skip to Main Content

РИНЧИНИЙ ЧОЙНОМ БОЛ АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, ҮНЭНЧ ШУДАРГЫН ДУУЧ.

cho1.2Хэнтий нутгийн эгэл даруухан малчин ардын хүү одоогийн бидний хүндлэн биширч хайрлан дурсан шүлэг зохиол, уран бүтээлийг нь цээжлэн уншиж явдаг төрийн соёрхолт яруу найрагч Ринчений Чойном юм.
Хүнд суртал ноёрхож ганц хүний эрх мэдэл хэтэрч нийгмийн шударга бус байдал газар авч үнэнийг хэлэгдсэдийг хэлмэгдүүлж худал бүхнийг өргөмжлөн хүний эрхийг зөрчиж байсныг хараад үнэхээр сэтгэл эзмэглэхдээ шударга дайчин шүүмжлэлт хурц дайчин үгсээрээ зүрх сэтгэлийнхээ уур бахимдлыг тайлан уран бүтээлээ туурвисан нь цаг төрийн үзэл бодолтой зөрчилдсөнөөс хорих газар ял хэлэлцүүлэн суух үндсэн шалтгаан нь болсон гэдэг.

Монгол Судлалын III Бага хурал,
АНУ дахь Урлаг Соёлын ажилтны Чуулга Уулзалтад хэлэлцэгдсэн илтгэл
Вашингтон Ди Си, 2009 оны 5 сарын 9

Уурлаж байна би уурлаж байна.
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагийг ажих бүр
Уур минь аяндаа асч байна. Энэхүү шүлгээс ажиглахад тэрээр тэр үеийн нийгэм болон хүмүүсийг гүтгэж буйг хараад ямар их бухимдаж сэтгэл нь яаж асаж байсан нь ойлгомжтой.
Сурах авъяастай хүмүүсийг үлдээгээд авъяас чадвар муутай хүмүүсийг явуулдаг арын хаалга гэгчийг, мөн жуулчид манай түүх соёлын хамаг юмыг зөөж, монголын ард түмний хөгжил дэлхийн улс гүрнээс олон зуун жилээр хоцорч буйг хараад өөрөө өөртөө уншихаар бичихдээ:
Эх орны минь алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг европоор тарааж
Эсэн бусын ховч доншуучдыг авчраад
Өөрснөө мал мэт сажилж явна гэж хатуу бөгөөд тэр үеийн нийгмийг нүдэнд харагдаж чихэнд сонсттол шүлэглэсэн байна.
Аугаа их хүнийг
Амьдад нь танихгүй
Авсанд хийчихээд уйлдаг
Ард түмэн минь хөөрхий
Түүхийн однуудаас
Түүж авч худалдчихаад
Түүнээ үгүйлж байдаг
Төр засаг минь хөөрхий гэсэн энэхүү шүлэгтээ: С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Г.Сэр-Од, Д.Сэнгээ, Д.Гомбожав, Ч.Ойдов гэх мэт алдар цуутай хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсээ нас барсан хойно нь дурсдаг явдал манай улсад ч бусад улс оронд ч байдаг явдлыг өмнө нь тэгж хэн ч зориглож хэлж байгаагүйгээр тэр үеийн харанхуй засгийг хөөрхийлэн шүүмжилж бичжээ. Мөн орчин тойрны хүмүүсээ ажиглаж эцэст нь ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ:
Эсэргүү гэж 30-аад онуудад
Эрдэмтэн бүхнээ хядсанаас хойш
Малын тоо хэтэрхий өсчээ
Манай засаг ч цэцэн юм даа
Эрдэмгүй бүдүүлэг
Энгүй маанаг
Эрхэм та нарын төлөө
Энэ бүхнээ зориулахсан гэж шүлэглэжээ.
Нүглийг туулсан ард түмэн минь
Нүдэнд чинь үүл суув уу?
