skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН БУЯНААР…

Darkhan UulМэндэлсний нь 70 насны ойд зориулав

Өргөн талыг бугуйл шиг эвхэх галт тэргээр Хэнтийн Дархан сумыг зорин довтолгож явлаа. Цонхоор харахад, цагийн аяс, газрын гарц янз янз л байгаа бололтой. Ногоо, цагаатай нэг хэсэг газар байхад хавраараа, хvн малын бараа хараагvй улаан цайдам хөндий тал ч хааяагvй тааралдах.
Харин Дорноговийн Айраг сумаас өнгөрч явтал тэнгэр гэнэт vvлшин юу юугvй ширvvн бороо асгаж эхлэх нь тэр. Хувьтай хvн хур борооноор гэсэн алдуул vгийг хэн, хэзээ гаргаж, газар авахуулчихсан юм, бvv мэд. Ямартай ч Монголын билэг танхай нэгэн найрагчийн унаж, ургаж төлжсөн газар нутагт болох наадмыг зорьж яваа цагаар хурмаст ийн ивлэж, саамшиж байгаад хvн бvхэн ихэд бэлгэшээнгvй. Бор-Өндөрт галт тэрэгнээс буутал хаа сайгvй хавтгай ус. Тэнгэр мөддөө онгойх янзгvй. Ширvvн орсон борооны ус олон жил гандаж хагсаж хатуурсан газарт шингэж амжилгvй хальчихдаг ажээ.
Тэндээс унаагаа юvлж аваад төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын төрсөн сум Дарханы зvг хөдөлсөн ч хурдан явахын арга байсангvй. Нэг гvвээ даваад л хөөсөрч хөөрцөглөн шуугих улаан голтой нvvр тулах. Хэчнээн ч гол гаталж, хэчнээн ч бууж суусныг тоолж баршгvй. Бор-Өндөрт биднийг тосч “Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цогбадрах” гэж тэнгэрийн дуу, гялбааны завсраар өөрийгөө танилцуулсан зузаан бор залуу замын турш “Манай сумынхан ингэж ган тайлахыг сvvлийн арван жилд л лав vзсэнгvй. Хур дагуулж ирдэг яасан буянтай улс вэ” хэмээн байн байн дуу алдаж явсан. Хорь, гучин минут довтолгоод хvрдэг газар хоёр цаг гаруй “мөлхөж” байж арайхийн
Ад vзсэн бvтээлийг минь
Алтаар vнэлэх цаг ирнэ хэмээн омгорхож явсан эмнэг танхай найрагчийн төрж, өссөн сумын барааг харав. Нар ч аль хэдийнэ жаргажээ.
…Сумын наадам ид дундаа. Намиа ногоон дэнж тэр аяараа жаргалын алтан тоостой. Дарханчууд ус нутгаасаа тодрон гарсан их туурвигчийнхаа мэндэлсний 70 насны ойг нижгэр тэмдэглэж, ёстой л цээж тэнэгэр, дvvрэн дэлгэр сайхан наадав. Дарханы Засаг даргын Тамгын газар, найрагчийн өвийг хамгаалах “Өд” сан, Чойномын ах дvv нар бай шагналд нь ч гар татсангvй. “Алдартай найрагчийн ойд зориулсан наадмаар сумын заан цол хvртлээ” хэмээн жаран дөрвөн хvчтэнээс өвдөг шороодолгvй тvрvvлсэн Бор-Өндөрийн “Боржин” дэвжээний залуу бөх Б.Ганхvv өгvvлсэн бол азарга нь өнгөлж, мотоциклоор шагнуулсан уяач Л.Бизьяа “Их хvний буянаар хурдан унаатай боллоо” хэмээн магнай цагаан яриа өрнvvлж суусан. “Сайн нөхрийн буянаар Дархан суманд хэчнээн ч удаа ирэв дээ. Бvр Чойномынхоо нэрэмжит шагналын анхныхыг нь гардаж авлаа” хэмээн зураач Л.Дэмбэрэл ярьж байв. Тэрбээр Чойномтой олон жил найзалж, өвчтэй байхад нь гэртээ асарч сувилж, хорвоогоос буцахад нь толгойг нь тvшсэн дотнын анд нь ажээ. Тvvнтэй хамт энэ хvндтэй шагналыг Дархан суман дахь найрагчийн гэр музейн эрхлэгч Ч.Мишиг, найрагчийн найз О.Нармандах, зураач Ш.Галсандорж нар гардана билээ. Ч.Мишиг гуай найрагчийн гэр музейн сан хөмрөгийг баяжуулах, олны хvртээл болгохын төлөө нойр, хоолоо хугаслан зvтгэсэн буянтан. Музейгээр орсон хэн боловч хосгvй авьяастныг төрvvлсэн нутаг усаараа бахархахгvй байхын аргагvй юм билээ.
