skip to Main Content

“ЭНЭ ЗАХИАГ Р.ЧОЙНОМ НЬ БИЧИЖ БАЙНА”

zahia01.2Урчуудын 9-р артелийн сийлбэрч Ц.Цагаанөвгөн-д

Ясны сүрьеэгийн больниц Чойномоос” хэмээн хаягласан энэхүү захидлыг 1959 оны V сарын 9-нд илгээсэн болохыг маркан дээр дарсан шуудангийн тамга нь гэрчлэхийн зэрэгцээ дугтуйн ар талд “5 сарын 18-нд авав” хэмээн тэмдэглэсэн нь дурайн буй.

Ц.Цагаан-Өвгөнд.

Энгэрийн үзгэндээ хар бэх татуулж байгаад
Энхрий нөхрийнхөө халуун зүсийг санаж байгаад
Энэ захиаг Р.Чойном нь бичиж байна
Эвхэж наагаад эзэнд нь одоо явуулах гэж байна хэмээн шүлэглэж эхлэх энэ ховор сонин захидлыг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдын туслалцаа дэмжлэгтэйгээр номдоо оруулж байна.

Тэрээр Чойномын шүлэг зохиолыг эрэн сурвалжлах, цуглуулан судлах, хэвлэн нийтлэж олон түмний хүртээл болгохоор сүүлийн хэдэн жил эрчимтэй ажилласны үр дүнд 12 ном хэвлүүлээд байгаа төдийгүй одоо бас 3-4 номын эх бэлтгэж бэлэн болгоод байгаа ажээ.

Монголын яруу найрагчдын дотор шүлэг зохиолдоо захидлын хэлбэрийг хамгийн олон удаа ашиглаж бичиж туурвисан хүн бол магадгүй Ринчений Чойном байж мэдэх юм. “Амрагтаа бичих захиа”, “Найз нартаа бичсэн захидал”, “Улаанбаатараас Цэрэндуламдаа бичсэн захидал”, “Охиндоо илгээх захидал”, “Нанчдын ширээ хавьд унших захидал” зэрэг түүний найргийн өв санд захиа хэлбэртэй бичсэн шүлэг тун олон байдаг. Тэр байтугай “Захидал” хэмээх нэртэй шүлэг бичсэн нь ч бий.

ЗАХИДАЛ

Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хүний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм.

Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэн үггүй ч бий.
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий.

Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

Үнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий,
Үзэмж цэвэрхэн бичгийн мөрүүдэд
Үхсэн заль шингээд ирэх ч бий.

Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нөхөр,
Амрагийн дунд чулуудсан яс,
Амьдралын замд булсан хавх,

Хахууль амласан бялдуучлалын ембүү,
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бүгд багтдаг байна гэж 1976 оны 5 сарын 31-нд бичиж байсан нь “Сүмтэй бударын чулуу” номд нь бий.

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд найрагчийн захидлын өвийг тун сайн олж бүрдүүлжээ. Түүний Хэнтийгээс бичсэн захидлуудаар хоёр боть эмхэтгэн гаргасан төдийгүй шоронгоос бичсэн захидлаар нь эмхэтгэн бас 2 боть хэвлүүлэхээр зэхээд байгаа юм билээ.

“Монгол маркийн түүх” номоос…

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x