skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-15

Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадам 2011 онд анх удаагаа зохион байгуулагдсан билээ. Уг наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

МУИС-Газар зүй Геологийн сургууль
Аялал жуулчлалын менежмент II курс

Ц. Дулмаа

*****
Миний үнэний дэргэдүүр нүдээ аниад өнгөрчихсөн болохоор чинь
Маргааш чамайг мартана, амлая
Хацар эмжсэн нулимсаа өөртөө зориулж арчаад
Худлаа ч гэсэн хамаагүй зүрхээ бардам чангална
Уруул дээр минь бүжсэн сормосны чинь эрх чөлөөт үдшүүдийг
Уух дарсны гунигаас бүлээхэн байсныг нь санахаараа
Зөрөг хаврын цэцэг шиг намрын болзоогоо үгүйлээд л
Зөрөхийг хүсээгүй тавиландаа хуурай агсам тавьдагсан
Намар эртийн навчсын гунигийг модод мэддэггүй
Надаас явсан чиний гунигийг би мэдэрдэггүй
Дурлаж явсан салхин энгэр нэвт үлээгээд л
Дугуй хээтэй саран үүрийн гэгээнээр жаргахым хойно
Өөр, надад дурлах зүрхсийн төлөө өөрөөрөө гоёё, залуу нас минь
Өөр, миний дурлах зүрхсийн төлөө өөрийг чинь уучлая, зуурдхан амраг минь
Миний үнэний дэргэдүүр нүдээ аниад өнгөрчихсөн болохоор чинь
Маргааш чамайг мартана, амлая
Залуухан насны зуурдхан амраг минь

УЗНАДС Д. Бат- Эрдэнэ

Тэр их үзэсгэлэнтэй

Тэр их үзэсгэлэнтэй, гүн цэнхэр нүдэндээ
Тэнгэр нуусан харцтай
Тэр их үзэсгэлэнтэй, гүн хар сормуусандаа
Тэнгэрийн солонго шиг инээмсэглэлтэй
Тэр их үзэсгэлэнтэй, саран хөмсөгтэй
Тэндээ гунигаа зангидах тэвчээртэй
Тэр их үзэсгэлэнтэй, сарны өнгөтэй
Тийм сайхныг амсуулах гоо тансаг уруултай
Тэр их үзэсгэлэнтэй, он цагийн борооноор
Түмэн эрсийн зүрхэнд дурлалын улаан шүхэртэй
Тэр их үзэсгэлэнтэй, орь залуугийн хорвоод
Түүдгийн гал шиг дүрэлзэх омголон хайрын шүлэгтэй
Тэр их үзэсгэлэнтэй, энхрий яруу хоолойдоо
Тэртээ холын нууцлаг бүүвэйн дуу шиг уянгатай
Тэр их үзэсгэлэнтэй, ихэмсэг ялдам хонгор минь
Энгэр цээжийн д ирсэн далиндаа нартай шувуухай
Тэр их үзэсгэлэнтэй, эр зүрхэн дунд минь нулимс унагаад одсон
Тэсгим хүйтэн шөнийн эмзэг ягаан гунигтай
Тэр их үзэсгэлэнтэй…

