skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН НУУЦ ЗАХИДЛААС

“2002 оны намрын тэр нэг өдөр манай гэрт Данзанравжаагийн нутгийн нэгэн сэхээтэн ирж хадаг, сархад өргөв. Лонхны бөглөө, сэтгэлийн таглаа зэрэг онгойдог жамтай хойно доо. Тэрбээр Багаа ахынхаа тухай бахдан бас багтран ярьж нулимс цийлүүлж байлаа. Багаа гэдэг нь Р.Ч, багтран уйлж буй хүн Ч.Р.
Энэ хоёр эрхэм төөрсөн ах дүү, ганц олдоод гялсхийн өнгөрөх насны гагнаас бат үнэнч нөхөд байжээ. Р.Чойном гэж ямар том ертөнц байдгийг, ямар ч судлаач эрдэмтнээс илүү мэдсэн хүн бол: Ч.Р буюу Р.Чулуунбазар аж. Зүүнбаянд хоёр байшин номтой, хэдэн шар хүүхэдтэй нэгэн том сэхээтэн байдаг нь энэхүү Ч.Р. Төвд хэлтэй атлаа ардчиллын үед лам болж дөвчигнөөгүй, орос хэлтэй атлаа орон нутагт коммунист комиссар болж өвчигнөөгүй, багш гэмээ нь багш бүлгээ.
Түүнийг архины дон, авгайн дон, алдрын нянгаас авран хүмүнжүүлсэн нэгэн ачтан бий. Дэлхийн сонгодгуудыг дээдлэн дээжлэн унших жаргалд умбуулсан багш нь бас л тэр ачит хүн. “Тэр хүн” гэгч нь Хажуу-Улааны шоронгийн Гажуу улаан буюу хоригдол Р.Чойном.
Захиа гэдэг тийм л хүчтэй хүмүүжлийн зэвсэг аж. Чанга дэглэмтэй шоронгийн хоригдол, нарны сул чөлөөтэй сэхээтнийг захидлаар яаж засан хүмүнжүүлж байсныг та олон захидлаас мэдэж авах болно” хэмээн яруу найрагч Тангадын Галсан бичжээ, “Чойномын нууц захидлууд” номын өмнөтгөлд. Энэ номд орсон, Чойномын Чулуунбазарт бичсэн нэгэн захидлыг манай сонин их туурвигчийн өвийг хамгаалах “Өд” сангийн зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна.

Улаанбаатараас Р.Чойном бичив. 1978.2.28.
Хайрт та нарынхаа түмэн амгаланг эрж, Хажуу-Улааны уурхайн зүг нисгэх “олон олон шувууны аль нэг” нь болсон энэ захидал (Гантөмөрийн хэллэгээр) саадгүй хүрэх болтугай.
Өөрөөс чинь ирсэн захидлыг өчигдөр хүлээн авав. Уг захидал жирэмсэн захидал байв. Баярсайхан бол, өөртөө ашиггүй цагт, дэргэдэх өрөөндөө ч байсан захидалыг өгөх гэж гуйхгүй хүн биз ээ. Олз ашгийн төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэнээр хүмүүжсэн аюултай өчүүхэн хүмүүс, харамсмаар олон байгаа энэ нийгэм, чухам хаанаасаа, социалист үйлдвэрлэлийн ямар хуулиар тийм бэртэгчин тэмцэгчдийг үйлдвэрлэн гаргаад байгаа юм бол дoo гэж л гайхахаас өөр юм алга.
Юуны өмнө хэлэхэд, нэгэнт тухайн цаг үе, нийгмийн амьдрал ийм болсоноос хойш чи ч гэсэн, бүхэл бүтэн өрх гэр дааж, 3-4 хүний халуун амь хариуцсаны хувьд мөнхүү олз ашигнаас хойш суувал хохирох тул, Баярсайхан шиг байх нь эс ч бол, байгаа биендээ говийн их самбаат чавганц /тайлбар үлгэр/ лугаа адил хөөрхөн овсгоотойгоор амиа авч явахыг алхам тутамдаа хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь, хаана орж сууж байгаа газартаа, өөрөөсөө асар дэндүү гарз чирэгдэл гаргалгүйгээр эргэн тойрныхоо хүмүүсийг бага ч гэсэн баярлуулж явахыг гол зарчмаа болговол зохино. Хүмүүсийн сайн амаар хүрээлэгдэхийг хичээ.