Хүчтэний өмнө бөхийж
Хүчгүйн өмнө годойж
Хамелеон шиг явсан та нарын
Харамсалтай түүхийг би мэднэ гэх мэтийн улс төрийн агуулгатай зүйлийг зоригтой хэнээс ч айж эмээхгүй, өөрийгөө золиосонд гаргаж хамаг зүрх сэтгэлээ эх орон ард түмэндээ зориулж уран бүтээлээ шүлэг нийтлэлээрээ нийгмийн гаж зүйлс, төр засгийн буруу бодлогыг, буруу бүхнийг огтхон ч нууж хаалгүй үнэн мөнөөр нь бичиж байсныг нь үзэн шүлгийг нь судлан түүний сэтгэлийн цогц ертөнцөд хийе бүтээе гэж явсан залуу насны эрх хүчрүү нь нэвтрэн ороход агуу их найрагчийг ямар хосгүй хүн байсныг улам ихээр мэдэрч хатуу хүнд үед ардчилал үнэн шударгын дууч болж явсаныг нь улам ихээр ухаардаг.
Тэр үед харанхуй засгийн тийм их хатуу бөгөөд үнэн үгийг хэлэх хосгүй их авъяастай хүмүүн байгаагүй. Тэр байтугай одоо ч гэсэн Чойном найрагч шиг шүлэглэж ардчилал, үнэн шударгын төлөө амь биеэ зориулсан хүмүүн нэгээхэн ч төрөөгүй, төрөх ч үгүй.
Чойном найрагч орчлон дээр ганцхан заяаж богинохон насалж, хийе бүтээе гэсэн зүйлсээ гүйцэлдүүлж чадаагүй диваажинд зочилжээ. Гэвч хорвоогийн тоосыг хөдөлгөн явах богинохон хугацаандаа ямар агуу их зүйлийг бүтээж хойч үедээ даатгасныг бид бүхэн мэдэрч байна.
Түүний үр удам хойч үе нь болсон бид бүхэн уран бүтээлийг нь дээдлэн биширч дуу, шүлгэндээ оруулан бахархаж, улс даяараа хүн бүр түүний шүлгийг цээжлэн амьдрал тэмцэл авъяас билгийг нь шүтэн алхах боллоо.
Мөн Чойном найрагчийн шүлгийг ажиглахад амьдралын хар барааныг өгүүлж сүүл холбоос, толгой холболтыг сайн хэрэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд одоогийн хүүхэд залуусын сонирхдог Нip Hop хөгжмийн урсгалыг ч гэсэн Чойном нэрийг нь өгөөгүй л болохоос аль 60-аад оны үед тунхаглан уран бүтээлээ туурвиж байжээ. Иймээс ч одоогийн хамтлаг дуучид ихэнх нь Чойномын шүлэгнээс дуу болгон бүтээсээр бараг ихэнх уран бүтээлд нь аяз хийгдээд байна.
Р.Чойномыг ардчиллыг монголд анх үндэслэсэн хүн ч гэж хэлж болно. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөөд байна. 1990 оны ардчилсан хөдөлгөөн эхлэхдээ түүний зурганд цэцэг өргөж агуу их найрагчийн хөргийг урдаа барин тэмцэж байлаа.
Ардчилал үнэн шударгын дууг Чойном маань энэ бүхний урдаас мэдэн зөгнөн илтгэж байжээ. Үүний нэг тод жишээ нь:
Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ гэж эхнэр, хайрт хань, охиныхоо эх Нинадаа итгэл төгс хэлж байсан гэдэг. Түүний шүлэг зохиол нь тэнгэрт тултал гайхагдаж төрийн шагнал нэхэн олгож ардчилал хөгжиж мандах энэхүү сайхан үе амьд байхад нь тохиогоогүй нь тоогүй.
Ингээд бодохоор аугаа их авъяас билэг төгс хосгүй суут хүнээ амьдад нь танихгүй тарчлаан зовоосоор адаг сүүлд нь авсанд хийчихээд уйлж цол шагнал нэхэн олгодог нь үнэхээр хөөрхийлөлтэй.
Чойном найрагчийг үнэхээр өрөвдмөөр ч юм шиг … Гав ганцаараа өсөөд гав ганцаарханаа эх орон, ард түмнийхээ, эрх чөлөөнийхөө төлөө дуусан дуустлаа гав ганцаарахнаа тэмцэж явсаныг нь сонсоход нүднээс доголон нулимс урсдаг.