…Шvлэг минь
Эзгvй хээрээс олоод
юугий нь таниагvй
Этгээд содон өнгөтэй, нутгийн минь чулуу билээ…
Нэгэнтээ ийн бичиглэж асан нэрт найрагчийн төрсөн бууцан дээр, гэрийнх нь буйран дээр очив. Дархан хан уулын ар дагз, Бор ухаагийн зvvн хавирга, цагаан дэрс бөхөлзсөн нvцгэн тал дунд алганы хонхор шиг зөөлөн газар тэр төрж. Яагаад ч юм энэ хонхор нэг тийм ер бусын, даллагатай газар шиг санагдсан. Адуу, vхэр vргэлж хотлоостой байдгийг илтгэх мэт аргал, хомоол хөлөөр нэг хөглөрөөстэй. Азын одод бууж хотолсон агуу найрагчийг тосож хотойсон энэ газар “Өд” сангийнхан найрагчид зориулсан пайлуур босгов. Тус сангаас зохион байгуулж хийж амжуулж байгаа олон ажлын ердөө л нэг нь энэ. Үvнээс гадна яруу найргийн “Оюухай” наадмыг тогтмол явуулж, Чойномын урьд өмнө нийтлэгдэж байгаагvй зохиол, захидал, дурсамжийг “Р.Чойномын номын сан” цуврал болгон хэвлvvлж буй. Энэ бvхнийг эмхэлж цэгцэлж, олны хvртээл болгоход vлэмж их хувь нэмрээ оруулж буй нэгэн бол “Жеком пресс” компанийн захирал, “Өд” сангийн тэргvvн Д.Ганболд.
Хууч сонсох гээд баярт учрал эхэлсэн цэг Чойномын төрсөн бууцны салхи хvртэл дэргэдvvр чимээгvйхэн урсах.
-Манайд номхон нь дэндсэн өндөр халиун морь байдаг сан. Чухам л хvvхдэд ноолуулж байхаар заяасан амьтан. Ах бид хэд дөрөв, тавуулаа сундлаад л явна. Явж байхдаа ах бидэнд vлгэр ярьж өгнө. “Аймаар мангас байж гэнэ. Нэгэн баатар эр тvvнийг харваад алж гэнэ” гээд л. Одоо бодоход ямар сайхан байж вэ. Чойномын төрсөн дvv Р.Туяа ийн дурсах.
-Чойном бид хоёр нэг ангийнх. Мань мэтийнх нь тоглох л юм бодож байхад тэр хэзээний л ном бариастай. Номноос салдаггvй хvvхэд байсан. Харин морь унахдаа тийм ч сайн байгаагvй. Баянмөнх сумын малчин Д.Ухна гуай ийн хуучлах. Энэ мэт яриа дуусашгvй. Найрагч төрсөн буйран дээрээ нэгэнтээ ирэхдээ хөх ногооны суунагласан цэнхэр униар дундаас өндөлзөх Дархан хан уулаа хараад
Зуун зууныг өнгөрөөсөн буурал уул
Зургийн морины дэл шиг сvмбэрлэнэ
Хагас зууныг ч наслаагvй би тэгэхэд
Хашин морины сvvл шиг унжиж болох уу даа
хэмээн бичиглэсэн байх даа гэж бодогдох. Аргагvй л сайхан нутагт төрсөн хvн юм аа, тэр.
…“Их найрагчийн буян их юм аа. Тэр цаанаасаа л сондгой төрсөн хvн. Тиймдээ ч байгаль дэлхий хvртэл харж байхгvй юу. Хур бороогоо хайрлалаа. Цаг сайжирлаа” хэмээн хурсан олон наадамчид баярласан сэтгэлээ өвөртлөн гэр гэрийн зvг одоцгоосон. Бидний хэдэн нөхөд ч Монголын их хээр талын нэгээхэн хэсэг Дархан ханы нутгаар хөндлөн гулд хэд хоног давхиж малгайн утаа сэргээв, Чойномын буянаар.
Ц.БАДРАНГУЙ (2006-07-18)

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x