skip to Main Content

ХАН ХЭНТИЙН ЯРУУ НАЙРГИЙН СУРГУУЛЬ

Khan Khentii

Хад бүхэн дуу цацлах Хан Хэнтийн уулс Монголын нутаг билээ. Долгио бүхэндээ уртын дууны шуранхайтай. Хэрлэн, Онон, Улз дорнын цэнхэр уулс билээ. Ариун дагшин энэхүү оронд мэндэлсэн хийгээд амьдран суугаа охид хөвгүүд дуулахын авъяасаар өвчилдөг нь бурхны зураг буй за. Монголын уран зохиолын их өргөөний нар саатсан хойморт Монгол улсын төрийн соёрхолт зохиолч С.Эрдэнэ, Р Чойном, Н.Нямдорж, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Цэдэнжав, Б.Нямаа, Д Содномдаржаа нар хийгээд Монголын уран зохиолын анхны голомтын галыг асаалцаж явсан ахмад уран зохиолч Монгол улсын төрийн соёрхолт түүхч, эрдэмтэн Х.Пэрлээ нар ханхайн сууж буй. Уран зохиолын ертөнцөөс од шүүрч төр, засгаас шагнал, соёрхол хүртээгүй ч ард түмэндээ авъяас чадлаараа дурсагдах шидийг олсон яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо нарын олон уран бүтээлч оршмуй. Хан Хэнтийн авъяастны шийрийг хатаах авъяастай охид, хөвгүүдийн ухааныг сумлаж үзгийг хурцлах зорилгоор “Хан Хэнтийн Яруу найргийн Сургууль” –ийн дэглээд жил болов.  Манай сургуульд авъяасын од гийсэн Өндөрхааны хийгээд хөдөөгийн олон залуучууд, хүүхдүүд сурч байна. Д.Гансүрэн (Батширээт), Нэргүйдаваа (Өлзийт), Б.Энхжаргал (Биндэр), П.Гэрэлт-Од (Хэрлэнбаян-Улаан), нар хөдөөгийн цэнхэр хязгаараас “элсэнд булсан тарвас шиг” ухаантай шүлгүүдээ туурвисаар явааг өгүүлж Р.Чойномын нэрэмжит “Оюуха” наадамд уяач түмнээ баярлуулна гэдэгт итгэнэм. Хан Хэнтийгээс түмэнд зартай хурдан хүлгүүд цаг мөч тутамд төрдөгийн адил шүлэгч охид хөвгүүд мэндэлсээр. 1993 онд Норовлин сумын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Нарантуул, Өндөрхаан хотын дунд сургуулийн сурагч Б.Занданхүү, Хэрлэн хорооны дунд сургуулийн сурагч С.Нэргүй, Баянхутагт сумын дунд сургуулийн сурагч С.Ариунбилиг, Ш.Анхтуяа нар онгодын хур арвинтай байна. “Урагшаа” сонины уран зохиолын дагуул Хэрлэнтооно ууландаа сүсэглэсэн “Хэрлэнтооно” сонины анхны дугаарыг  Г.Намсрай захиралтай “Боловсрол” төв ивээн тэтгэсэн болохыг түмэн олондоо мэдэгдмүү.

Онгодын тэнгэр ивээх болтугай!

МЗЭ-ийн гишүүн яруу найрагч сурган хүмүүжүүлэгч Л.Нямаа

Сандагдоржийн Наранчимэг (1993 оны Р.Чойномын нэрэмжит “Хан Хэнтий” шагналт)

Хөх туг 
Хөлгөн судрын баринтаг  шиг шаргал талын дээгүүр 
Хүлэг морьдын төвөргөөн салхи хагалан тачигнахуй
Хөлчүү талын дээгүүр Рерихын зураг тодорном
Хөх тэнгэр мэт туг омог бардам намирнам 
Нуугдмал ягаан гуниг зүүдний хана тэмтчиж 
Нулимст шөнийн харанхуйд амьгүй цогцос илбэнэм
Хөх тугнийхаа төлөө амь эрсэдсэн баатрууд бие биенээ
Мөнх тэнгэрийн дор дэрлэн сүүн цацал нэхмүү 
Даан чиг гунигтай аялгуу манан дунд төөрч 
Дайчдын толгой дээр гиншигнэнэ

