НЭГЭН ЗУРГИЙН ТҮҮХ
В.Инжиннашийн дүр байдаг ч юм уу, бүү мэд. Ямартаа л та бүхний харж буй “Ванчинбалын Инжиннаши”-ийг зураач Р.Чойном ийнхүү зуржээ. Зураач маань өөрийнхөө төсөөллөөр дүрсэлсэн бөгөөд зургийн товчхон түүхийг дурдсу.
“ӨД” Санд хадгалагдаж буй энэ зургийг Улаанбаатарт амьдран суудаг Омбын Бүүвэй хүлээлгэн өгсөн юм. О.Бүүвэйн дурсамж ярианаас:
Энэ зургийг 1978 онд хадам ахын дүү Бандийн Шаравдорж маань Чойномоор зуруулж билээ. Тэр үед Чойном Улаанбаатар хотын таван буудалд зураач Дэмбэрэлийнх гэдэг айлд байхдаа гурван хоног сууж зурж өгсөн бөгөөд 500 төгрөг өгүүлэхэд “Би тайжийг зурахдаа шан харамж авахгүй” гээд аваагүй гэнэ билээ.
О.Бүүвэй нь холбооны инженер мэргэжилтэй. 2006 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Дархан сумын Холбооны салбарын эрхлэгч Т.Буяндэлгэрээр дамжуулсан. Энэ зураг одоо Чойномын гэр музейд тавигдан, олон түмний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасаар байгаа юм.