ЧОЙНОМЫН ШАВИЙН НОМ
Чойномын шавь, монгол хэл уран зохиолын багш Р.Чулуунбазарын “УЯХАН ЗАМБУУТИВ” номыг “Жиком пресс” компанийн хэвлэх үйлдвэрт хэвлэжээ. Энэ номоо зохиогч Говийн V Ноён хутагт Равжаагийн 210 жилийн ойд зориулсан шүлгийн номын уралдаанд зориулжээ.
Таван жилийн өмнө “Р.Чойномын нууц захидал” номын тэргүүн дэвтэр уншигчдын гар дээр очиж байсныг санаж байгаа байхаа. Энэ 37 захидлыг хүлээн авагч нь Р.Чулуунбазар гуай байв. Жүжгийн зохиолч А.Шартолгойн зохиосон “Чойном” жүжиг 2008 онд Дорноговь аймагт тоглох үеэр Р.Чулуунбазар гуайг “Чойномын шагнал”-аар шагнажээ.
Чулуунбазар гуайдаа уран бүтээлийн арвин ургацтай байхыг хүсэн ерөөе.
ӨД САН
ОРШЛЫН ОРОНД – 2
Хүнээр засуулаагүй, хүүхдээр басуулаагүй,
Хүндээр хусуулаагүй, хүүхнээр хясуулаагүй,
Хүссэнээр тусалж, аравнайлсан лам ч үгүй,
Хүй тасалж, эх барьсан хүн ч үгүй,
Номхон зогсоод харах засуул ч үгүй,
Ногт ганзагалаад очих завдаа ч үгүй
Яруу найргийн номоо уралдуулаад үзье.
Ямар ч даваанаас айлгүй яралзуулаад очьё.
Ум марзай нам суухаа.
Ум маний ном уухай.
Номын эх баригчийн үгийн оронд
Ноён хутагтын наадмын тэнгэрт найдсугай.
Номхон морь шиг ноолуулахын оронд
Ногт чөдрөө тасдан туйлж наадсугай.
Магтаалын үгээр зулбасан манай эринд
Маахайрч1 суулгүй, зугатааж гарсугай.
Маргаашийн болзоо шиг хожмын наранд
Мартахын аргагүй, маргахын хэрэггүй хүрсүгэй.
Ум марзай нам суухаа.
Ум маний ном уухай.
2011. 3.19
( 1 Уралдааны морины хөл, бэрэвхийгээрээ гэмтээд хурдалж эс чадахыг маахайрч суух хэмээмү )