СУИС – ийн РТВС – ийн сэтгүүлчийн 3а

Б. Доржпүрэв

Бэдрэхүй

Үндсээрээ зулгарах шиг цэцэгс уйтай намраар
Эхлэл минь төгсгөл шиг байсан харуусал
Зөнд бүгээн оч жамын замаар унтрах шиг
Жихүүдэс төрүүлсэн хором
Ижлээсээ хоцорсон янзага шиг
Эрэн тэмтчиж
Эгээ л түүний зүг
Эгшмэл харууслаа харуулан алхсан
Нүүн одох нимгэн үүлсэнд
Ивлэсэн нулимсаа сул асгачихаад
Гашуу оргих зүрхнийхээ тушаа
Буцаан залгих мөнхийн тунирхлаа
Нэг л зуны цэцгэн дээр
Нэхэлтэй нь аргагүй унагахад
Эргэн тойрноо эзэмдэн тэнүүчлэх
Чиний өөдөөс алхсан
Илбэх зөөлөн мутрыг чинь
Атгаж нэг үзэхсэн гэвч чи
Нурууг минь даган асгарах шөнийн
Тэнгэрийн хилэн хар өнгийг
Алхаанд дунд бүжих айлгүй бэлхүүсээ
Алдах тоолонд бүдгэрсэн зүрхнийхээ очийг
Айж ичилгүй чамаас нэхэхдээ
Ахиад л би тийшээ хүслээ нүцгэлээд гүйсэн
Хамжааргагүй сэтгэлийн үзүүрийг
Хэн нэгэнд атгуулчихаад
Хүлээлтээр хийсэн дээлнийхээ
Эцсийн учгыг тавихгүйгээ мэдээд
Өнөөх л янзаараа нисэх адил тэмүүлсэн
Чамайг эргээд ирэхэд
Чинад хүслээс минь биш
Илжрэн идэгдэх чанараас минь
Бүтэн амь өндийсөн байна
Битүү намган дундаас
Бадамлянхуа жуумалзана
Буцаад л ирсэнийг чинь танихгүй ч
Бөхийсхийгээд өнгөрөөрэй
Шанхийг минь сэрвэгнүүлэх
Биегүй энхрийлэл минь
Бэлчиргүй тэнүүлч минь

Соёмбо дээд сургууль
А. Азжаргал

Учрах тавилангүй хайр

Тиймээ-
Хайрын энэтэй хорвоод
Хүний дайтай амьдрах гэж
Хархын заяатай чамтайгаа
Ханилахын тавилангүй төржээ би
Чи минь зүүдэнд минь ирж
Нойрыг минь сэргээж
Зүрхийг минь гижигдэж
Намбыг минь алдуулам
Тэнгэрийн бүсгүй Би –
Зэллэн нисэх шувуудаар
Хайрын үгээ өртөөлүүлж
Зэрэглээ нь мяралзсан талынхаа
Салхины эсгэрээнд сэтгэлээ элчилж
Зэрвэс харагдах сүүдрээ
Чамтай андуурч харахдаа
Зөнгөөр эргэх хорвоог
Чамгүйгээр төсөөлж чадахгүй нь
Хайр чи-
Аагтайхан насанд минь
Харуутай сэтгэл үлдээж
Адууны үнэр гээсэн
Хяруутай намрын өглөө шиг
Ариухан сэтгэлд минь
Намбатай төрх чинь хоногших
Алдрайхан чамаас
Хариугүй захиа хүлээнэ
Хайр чи –
Сэтгэлийн дуудлага
Зүрхний шившлэгэ

Т. Адъяатөмөр

Би…

Саравчлан суугаа ижийнхээ чихэнд би хонх
Сайн явбал цангинаж дуугардаг
Саар явбал царгиж дуугардаг
Санаа бодрол , хайр сэтгэлийн тухай
Санах, бодох , хүсэхдээ л жингэнэдэг хонх оо
Би хонх
Сархад адил омголон зантайдаа би лонх
Сагаж асгасан тараг шиг
Сэтгэл минь дотор нь буцалдаг, хааяа хальж урсадаг
Сайхныг минь чи мэдэрч баланд минь согтвол
Саран татраагүй үүрийн гэгээнээр л тасраад унана шүү
Сархадаас ч илүү сархад агуулсан лонх оо
Би лонх
Амьдрал бүхлээрээ шагайн наадгай би онх
Жаргал зовлон хоёрыг түшиж буусан
Жаран зууны холбоог тушиж төрсөн
Хайр хагацал хоёрыг амсах л гэж л заяагдсан
Хаяж , нясалж, хөндөж болдоггүй онх оо
Би онх
Сэтгэл хэмээх бичил ертөнцдөө би цонх
Өөрөө би, өөр ертөнцийн гоог биширч
Өнгө сайханы ярууг нь тольддог ч
Өрөөл бусад харин надаас өөрийгөө л хайх юм даа
Би , оньсого мэт толь шиг цонх оо
Эсвэл цонх шиг толь оо
Би толь…

5 1 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x