skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-8

Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

Намжилдоржийн Баяндалай (СУИС, Дүрслэх урлагийн дээд сургууль)

* * *
Авьяасын бяцхан бурхан дагуулсан ахан минь
Алсад одоод эргэн ирэх юутай сайхан, тэнгэр цэлмэх шиг
Аялгуут энэ үдшийг лонх дарсны гэгээнд үдэж
Сарыг үзэхээр гадагш морилохуй

Тэртээд дүнсийх хүйтэн уулсын цуурай
Өнө сэвэлзэх хуучин салхинаа тод ялгамжтай сонсогдоно
Өөрийг чимээлэн сул ганхахуйд
Өнөд ойрын тулд холын холд алсарна, огторгуй…

Б.Урангоо (СУИС, Радио телевизийн дээд сургууль)

Сэтгэлийн тал

Өр зүрхэнд минь хатсан навч гуйлга гуйж
Өмнө зүгээс нар алгаа тосч түүнийг нь өхөөрдөнө
Тэнгэргүй бас газаргүй тиим орон зайд
Тэрлэг нөмөрсөн өтөл шүлэг янжуур татаад

Суунагалсан утаанд нь хэн нэгний мэдрэмж сэрээд
Сул тэнүүчлээд онгод хайдаг аа миний орон зайгаас
Ээжийг минь дуурайсан иждэт үгээр цэцэг тарьдаг
Эргэж хорогдсоор тэр шүлгэнд цэг тавьдаг

Өөрөөсөө өөрийгоө хайж төөрдөг миний орон зайд
Өглөөний нар үдшийн сар бүгд байдаггүй
Өвгөрч ядарсан өвс хувхайрсан талын ангасан уруул
Өөрөөс минь шүлэг нэхэж авлагач шиг суудаг аа

Миний талд

Нэг өвс нэг цэцэг үржихийн тэмдэг хүлээгээд
Нууцхан хэн нэгний харц салхи шиг сэнгэнээд
Дурлал мөхөл хоёр зэрэгцэж суугаад түүдгийн хажууд хууч хөөрөөд
Дулаахан миний талд хавар үнэртэнэ.

Бямбацогтын Ганхүрэл (Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль)

Манант алсын цаана ч чи минь л бий

Манан дунд гүйгүүл адуу үүрсэх шиг манант алсын цаана ч чи минь л бий
Маргаашийн тухай..,гэгээн төсөөлөл мартагдашгүй жимсний амтанд ч чи минь
л бий
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд зүрх цэцэглэхэд ч чи минь л бий
Зүүдний гүнд солонго татаж, дурдатгалын утас хөврөхөд ч чи минь л бий

Орчлонг зүүний сүвэгчээр харах шиг итгэл хайранд минь ч чи л бий
Оддын зүгээс чинийхээ дүрийг хайх шиг их алс.., харцанд минь ч чи л
бий
Ятга шанзны аялгуунд уярах шиг яруухан эгшиглэнт сэтгэлд минь ч чи л бий
Ялгуун сарны туяанд уусах шиг ялдамхан инээмсэглэлд минь ч чи л бий

Анхны бороон дусал, цэцэгсийн анхилам үнэрт ч чи бидэн бий
Алман саранд хүртэл сэвх нь үлэмж гоё зохидог цагийн салхинд ч чи бидэн бий
Хаа нэгтээ газрын гүн рүү хавж ургах хаврын ногооны үндсэнд ч чи бидэн бий
Хан тэнгэрт дүүлэх нэгэн шувууны хос мөнгөн жигүүрт ч чи бидэн л бий

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x