4-Р САРЫН 26. Р.ЧОЙНОМЫН ЦАГААТГАГДСАН ӨДӨР
1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар Р. Чойномд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцээд түүнд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон шүлгүүд нь агуулгын хувьд зарим дутагдалтай байсан нь үнэн боловч түүгээрээ БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан, төрийн эсрэг чиглэсэн гэх үндэсгүй бөгөөд зориуд бэлтгэж тараасан баримт алга байна. Иймд 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн “а” ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал буруу болжээ”гэсэн дүгнэлт хийж Р. Чойномыг нэхэн цагаатгажээ.
Баруун гараас: Яруу найрагч Б. Явуухулан, Р. Чойном, Н. Очирбат 1974 он
МОНОЛОГ
Найз минь, та нар минь, сэтгэлт минь
Намайг битгий хараагаарай!
Найраг шүлэг нь эс ч, найрагчийн бие нь гомдоно.
Намайг бас бүү хоосон магтаарай.
Найрагчийн бие тэрхүү магтаалд жаргавч
Найраг шүлэг нь зовно, өвчилнө…
Найрагч гэхдээ би
Нацагдорж биш, Пушкин биш,
Бага гарын авсаархан –
Баясал гомдлын бэлэн дууч!
Аугаа их байх чадал хүрээгүйдээ биш
Алтан титмийг нь өмсөх заяа дутсандаа биш
Тэр сод хүмүүсээс би
Тэс өөр хүн.
Зам минь тусдаа
Зан минь ондоо.
Мөлхөж өссөн шороо минь өөр,
Мөрлөж өссөн тэнгэр минь өөр!
Уусан ус, суусан ёс, цаг үе минь өөр!
Ууган хайр, ууган ном, уналт ялалт минь өөр!
Алтан навчис хаялах хангай ханы намар
Аяны дуучин ангир шиг уянгаар уйлж яваагүй.
Аргал түлсэн гэрийн нүүдэл нүүдэлд түүртэж
Аугаа их дорно дахины түүхийг үүрэн бөхийсөн
ачаа зөөгч билээ би.
Унаган багын найзууд минь өөрснөө
Дорно дахины ардын дуу билээ.
Учирсан амраг минь өөрөө
Дорно дахины яруу найраг билээ.
Уншигч сонсогч түмэн минь өөрснөө
Дорно дахины гүн ухаан билээ.
Ундааныг нь зөөгч миний бие
Дорно дахины нэг шүлэгч!
Цусан төрөл та нартаа
Цул алтнаас илүү хэрэгтэй
Бэлэн шүлгээ би өгнө
Бэрх цагт хань чинь болог!
Аргих наргихын чинь цагт
Алтан шаргал сархад чинь болог.
Аймшиг, түгшүүрийн чинь цагт
Агсаж явах зэвсэг чинь болог.
Уналтын чинь цагт таяг чинь болог.
Уйлахын чинь цагт алчуур чинь болог.
Учрахын чинь цагт хөгжим чинь болог.
Урт амьдралын чинь газарчин энэ болог!
Амьдралын ай түмэн нугачаанд
Алаг зүрх чинь ганцаардахын цагт
Хаашаа явах вэ гэж бурхнаас битгий асуу
Хан Хэнтийн шүлэгч надаас асуу.
Найрагч миний бие
Нацагдорж ч биш, Пушкин ч биш
Орчлонд ганцхан хувь хэвлэсэн
Онгон талын яруу найраг билээ!
1974–XI–15
“Сүмтэй бударын чулуу” номоос, 2011