skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-5

news_20110514Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

 

 

УЗНАДС-ийн оюутан Энхболдын Доржсүрэн

Хүсэл

Аглаг уулсаар аялаж
Араатан болвол
Эргэж ирээд
Эзэнээ тасчин идээрээ хүсэл минь
Навчин завиар далайд аялаж
Загасчин болвол
Эзнээ усанд хаяж
Аврага загас барих
Өгөөш хийгээрээ хүсэл минь
Эрлэг тамын ордны
Амьтан тэжээгч болвол
Эзэнийхээ нүдээр чи
Хэрээ хооллоорой хүсэл минь
Энэ бүхнийг хэзээч хүсэхгүй бол
Эргэж ирээд эзэнээ
Гүн ухаантан болгоорой
Ай миний гэрэлт хүсэл минь

МУИС-ийн оюутан Түмэнбаярын Загарпэрэнлэй

Зөндөө удаан …

Зүсрэх бороо зөндөө удаан асгараад
Зовхи нүдийг минь нэвштэл нэг норгоосой
Зөрөг жим дагаад удтал нэг гүйж
Зөн совин минь хаана нь төөрдөгийг ухаарахсан зөндөө удаан
Зузаан дэвтэрийг дуустал нь зөвхөн хайрыг шүлэг бичээд
Дурлах болгондоо түүнээс дураараа нэгийг нь арилгахсан
Намар буцагч шувуудад хайрын зар наагаад
Намайг зориод ирэхэд нь хэдүүлээ болснийг нь харахсан зөндөө удаан
Хос хун хамтдаа наадаад нисэж одохийг
Халтар яргуйд татагдаж суугаад хаачихийг нь бас үзэхсэн
Хөдөө талын дунд зэрэглээтэй хамт бүжиглэж
Хөрслөг бүсгүйн хайр нь уяхан байдгийг нь мэдрүүлэхсэн зөндөө удаан
Хананд хадагдсан хунгийн зургийг сонирхоод
Хаачихаа үл мэдэн тэндээ түүнийг мөрөөдөж удахсан
Саалийн зэлэн дээр зогсож сарыг нэгэнтээ толидоод
Сайхан ээжийн минь сэтгэл бас цагаанхан байдгийг санахсан, зөндөө удаан
Айлчлан ирсэн нэгэнтэй үүр цайтал хууч хөөрч
Ай даа сайхан гэж өөрийн эрхгүй санаашрахсан
Адуу үүрсэх чимээтэй уралдаж өрхний цаанаас туяа тусахад
Ахин уулзахын ерөөл талбин аяны замыг нь мялаахсан зөндөө удаан
Тоохгүй өнгөрсөн нэгэнд дурласан ч яахав би зөндөө удаан
Тосож угтах ээжийн минь харц нулимстай ч байсан яахав
Тоодгор халтар дээл минь үрд минь багадаж орхитол
Тогоруун цуваадыг ширтээд л ирээдүйд зовиноно оо би зөндөө удаан, маш удаан …

МУИС-МХСС “Утга зохиолын ажилтан- сэтгүүлч 3”
Уртнасангийн Бямбаням

Гэгээрэхүй
I
Сартай шөнө…
Хар навчис
Гэгээ даран унаад-шувууд амрахад
Санаа алдахыг минь-хэн ч сонсохгүй
Харанхуйд уусан
Гэрийн тооноор гарч одно.
Ийм л шөнө
Морьд үүрсэх нь – гэгээрлыг олох шиг
II
Гэгээрлийн тухай бодож хэвтэхэд
Гэнэн охидын үснээс
Хүжийн үнэр анхилнам.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x