Мөнхийн хөдөлгөөн
Дэлхийд минь мөнхийн хөдөлгөөн оршном 
Дэлхий минь өөрөө мөнхийн хөдөлгөөн юм 
Үхэгсэд нойрсном, хөдөлж буй гэдгээ үл ухааран 
Үнэндээ тэд хөдөлгөөн дунд бүүвэйлэгднэм
Нойрсогчдод битгий саад бол
Номхон амьгүй албат нар нойрон дундаа үнэгчлэг 
Хэмлэнэм би, шөнийн харанхуй цаг хугацааг
Хэлтэрхийд нь шүлгээ бичиж бяцалнам

Тэнгэрийн нүүдэл
Цуулбар туяа зайчлан тэнгэрийн чанд хараачилхуй 
Цуваа мянган үүлс тосож их нүүдэл айсуй 
Өлжигт тэрэгний мөрөөр үүлэн хурдас сэвтэж 
Өдөн цагаан бороо үсэн дээгүүр бүжиж өлмий дор намирна
Ариуслын цагаан далай намайг тойрон давалгаалж
Алтан нарыг халхалж нүүдлийн тоос займрана
Тохоштой цагаан тэмээд туйлан буйлан одвоо.
Тормон нүдтэй хатад уйлан эргэн замхарваа
Тэр тэнгэрийн нүүдэл биш ээ тэнгэр тийшээ нүүгээгүй ээ
Тэр Монголын нүүдэл

Батмөнхийн Занданхүү 
Даагаагүйн Ганихрал
Намар оройн модод навчаа даагаагүйн ганихрал 
Найргийн нэгэн мөр намайг тойроогүй нь олзуурхал 
Насан  багын дурдатгал эршүүд бор амьдрал 
Намайг ээжтэй уулзуулаагүй үхэл гэгч бачуурал 
Нартад ирэхүй дор учирсан бүхэн хачирхал
Нанчдаар дотроо цэнгүүлсэн өнөөгийн мөхсүүд чамирхал 
Надад тохион учирсан амьдралын нугачаа бодрол
Нарсанд гутрахдаа бичсэн эгэл Чойном ухаарал 
Нартыг мөнхөд тооцогсдод өтлөх нас нь цөхрөл 
Найргийн мэдрэмжгүй багачуудад Янжинлхам ч өчүүхэн 
Насанд дарагдсан буурлуудын үзсэн нь бидэнд  номлол 
Найртай бүхнээ үгүйсгэх сэтгэлийн атаа явцуурал 
Нандин итгэлийг алдраах сархдын цалгиа хөлчүүрэл 
Настнаа хүндлэхийг умартсан гангачуудын яриа солиорол 
Нандин эрдэнэт хэл минь цагийн ороод буртаглал
Нарт хорвоод биширсэн эртний заншил минь гадуурхал 
Намрын буурал улиас шиг өвгөдийн үг мөхөсдөл 
Намайг тойрон эргэлдсэн ахуй цаг минь мухардал
Дэмчигийн Нарантуул (1994 оны Р.Чойномын “Хан Хэнтий” шагналт

Нэг сайхан уйлах юм сан 
Алдаж эндсэнээ өөрөө мэдэхгүй ч 
Арван найман насан дээрээ 
Аавынхаа алганыхаа амтыг үзэж 
Асгартал нэг сайхан уйлах юмсан 
Бүүвэйн дуунд нь үнэгчлэн мишээж 
Бүлээн бороо шиг сүүг нь хөхөж өссөн 
Ээждээ аашлуулан гоморхож
Эхэр татан нэг сайхан уйлах юмсан 
Дэвэргэн насныхаа гэнэхэн  аалиар 
Дэлхийн чинээ  ачийг нь анзааралгүй
Дэргэдэх хүмүүсээ өрөвдөж өөрийгөө зэмлэж 
Дэрэн дээрээ мэотэртэл нэг сайхан уйлах юмсан 
Буруутгах хэрэг хийгээгүй нас минь сайхан санагдаад байна
Намайг зэмлээч хүмүүс ээ, мэлтэртэл минь загнаач
Нулимс хүссэн сэтгэлээ тайтгартал нэг сайхан уйлах юмсан!

