“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-7
Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.
Ганболдын Баяр
* * *
Цагийн зүү хурдаа аван явж эхэлснээ
Гэнэт гацаад зогсчих шиг
Цас орохын өмнөх ажин түжин
Хөдөө тосгодыг нөмрөх шиг
Цагаан цамцтай охин агаарт хуруугаараа юм зурах гэснээ
Нүдний нь өмнө эргэлдэх шувууг таг ширтээд зогсчих шиг
Хаа нэгтэйгээс төгөлдөр хуурын аялгуу сонсогдсоноо
Ямар нэгэн юманд залгиулчих шиг
Тийм нам гүмийн зүг
Таван мэдэрхүйн суваг чиглэн эм. . .
Цонхигор ягаан модод шуугиж эхэлснээ
Агшин зуур бөгтийчих шиг
Усны гүнд эрдэний чулуу шиг гэрэлтэх загас сүүлээрээ чулуу ташсанаа
Замган доогуу орчих шиг
Хаврын салхи чихний омгоор шүгэлдсэнээ
Хайсны хөлд шургачих шиг
Хажуу энүүхэнд хэдгэнэ хэдэнтээ дүнгэнэснээ
Цонх мөргөөд уначих шиг
Тийм нам гүмийн зүг
Таван мэдэрхүйн суваг чиглэнэм. . .
Сормуусон дороос үргэсэн усан өнгөт зөгий
Газрын чийгт өндгөлсөн цэцгийн туурцыг сэм эсгэн буух шиг
Шонгын модон дээр нэвсгэр шар элээ суух гэснээ
Өндрөө аван авсаар хязгааргүйн чанадад мөсөн чихэр лугаа уусчих шиг
Шалны завсраар гэтэн орж ирсэн оготой
Хананд туссан сүүдрээсээ цочин харанхуйд тэврүүлчих шиг
Магад хэн нэгэн түлхүүр шажигнуулан орж ирэх гэснээ түгдрээд
Үүдний өмнөөс буцаад явчих шиг
Хөлийнх нь чимээ бүдэгрэн, бүдгэрсээр өвсөнд живчих шиг
Тийм нам гүмийн зүг
Таван мэдэрхүйн суваг чиглэмэн. . .
Шөнийн гудамжнаа дэнлүү лүгээ асаад унтрах навчсыг ажин толгой гудайгч одод
Далавчаа дэрлэн үүрглэх тагтааны нүдэн дотроос
Хугархай далавчны дууль үечин унших шиг
Цангасан морь нойтон өвсөнд уруулаа хүргэснээ
Нүдээ анин ус урсах чимээг, чимээгүйн ёроолоос тэмтрэх шиг
Биднээс хэн нэгэн явсныг илтгэн цагаан хөшиг уйлах адил намилсанаа
Зэгсний шуугианаар уй гунигийн хийл тоглогч бүсгүйн хэвлийд амьсгалж эхлэх шиг
Хүн чулууны сүүдэрт хэсэг зүйрмэглэх шиг
Хэсэг зүйрмэглэх зуур, зүүдэнд хүн чулуу уйлах шиг
Тийм нам гүмийн зүг
Таван мэдэрхүйн суваг чиглэнэм.
2010 . 12 . 29
Батхуягийн Хадбаатар (Их Монгол дууд сургууль)
Тоорын шивнээ
Тосгоны нохдын улих дуун
Бүдгэрэгч сахны зүг одно
Тоосгоны оройтсон тэрэг
Зуны шөнийн аниргүиг цочоож
Түүний сүүдэртэх бие
Гэрэлд үл мэдэг тодорно.
Торогч оддын зүг туучсан усны шалбааг үсэрч
Тун ойрын хүн бололтой
Нүднийх нь гал харц улам тодорно.
Зуны шөнийн аниргүйг бид хоёр алгаараан дараад
Зулзган хуснуудын шивнэлдэн байхыг
Тийн сонсоно
Аниргүй, аниргүй
Аниргүйн дундаас үүр цайх
Тоорын шивнээ.
2010-05-21 нд УБ. Хот
Болдын Батмэнд (Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль)
Ижийн үнэн
Үнэгэн нөмрөгт хорвоод
Үнэн гэвэл ижийтэй
Үнсэн цаглах орчлонг
Үгүйлэн тайлах үнэн
Бүрэг харанхуй ивээх
Бүрх малгайт тэнгэрт
Бурхан ижий минь бий
Будант амгаланг хүсэх
Хүү миний гуниг
Гашуун хорвоог ивээх үнэн гэвэл
Үхэх сэхэхийн аянга
Ижийтэй хүн үхдэггүй юм гэлээ
Ижийтэй хүн мөхдөггүй юм гэлээ
Эргэх хорвоо жаргах наран
Хослонт амьдрал
Үзгээр сийлсэн үнэний алдар
Үгээр урласан шүлэгчийн гавъяа
Үүрийн цолмон гэгээ татах
Үелзэх амьдралын аянга
Амгалан хувьт орчлонг
Аялгуун харцаар ивээх
Агшин бүрийг үл мартана
Ахиад ирэхгүй азыг
Аанаа нэг дурсана
Амьсгаа аваад гаргах
Аугаа ховор мөчийг
Алтан дэлхий надад заяасан
Гашуун үнэнийг боловч
Ган үзгээр сийллээ
Ганган хорвоод үзсэнээ
Гаслан санах төдийд
Хүний эрдэнэт бие
Хүслэн болон дурсан
Хүүгийн бичсэн шүлэг
Харцагын жигүүр адил
Хамаг орчлонг донсолгоно
Гэрэлтэйд сүүдэр үгүй
Гэгээтэйд үнэн үгүй
Үнэн худал хоёр
Үгүйлэх орчлонгийн зааг
Зүүдлээд босохтой адил
Зүрхэн тушаа гийх
Үнэн үгний алдар
Үүрд мандан бадраг