Хорвоогоос хүн холын хол явсан л бол ахиж ирдэггүй нь орчлонгийн жам. Үүнийг төр засаг маань ухаарах цаг хэзээ ирэхийг би тааж баршгүй. Бурхан болсон хүн уйлж, инээж, баярлаж наргидаггүй байхад доромжлол мэт шагнал урамшлыг нэхэн олгож даяар олноороо гайхан шагшдаг нь инээмсэглэл төрүүлэм.
Чойномын тухай олон хүн найраглал, дурдатгал бичиж байгаа хэдий ч түүний дотоод сэтгэлийн сонсголон болсон сэтгэлийнх нь байгальд жуулчилсан нь бас л тоотой. Хүний дотоод сэтгэлийн ертөнцийг таньж яахан барна.
Чухамхүү шавхагдашгүй баялаг, таагдашгүй оньсого нээж баршгүй нээлт гэвэл тэр гарцаагүй мөн. Тэгвэл Ренчиний Чойномын ертөнцийн тавилан, хувь заяаны ямархан тойргоор цаг үедээ амьдарч явсныг мэдэх хүн цөөн.
Зарим нь олон хүүхэнд дурлаж, дурлуулж архи дарсыг өөрийн дураар ууж, улс төрийн эсрэг элдэв үг дуугарч гэмтэйдээ ял зэм хүртэн орон шоронд орж явсан биз гэж бодох нь бий.
Гэвч тэр хүмүүс Чойномыг огтхон ч мэдэхгүй байж элдэв бодлыг агуулан яваа нь богино ухаантай хүмүүсийн шинж гэж хэлж болно. Түүнийг 7 настайд нь эцэг нь нөгөө л засгийн хилс хэрэгт хэлмэгдэж өнчрөлийн гашуун нулимсаар нүүрээ угааж өсчээ. Эцгээ санасан хүүгийн нялх зүрх цагаас эрт хэрсүүжиж амьдрал хэмээх их хөлгөн судрын учрыг дэндүү эрт ухаарчээ.
14-хөн насандаа эрүүл мэндийн улмаас Хэнтийн арван жилийн дунд сургуулийн зургадугаар ангид ирээдүйн Монголын нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдоржтой тохой зэрэгцэн суралцаж байхдаа аргагүйн эрхээр сургуулиа орхисон байна.
Ер нь найрагчийн бага нас ч сонирхолтой. Тэр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэдэг газар 31 настай Ринчин, 26 настай Рэгзэн нарын дундаас төрсөн бөгөөд арван таван нас хүртлээ Чойному Сурияа нэртэй яваад хожим Чойном гэж товчоор бичих болсноо ч өөрийн тэмдэглэлдээ үлдээсэн байна…
Энэ хүнийг тогтвортой ажиллаагүй нааш цааш холхисон нэгэн байсан гэх хүн мэр сэр байлаа. Яагаад ингэж амьдрах болов гэдгийг бас эргэцүүлэн бодох нь зүйтэй бизээ. Чойном орчлонгийн зовлонг мартахын тулд шүлэг бичнэ. Тэрхэн үест нь нойр хоол, амрах цэнгэх юу ч биш байснаас бичсэн шүлгээ эргүүлж машиндах цагтаа ч харамсдаг байв.
“Хүн” шүлэглэсэн романаа хорин наймхан хоногт бичсэн нь түүний авъяас билгийг гэрчилнэ. Түүний онгод ямагт буцалж байснаас шүлгээ онгод хүлээх бус дуртай цагтаа, хором бүртэй уралдан бичиж үзэгний бэх солих завгүй хөдөлмөрлөж, амь нас, амьдралаа шүлгийн дэвжээн дээр хатааж байжээ.
Эр хүний зориг хатуужлыг ч тэр биеэрээ үзүүлэгч нэгэн байв. Өөрийг нь цаг мөч бүхэн хардлага сэрдлэг тойрч шүлгий нь уншсан цэрэг сахилгад сууж байсан тэр үед үнэнийг хэлснээрээ буруутан болж баривчлагдаад явахдаа ч эргээд ирэхдээ ч тайван ухаалаг байсан гэдэг юм.