Тийм хүн, хамгийн хүчирхэг хүн байдаг юм. Бусад талаар чи хэнээс ч, юу ч гуйхааргүй хүн билээ. Чиний сүүлийн үеийн шүлгийг үзэж ихэд баярлав. Шүлгийн техник гэдэг энэ буюу! Сайн техник, цэцэн санаа хоёр нийлбэл сонгодог шүлэг болохгүйдээ хаачих вэ! Чиний эл шүлгүүд зарим нь тийм болж чадсан байна. Зарим нь арай дэндсэн байна. Дэндсэн зүйл, хиймэл болдог хуультай. Хүн хүнийг, өөрийн үнсдэгээрээ л үнсвэл сайхан үнсэх бөгөөд харин, хачин цэвэрхэн бөгөөд чанга үнсэнэ гэж хэт мэрийвэл нусаа ч наачихаж мэдэх…
Ер нь тэгээд, хүний уран бүтээл дан сонгодог байдаггүй. Бас Тарваа мэтийнх шиг дан муу байх ёсгүй болой. Энэ ритмээ унагаалгүй бичээд бай! Миний бие овоо сайн. Ойрдод сайхан хавар эхлэх төлөвтэй байна. Хотын сонин гэвэл би мэдэхгүй. Ном ч, олигтой юм үзэгдэхгүй байна. Толио оролдож байна уу?
Гавъяа гэдэг үг, уг нь гавиа гэсэн үг биз дээ. Нэг сонин таамаглал хэлье, Миний “Хун” романд: “Хунхээр аймгийн дурсгал болсон хун чулуун хөшөө” гэж бий. Хунхээр бол эртний түрэг гаралтныг монголчууд дээр үед нэрлэж байсан нэг гэж Ринчен гуай тавиад онуудад нэг өгүүлэлдээ бичсэн шиг санагдана. Гэтэл сая, Пэрлээ гуайн нэг, шүлгийн номыг дэмий сөхөж суутал “Хунгаар” гэж Венгерийн; эртний нэр бөгөөд Хун-гар гэсэн нэр юм гэж байв. Унгарыг үнэхээр Кунгар гэж латин үсгээр галигласан үзэгддэг бөгөөд Кун гэдэг бол Хун гэсэн нъ мэдээж. Харин гар гэдэг нь гэр гэсэн үг үү, биш үү? Ямар боловч Хүннү улсын үлдэгдэл биз. Тэхээр Монгол нутагт Хунхээр гэж яригдаж үлдсэн нэрээрээ тэд Европт Хунгар-Унгар-Венгер болж дуудагдаж суурьшсан, Хун улсын 1 аймаг байх.
Түүнээс гадна, нэгэн сонин зүйл бол, Дагестаны Авар ястан нь эрт урьд, манай монгол нутагт байсан овогтон гэж яригдах болжээ. Үүгээр үзвэл, эртний их нүүдлийн үеэр энэ нутаг газраас олон олон аймаг өстөн болж буюу ямар нэгэн хэрэг тарьчихаад үүрд нүүн одсон байна.
Чингисийн байлдан дагуулалт бол санамсаргүй булаан эзлэлт биш өөрийн тооцоот улсуудаас түүхийн өс хонзонгоо авсан том үйл явдал байж мэдэх юм. Гэхдээ би түүнийг “ариун даш” гэх гээгүй байна. Ер нь иймэрхүү хариу авалт, ээлж нь улс түмний түүхэнд олон дайралддаг юм. Тиймээс ч монголын байлдан дагуулалт нь Франц, Германыг хөндөөгүй, Энэтхэг болон бусад орнуудыг эзлээгүй зогссон биз. Яагаад цааш эзлэлгүй зогссон бэ гэдэг асуудал, бүх түүхчдийг эргэлзүүлэн гайхуулдаг юм. Энэ явдлыг хойч үе өөрийнхөөрөө дүгнэх биз.
Монгол хэлний хогшил, хөрөнгө гэдгийн хогшил гэдэг үг, хог гэдэг үндэстэй юм гэж би хувьд бодож байна. Хог бол юмны, үүсгэл, үрэгдэл бөгөөд хогших гэдэг нь ихсэх, тархах гэсэн агуулгатай үг болоод “хогшил” гэдэг нь үйлт нэр болж үлдсэн биз.
Энэ мэт мухар сохор таамаглал өдөр шөнө бодсоор, тухайн үед миний бие дэмий сул хэвтэж шахам байна. Энэ захидлыг дуусгаж чадалгүй 3 хоног алгуурлав. Одоо шууд төгсгөе.
Өмнөговийн Цэрэндорж гэж нэг ерөөлч маягийн, сул шүлэгтэй, сайхан залуу, “Залуу үе” сэтгүүл дээр гарсан байна. Сонирхоорой. Дорноговийн Гүрбазар гэсэн билүү, нэг залуу (залуу ч юм уу, бүү мэд) “Дугуй хээтэй наадам” гэж тун аятайхан шүлэг бичсэн байна билээ. “Утга зохиол-Урлаг” сониноос уншаа биз дээ? Ер нь тун сайхан шүлэг шүү!