Хандаа хөглөх гунигийн аяз
Цаг хугацаа харвасан сум шиг одож 
Цагаан шүүдэр санчиганд минь сорлон 
Уйлж  дуулсаар атал хорвоо бидэнд хоёрыг 
Уландаа гишгэж хайр найргүй хамхачжээ
Жаргалын тухай хичнээн профессор лекц уншиж 
Жавартай “Октябрь” д хичнээн ч большевик амиа өргөж 
Эцэг өвгөд маань үлгэр хүүрнэн шөнийг барж
Эвий энэ олдохгүйн төлөө хичнээн ч зуунууд цусаар хахав даа
Алдсанаа нөхөх цаг хугацааны өрсөлдөөнд 
Алгебрчид тархиа гашилгаж, химичид биеэ зольж 
Агуу агуу хөгжлийн дуулиан чихнээ нүргэлж байхад 
Ажлын “хар” ууд л жаргалтай инээвч дутахын зовлонд сархад шимэн дуулалдаж байхсан 
Хотууд босож эцэст нь балгас болж 
Хорьдугаар зууны ертөнц багтаж ядан хахаж 
Хорсол занал, ялалтын уриа оршуулгын газар соёолж 
Хонгор минь чи бидэн хоёрын мөрөөдсөн жаргал гэгч л олдошгүй нь 
Цорын ганц зам бидэн хоёрын өмнө айсуй 
Цовоо байж хундага дарсаа өргөе Тэгээд 
Гар гараасаа барилцан тухтайхан нойрсьё 
Гарцаагүй биднийг цэнгэлийн дээд хүлээж байх шиг ээ…

Хэрлэн тал 
Зүмбэр хээтэй уулс нь хө 
Зүүдэн холоос өндөлзөнө үү дээ
Зүггүй чиний минь царай хө 
Зүрхнээ хурган бөмбөлзөнө үү дээ
Даяар холуур саналаа чиг 
Даанч дотнын Хэрлэн ээ
Аяар аяар дөмлөө чиг 
Агсарч хөлссөн сэтгэл ээ
Уртын дууны хөндийд хө 
Униар манан суунаглана уу даа 
Уяхан чиний минь хоолой хө 
Уянга хадаан шуранхайлна уу даа
Гэнэ гэнэхэн дөмлөө чиг 
Гэгээ татсан  Хэрлэн ээ
Үе үехэн саналаа чиг 
Үйлээ дагасан сэтгэл ээ
Хэрлэн амраг хоёроосоо
Билэг оюун минь бүрэлдэнэ үү дээ 
Хэвлээс нь унасан тоонотдоо 
Би дагшин бүрэлваа юу даа
Эндүү андуу саналаа чиг 
Элгээрээ аргамжаатай нутаг аа
Эвий бүүвэйлж дөмнөө чиг 
Эрхлэн нялхамсмаар өлгий дээ!

Лувсан Бааваа 
Оргилуун цагаан онон 
Оргилон оргилон ундрах нь хө 
Онон голын минь боргио юу да
Олны дундаас санах нь хө 
Оволзсон сэтгэлийн минь хайр уу даа
Онгон цагаан Онон минь 
Оломтой л байж л таараа даа хө 
Ороо борлогоо барилаа даа 
Оройхон мордоод очно доо хө 
Ононгийн ус нь тунгалаг хойно
Огторгуйн сарантай ханьсана даа 
Онгон цагаан Онон минь 
Оломтой л байж л таараа даа хө 
Одод орчих дохио нь хө 
Оршихуй байж л таараа даа
Орь залуухан чамдаа би 
Одоохон мордоод хүрнэ дээ хө 
Онгон цагаан Онон минь 
Оломтой л байж тараа даа хө

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x