Ханьдаа “Чи миний араас уйлаад хэрэггүй Чи минь үлдсэн шиг үлд, Би явсан шиг явъя. Миний тэмцэж явснаар чи хэзээ нэгэн цагт бахархах болно. Үрийг минь өсгөж удмыг минь үлдээхийг л бод” гэж уйлуулан хэлээд одсон нь хатуу ч гэсэн үнэн.
Чойном цаг үедээ зохицоод шүлгээ бичиж номоо хэвлүүлэн бусдын л адил орон байр, цалин мөнгөтэй амьдарч болох л байсан. Гэвч яагаад тэгсэнгүй вэ? Тэр өөрийн үзэл бодолд үнэнч байснаас өөрийнхөө үеийн бялдуучлал, муу муухайг оюун сэтгэлээрээ уран бүтээлээрээ эсэргүүцсэн.
Чойном эд хөрөнгө, хувцас, хунарыг хөөцөлддөггүй шүлэг, дурлал сэтгэлийн чөлөөт байдлаараа үнэнхүү дураараа хүн байжээ.
Байгалиас ховорхон заяадаг найрагчийн нэгэн болсон энэ хүний аялгуу тансаг шүлэг найраглалууд бидний сэтгэлд мөнхийн уянга болон оршном. Он жил алслах тутам Р.Чойном гэсэн нэр яруу найргийн тэнгэрт улам л тодрон гялалзана. Хойч үе маань түүний үлдээсэн олон зуун шүлэг “ Гал морин цаг”, “Далан жаргалан”, “Хойд төрөл”, роман. “Алтай”, “Залуу нас” “Тэнгис”, “Дорнодын сувд” “Буриад”, “Миний үзсэн хорвоо”, “Хүрэл симфони” зэрэг жар гаруй томоохон хэмжээний болон бэсрэг найраглал, “Гөлөг” “Хар цэцэг”, “Манай тэнд” зэрэг хүний амьдрал, ёс суртахуун амьтны зохицол, хошин инээдмийн хэлбэрээр бичсэн туужууд.
Зөвлөлтийн яруу найрагч Расул Гамзатовын “Кавказын хүүхнүүд” дөрвөн мянган мөр шүлгийн орчуулга, зохиолчдыг нөхөрсгөөр хошигносон элэглэл, зургийн цомгоос авахуулаад дэлгэж тавихад бүтэн үзэсгэлэн болох гар зургууд, сийлсэн сийлбэр урласан баримал зөвхөн гэргийнх зургаар үзэсгэлэн нээж болохоор гэрэл, зургийн бүтээл зохиосон дуунуудаар нь бахархах болно.
Тэрээр А.С.Пушкиныг өөртөө нээж, дэлхийн утга зохиолын дэвжээн дээр Джеймс, Уэльсс Сетон, Томпсон, Чингиз Айтматов. Антон Чехов нарын зиндаанд өөрийгөө тавьж уран бүтээлээ туурвиж явсан. Тухайн үеийн нийгмийн хэсэг бүлгийн хавчлага шахалтад бухимдсан томорхсон гутарсан гансралаа тайлахын тулд хэсэгхэн үе архидан, алдаж онож явсан ч цаг үе нь Чойномыг алдсан болохоос Чойном алдаагүй юм.
Өөрийгөө ойлгохгүй хүний харгалдан жөтөөрхөхгүй омог бардам дуулах л өртэй дуугаа дуулж билэг авъяасын нь шүтэх ирээдүйн их өдрүүдийн төлөө бүхнээ зориулсан билээ.
Ая тал засан нүүрэн дээр нь долдойдож араар нь гутаагчдын тулж түшиж явсан үнэнч нөхдөө ч танихын дээдээр таньж өөрийнх нь тухай хожмын өдрийн гэрч болно гэдэгт итгэсэн нөхөддөө шүлгийн дэвтрээ энд тэнд тараахдаа:
Хэтэрхий тоогүй явна даа гэж
Хэзээ ч намайг бүү өрөвдөцгөө
Хэрэгтэй бол түүх өрөвдөж
Хэдэн нулимс дасаана биз гэж хэнэггүйхэн дуулж явлаа.