“Махан толгой” Баярсайхан чинь биш, говь чигийн хүн тул чи, агсам тавилгүй тэр шулгийг сайтар судлан уншаарай. Ж.Бямбаагийн “Их аяныхан” гэдэг, жолооч нарын тухай роман гарлаа. Далхжав багшийн “Хуучин монгол бичиг” гэдэг сурах гарчээ. Би түүнийг сөхөн үзэж байгаад урам хугарав. Хуучин үсгээр хэвлэсэн урьд урьдын номонд тохиолддог нийтлэг үгийг энэ номд нэг л өөр зохиомол мэт бичсэн байх юм. Чи үзээрэй. Би юу гэх вэ!
За ингээд хүндэт Дэмбэрэл, Сугармаа нарын мэндийг чамд уламжлан, энэ удаа бүгдэд чинь бөхийн ёслоё.
Р.Чойном.
ЗҮҮЛБЭР:
Энэ бол Р.Чойном бие сэрвэгэр итгэл өөдрөг үедээ 3 зүйлийн талаар бодол эргэцүүллээн хэлхсэн захиа юм.
Нэгдүгээрт: Сайн техник, цэцэн санаа нийлбэл сонгодог шүлэг болдог. Харин дэндвэл хиймэл болдгийг сургамжилсан нь хойчийн залуу авъяастанд үнэгүй заасан хичээл юм.
Хоёрдугаарт: Венгер хэмээх Унгарыг Ринчен багштаны айлдсан түрэг гаралтан төдийгүй “Хүн-гэр”-ийн гэж айлджээ. Энэ бол өдөр тутам үг хэрэглэгч дуртай дургүй ч үгийн нууцад нэвтэрдгийн жишээ мөн. Гэхдээ үүнийгээ зөв гэж зүтгээгүй “Мухар сохор таамаглал” гэсэн нь даруу зан юм.
Гуравдугаарт: Уран зохиолын онол хэл шинжлэлийн төдийгүй түүхийн нууцад түлхүүр тааруулах, тон эс болбол хөвөн чихэх гэж үзсэн нь сонин. Р.Чойномын бодлоор Чингис хаан Монголын уудам нутагт үйл үйлдсэн, улмаар дүрвэн одсон, хил химлэсэн, итгэл эмтэлсэн улс гүрнииг л номхотгосон, тэгээд Франц, Герман бусад орныг эзлэн түрэмгийлээгүй болж таарлаа.
Түүхчдийн толгой гашилгадаг асуудлыг монгол эр тайлсан нь энэ аж. Эрдэмтэй хүн эргэлзээг магадлууштай эрдэмгүй нэгэн итгэн магтууштай, эсвэл үл тоон доогломоор элдвийг бодол энэ захианд зөндөөн учир уншихад уйтгаргүй, Р.Чойномын оюун сэтгэлгээний зурвас ажээ.
НЭРСИЙН ТАЙЛАЛ:
Бүхний танил хийгээд урьд дурдан тодосгосон нэрсийг орхиод зарим шинээр гарч буй нэрийг тодосговоос:
-Гүрбазар-Ш.Гүрбазар Дорноговиос тодорсон олон авъяаслаг зохиолчийн нэг. Монгол авъяас бүхэн шүлгээр эхэлдэг жамаар УБДС-ийн оюутан үеэсээ шүлэгг шүтсэн. Эхэн үеийн “Дугуй хээтэй наадам” шүлэг нь одоо ч түүний нэрийн хуудас болсоор байгаа. Өдгөө бүхний танил телевизийн нэрт сэтгүүлч, жүжгийн зохиолч, кино жүжигчин, яруу найрагч болжээ. Түүний төөргийг Р.Чойном анхны шүлгээр нь таньсан байна.
-Цэрэндорж-Ц.Цэрэндорж. Өдгөө Монгол Улсын гавъяат зүтгэлтэн. Морин хуурч, Чойномьш зөгнөн тодорхойлсноор яруу найрагт гавьсангүй, ерөөлч магтаалчийн хувьд урьдаа хүн гишгүүлсэнгүй.
-Ж.Бямбаа-”Хорвоогийн өнгө” зэрэг олон романы зохиолч. АИХ, УБХ-ын гишүүн. Шударга үнэний нударга болсон ардын элч. Харамсалтай нь дэндүү эрт таалал төгсчээ.
-Баярсайхан-Хажуу-Улааны дунд сургуулийн хөдөлмөрийн багш. Энэ нэрийг захидал дээрээ уншихын аргагүй болтол балласан боловч гэрчийн тусламжаар илчлэн тавив.

2010/02/19 Улаанбаатарын сонин

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x