skip to Main Content

ТЭРС ҮЗЭЛТЭН

tersАмьд сэрүүн эдгээр буурлууд хатуу цагт хальт мультхан эвгүй үг хэлчихдэг байсан ч Чойном шиг цагаандаа гарсан тэрс үзэлтэн байгаагүй. Одоо эргээд сөхөхөд ч хувьсгалт нам багалзуурдаад авмаар хурц, тансаг, чөлөөтэй сэтгэлгээгээр дүүрэн шүлгүүд бий. Ээж нь их ухаантай, боловсролтой хүн байсан гэдэг. 1930-аад онд Ширэндэв нарын хамт Рабфакт суралцаж явсан. Хожим хүүхэд гаргаад Хэнтийн Дархан сумандаа хөдөөшсөн. Хүү Чойном нь дөрөвдүгээр ангиа онц дүүргээд цааш боловсрол эзэмшээгүй. Зохиолчдын эвлэлд элсэхийн тулд долоон жилийн турш хөөцөлдөөд бараагүй. Үндсэн ажил нь зураач байсан. 1969 онд “Нийгэм, төрийн эсрэг гаж буруу шүлэг зохиол бичдэг…” шалтгаанаар баривчилж “Ганц худаг”-т 227 хоног суулгаад “Улс төрийн аюултай гэмт хэрэгтэн” болж дөрвөн жилээр таслагджээ. Шоронгоос суллагдаад Батноровт нутаг заагдсан. Тэгж тэгж хотод арай гэж ирээд 1979 онд уушгины хүнд өвчнөөр 43-хан насандаа өөд болжээ. Оршуулгад нь ихэнх зохиолчид айгаад оролцоогүй гэсэн. Гэр бүл, орох оронгүй, архи дарс балгачихдаг, задгай, өрөвдөм амьдралыг туулсан энэ эрийг 1990 оноос амтай болгон хэлэх үгээ олж ядан магтацгаах болсон. Хань ижил, үр хүүхэд нь энд тэнд тодорч уйлж унжсан. Дээд шүүх 1990 онд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, төр засаг төрийн соёрхол хайрлах үед тэрээр нэгэнт байхгүй болсон байлаа. Чойномын олон шүлэг зохиолыг болон түүний идей, санааг үеийнх нь нөхдүүд өөрийн нэр дээрээ олонтаа гаргасан гэлцдэг. Манай нэг нэртэй найрагч түүнээс шүлгийг нь аваад хэдэн төгрөг өгнө гээд унжжээ. Мөнгөө нэхээд өгдөггүй. Нэг өдөр халамцуу өрөөнд нь орж хутга тулгаж байгаад С.Удвал даргад баригдсан аж. Хожим ял эдлэхэд энэ мэт нь нэрмээс болж хэрэг нь улам хүндэрсэн баримт олджээ. 1970, 80-аад оны үеийн оюутан залуус, ахлах ангийн сурагчид Р.Чойномын шүлгүүдийг амнаас ам дамжуулан бүгдийг нь цээжилж, нууцаар уншдагсан. Өдгөө Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан байгуулагдсан. Энэ сангийн тэргүүнээр яг Чойном шиг төрхтэй Д.Ганболд гэдэг залуу ажилладаг юм байна.
Өдрийн Сонин

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x