Өнөөдөр яруу найрагчийн хилс хэргийнх нь төлөө цагаатгах, тэр байтугай Чойномын хөшөөг Улаанбаатар хотод сүндэрлүүлж хүн бүрт шүлгийг нь цээжлүүлж шүтэн бишрэх цаг иржээ. Зарим хүн үүнийг үл тоомсорлож зөвхөн ном нь хэвлэгдсэнээр хангалттай цагаадлаа гэж үзэж байгаа нь дэндүү гэнэн, балчир жаахан хүүхдийн санаа юм шиг санагддаг.
Хэдийгээр Чойном оноосон ялыг эдэлсэн ч бие хүнийх нь нэр төр үнэнч шударгын төлөөх тэмцэл зөрчилдсөн эрхийг сэргээх нь хүнлэг, ардчилсан төрийн үүрэг билээ. Сэргээх сэргээхдээ хүн бүрт Чойном гэж ямар хүн бэ? гэдгийг ойлгуулж хийсэн бүтээсэн туулж өнгөрүүлсэн амьдралыг нь ухамсарлуулан бодуулах хэрэгтэй.
Чойномын бүтээсэн гавъяа юугаар ч зүйрлүүлж үл барам. МЗЭ-д Чойномын элсэхийг хүссэн өргөдлөө олон удаа гаргаж байсан боловч биелэгдээгүй өнөө тэр хүслийг нь ард түмэн гүйцэлтүүлж, найрагчаа төрийн шагналд нэрийг нь дэвшүүлж шинэ цагийн хувьсгалын дуугаараа өргөмжлөн алдаршуулсан нь харин бахадмаар. Р.Чойном улс төрийн шүлэгнээсээ болж шүүхэд дуудагдан 106 хоног суухдаа маш олон зүйлийг эргэцүүлэн боджээ.
Тэрээр: Энэхүү нам гүм цоожинд суусан 106 хоног бол би өөрийн амсч өнгөрүүлсэн 33 жилийг анх удаа бүрэн эргэцүүлэн бодож, олон талаас нь шүүн тунгааж чөлөтэйгээр дүгнэлт цэгнэлт хийж үзсэн миний өөрийн хувьд онцгой чухал үе боллоо.
Өнгөрсөн хугацаанд би энэ мөрдөнд бүтэн улирал дамжин өлсч ундаасч уйдаж гиюүрэн хэвтсэн маань өөрийн эрүүл мэндийн хувьд хүнд цохилт болж байгаа боловч үзэл бодлын цаашдын зөв зүйтэй замаа сонгон ойлгож авах явдал бол харин ч сайн, завшаантай хэрэг боллоо гэж сэтгэл зовохгүй хэлж болно. Энэ бол амьдралын үнэний төлөө шалгалт, өөрөө өөрийгөө шүүх хангалттай хугацаа боллоо.
Урьд нь би хэзээ ч өөрийнхөө амьдралын бүх л салаа мөчир, бүтэн замналыг ингэж эргэн харж явсангүй. Ингэж тухтай эргэж харах зав, ухаан хоёр ч байсангүй.
Одоо бол би юу болчихоод, ямар зүйл дээр би буруутаад өөрийн архаг хуучтай, тахир дутуу биеийг мөрдөнд хатааж уран бүтээлийн их цагаа алдаж, буурал болсон хөөрхий ээжийгээ зовоож, охин дүү нараа айлган энд сууж байгаа билээ? гэдгийг олон талаас нь нарийн нягт бодохгүйгээр байх нас ч биш, цаг ч биш болжээ. Би бол ангарайтан наргиж, өнөө маргаашийг өнгөрөөн толгой холбосон зүйр үгсээр тоглож явдаг залуу багын цаг биш, хэрсүү сууж ухаан орох үе хэдийн болсон хүн гэдгээ өөрийн эрхгүй ойлголоо.
