнөнхөн бужигнаж бас үзлээ.Элдэв өнгөөр би өсөж өтөлж хувирлаа.
Энэ уул харин огт хувирсангүй
Эхээс мэндлэхэд минь, ямар байсан тэр хэвээрээ
Эцэг өвгөдийн үед ийм л байсан байна.Төрөхийн минь өмнө энэ уулын бэлд
Төрийн төлөө хүн хүнээ буудсан байна
Ангийн тэмцлийн хатуу ширүүн онуудад
Ажиг ч үгүй энэ уул харж зогссон байнаМагадгүй үүгээр цэл залуу Сүхбаатар
Магсаржав вангийн цэрэгт байхдаа
Yдэлж хооллож явсан байж мэднэ.Хатан ахайгаа хүнтэй хардаж
Хамраа огтолсон нүгэлт хаантан
Бүтэл нь хазайж төрийн тамгаа ганзагалаад
Бүрхэг шөнө, энэ уулын бэлд уйлж явсан ч юм билүү.Эзэн Чингисийн морьт цэрэг
Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билүү.
Эртний Хүн улсын Түмэн шаньюй гэгч
Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билүү.Тэр байтугай насанд эртний олон галвыг үзээд
Тэнгэрийн мянган оныг олон олноор үдээд
Өөр болсон юмгүй энэ уул сүндэрлэн байна.
Өвгөн болсон юмгүй энэ уул сүмбэрлэн байна.
Өвгөн болсон би, харин энгэр бэлд нь нойрсон байна.Хан уулын нас уул шигээ их юм.
Хажууд нь миний нас
Хатуу хүндийг туулаагүй над шигээ өчүүхэн юм.
Халуун сэтгэлт хүн би хан ууланд дуулж явна.
“Сүмтэй бударын чулуу” номоос, 2011