Ийнхүү олон янзаар эргүүлж тойруулж бодвоос миний энэ хийсэн /бичсэн/ муусайн этюд тэмдэглэл бол яах аргагүй буругаар үл барам, ичгүүр сонжууртай хэрэг байна гэдгийг дүүрэн хүлээж байна. Энэ хэрэг яагаад миний гараар, хар бэхээр цагаан цааснаа бичигдэн үүссэн бэ? гэдгийн уг шалтгааныг би өөрийн биеэр ойлгож байгаа үнэн бодит байдлаар нь дээр өгүүлсэн.
Миний итгэж найзлан байсан хүмүүс улс төрийн баттай үзэл мэдлэг дулимаг байдлыг минь ашиглан элдэв үгсээр хутган үймүүлж эцэстээ намайг нэр төрийн талаар бүрэн унагаж улмаар уран бүтээлийн тавцангаас үүд зайлуулсан. Тэр чанараараа өөрснөө завшиж нэр төр, мөнгө олз олох гэж эчнээ бодол агуулан уруу татаж байжээ.
Энэ бүхэнд цөмөөрөнд ганцхан 1965 оны өвөл архи уусан согтуугийн улмаас Б.Явуухулан бид хоёрын хооронд хувийн маргаан гарсан явдлаар шалтаг болгон тайлбарлаж ам тагладаг явдал. /Жинхэнэ үнэн мөнийг тунгаавал миний буруугаас гадна Явуухулангийн буруу нилээд хувийг эзлэх юм шүү. Үүнийг Явуухулан бид хоёр жич ярилцан буруугаа хүлээлцээд тэр жилдээ өнгөрсөн хэрэг/
Энэ бүхэн бодит баримт болно бизээ. Ийм үнэний баримт байсаар байтал миний зүгээс хүч хүрэхгүй болж, сэтгэл санаагаар унасаар хувийн элдэв бэрхшээлд дийлдэн 1967 оны хавар архины цагаан солио өвчин тусах шинж тэмдэг илэрч, улмаар би амиа хорлох гэж вагоны зам дээр согтуу хэвтэж байсан зэргийг одоо гэрчлэх хүмүүс бол Ардын цэргийн ахмад Д.Алхбаатар, түүний гэргий Түмэннасан, шүлэгч Ш.Сүрэнжав зэрэг хүмүүс байна.
Гэвч хэдийгээр ийм шалтгаануудаар шалтаг олж үүссэн миний тэр үзэл санааны хувьд эрүүл бус хэдэн тэмдэглэлийг би, зайлшгүй бичих учиртай болсон бодит шалтгаан нь энэ гэж хаацайлан хамгаалж, өөрийн төөрөгдлийн гэм бурууг цагаатгах гэсэн юм бишээ.
Би ухамсар доройгоос нэгэн удаа үзэл суртлын ноцтой гүнзгий алдаа хийсэн маань үнэн боловч тэр алдаагаа булзаж булталгүй түүнийг гаргасан эзний ёсоор, бие дааж өөрийгөө дайчлан цагаатгаж залруулах ухамсар надад бий гэж нүүр бардам хэлнэ.
Би алдаа дутагдлаараа бахархах нь бус, тэр алдаа дутагдлаа хэрхэн үнэнчээр засч чадаж байгаагаараа бахархах ёстой. Миний бие өсөн хүмүүжиж ухаан эрдэм болон идэх уух бүхнээр тэжээн тэтгэж байгаа энэ нийгэм, эл улсынхаа анхаарал халамжинд нь хэтэрхий эрхэлж эдүгээ хүрээд нам, засгийнхаа өмнө гүнээ буруутай алдааг хийж, нийгэм төрөө гүтгэж муучилсан боловч би амьдрал, уран бүтээлийн урт бөгөөд чөлөөт зам өмнө минь байна гэж итгэж байна.
Учир нь гэвэл алдаа буруугаа нэгэнт ойлгож гэмшсэн цагт түүнийг засах нь амархан гэдэг. Хуулийн зүгээс оногдуулсан шийтгэлийг би нүд анин хүлээж суухгүй. Энэ алдаагаа үнэн санаанаасаа гэмшин ойлгосон өдрөөсөө эхлэн өөрөө өөрийгөө яллан буруушааж өөрөө өөрийгөө хүмүүжүүлэн засч авах үзэл санааны том тэмцэлд орсон юм.
Үүнээс үзэхэд бидний ардчиллын дууг хосгүй хүн маань ямар их шаналалд унаж цаашаагаа уран бүтээлээ туурвиж гаргаагүй номуудаа гаргаж ард түмнийхээ сонорт хүргэх ариун сайхан хүсэл эрмэлзэл минь уначихвий гэхээс зүрх нь түгшин 1969 оны 07 сарын 21-ний орой мөрдөнгийн хаалгаар орсон гэм буруут бие тун тааруу Чойном хэзээ ч мөрдөнгөөс дахиж нартын амьдралд гарч чадахгүй болчихвий гэхээс чичирэн хийх бүтээх зүйлэндээ харамсан байсан нь тодхон байна.
Тэгэхээр бидний одоогийн хайрлан хүндэлж явдаг найрагчийг минь яаж зовоож тарчлааж байсныг ухаарахаар тэр үеийн засгийг үзэн ядах сэтгэл аяндаа төрдөг.
Хүн ганцхан олдох амьдралдаа тэр ч байтугай асар богино хугацаанд ямар их зүйлийг бүтээж болдог, мөнхөд дуурсагдах гавъяаг цогцлоож болдогийг Чойномын амьдралаас харж болно.
60, 70 –аад оны үед монголд ардчиллын үнэр ханхлаагүй, хатуу үед малчин ардын эгэл хүү Ренчинийн Чойном ганцаараа тэмцэж галын өөдөөс зоригтой орсон. Яагаад одоо бидний үед Чойномыг шүтэж түүний шүлгүүд дуурсагдан байна вэ?
Тэр үнэхээр мөнхийн баатарлаг мартагдашгүй гавъяаг байгуулж чаджээ. 40 гаруй жилийн өмнөх шүлгүүд устаж үгүй болох нь бүү хэл Р.Чойномын бүх шүлэг уран бүтээлийг цээжлэн уншиж, алхах хүний тоо цаг хором өнгөрөх тусам олширсоор байна.
Болдогсон бол түүнийг одоо үед авчраад энэ бүхнийг харуулахсан. Тэр лав нүдэндээ итгэхгүй байх. Гашуун амьдралыг туулсан хүн ийм сайхан зүйлийг хараад гайхаж балмагдаж баярласандаа бүр хосгүй сайхан шүлгээрээ сэтгэлийн цацал өргөх байх.
Ардчилал үнэн шударгын дууг тэрхүү хосгүй яруу найрагч сууж хүмүүн Чойномын зүрхний эгшиг одоо л мэдрэгдэж сэтгэлийн утас хөглөгдөж байна. Харамсалтай нь тэр даан ч орчлон дээр одоо алга. Гэвч түүний уран бүтээл, сэтгэл зүрх бодол нь ариусан шингэсэн шүлгүүд нь бидэнтэй хамт байна.
Өнөр түмэндээ үнэнч явж юм бүтээе гэж
Өвдөг сөхөрч тугандаа би тангарагласан
Өргөсөн тангарагаа биелүүлж орчлонгоос буцах цагт
Өөр минь биш шүлэгт минь туг нэгэнтээ бөхийнө.
хэмээсэн найрагчийн тангараг ч биелэлээ олж алдарт хүмүүн маань ч үе үеийн түүхэнд дуурсагдаж уран бүтээлийг нь үрийн үрд дээдлэх болтугай гэсэн сайхан ерөөлөөр өндөрлөж
Дуусан амьдарч чадаагүй
Дуучин Чойномдоо түмэнтээ бөхийнөм.
Төмөртогоогийн Түвшин (Их Засаг Их Сургууль)

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ

1. Ц.Нэргүй, “Р.Чойномтой нөхөрлөсөн минь” УБ. 1990
2. С.Нарангэрэл “Р.Чойномд тулгасан ял” УБ. 1990
3. Н.Ням-Осор “Бурхан Халдун“ УБ. 2002
4. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу” УБ. 1990
5. Р.Чойном “Хоноцын хүүхэд” УБ. 1992
6. Р.Чойном “Би эхнэр авахгүй” УБ. 1993

2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 03:13

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x