АГУУ НАЙРАГЧИЙН СҮНСИЙГ ДУУДСАН АЛТАН ӨДРҮҮД
Тэртээ нэгэн цагт монголын яруу найргийн сүмбэр оргилуудын нэгэн агуу их Р.Чойномыг хэвлийгээсээ төрүүлсэн Хан Хэнтий нутаг уянга тансаг найргаар дуншин байв. Угийн найраг шүлэгт дуртай түүнийхээ төлөө нас амиараа дэнчин тавихаас ч үл буцам ард олон минь энэ билигт өдрийг тэсч ядан хүлээсээр…
Төрийн соёрхолт яруу найрагч агсны нэрэмжит найргийн найрын зар авсан шүлэг найрагчид ч газар газраас нуурандаа чуулах шувууд шиг цуглав.
Улаанбаатар хотоос МЗЭ-ийн хөдөөгийн зохиолчдын тэргүүн Д.Банзрагч, яруу найрагч Ш.Уянга нар, монгол телевизийн уран бүтээлчид, Багануураас Н.Төмөрбаатар, Р.Нямдорж, Д.Даваасумъяа, Л.Мөнхбат, Сүхбаатар аймгаас Ай.Төмөр-Очир, Даваасүрэн, Дорноговь аймгаас Д.Одончимэд, Х.Цэрэндорж, Х.Сүглэгмаа, А.Эрдэнэ-Очир, Дорнод аймгаас Д.Нямсүрэн, Б.Бат-Орших, Ж.Нэргүй, Д.Хүдэрмөнх, Л.Дашням гэхчлэн нутаг нутгийн 36 найрагч шүлэгчид ирцгээлээ. Яруу найргийн тэмцээн баярыг тогтож товлосон өдөр буюу халх боржгины их талын дундах “Бор-Ухаа”-д омголон Монгол Р.Чойном хорвоод ирснээ хашгиран зарлаж мэндэлсэн өвлийн адаг сарын 17-ний өдөр ч болов. Бидний урилгаар их найрагчийн буурал ээж ч ирлээ.
Найргийн уралдаант найр эхэллээ. Догдолсон шүлэгчдийн цөс нь хавиргаа дэлсэн айна уу даа гэмээр хөөрч хөлссөн найрагчид холхиод л… Хүмүүн заяатны сэтгэлийг ариутгах агуу увидастай, хөгжим, зураг, утга, уянга бүхнийг өөртөө шингээсэн найраг шүлгээр шандуурсан шүлэгдчдээ амарлиулахын халуун хүсэлт ард түмэн “Хан Хэнтий” чуулгын байрнаа дүүрэн. Эрэмбэ жаягт баяр найрын салхийг ахмад уран бүтээлч улсын тэргүүний уран сайханч Л.Агваанжамбал “Дархан нутаг” аялгуут магтаалаараа хагалав. Тэмцээн гэж тэмцэл байдаг хойно үзэгч түмэн түрхэрээд л, уянгат найраг шуранхайлаад л… Шүлэг хүлгээрээ уралдсан 32 шүлэгчдээс ур “бяр” зааж найман шүлэгч үлдлээ. Үүнээс шөвгийн дөрөвт яруу найрагч Баатарын Галсансүх (Улаанбаатар), Базаррагчаагийн Бат-Орших (Дорнод), Санжаагийн Оюунчулуун (Хэнтий), Данзангийн Нямсүрэн (Дорнод) нар үлдсэнээс Б.Бат-Орших, Галсансүх нар үзүүр түрүү булаалдан “Миний хайр” шүлгээрээ Б.Бат-Орших түрүүлж, “Үнээдтэй нутаг” имперсионист бүлэг шүлгээр Б.Галсансүх удаалав. Үзэгч шүүгчдийн оюуны цангааг тайлсан эл шүлгүүд утга уянга, ур ухааны уламжлалтай монгол яруу найраг түүнийг эвдсэн сэтгэлгээний гүн далайцтай модернист урлагийн нэгэн урсгал имперсионист шүлгүүд байлаа. Шүлэг найргийн нарийн мэдрэмжтэй ард олондоо түмэнтээ баярлан сэтгэл хөдлөн гэгэлзэж сууснаа хэлэхгүй өнгөрвөл алдас болох юун. Эзэн Чингис хааны унаган нутгийнхныхаа гэгээн билгийн цар хүрээг эндээс харан бахархан баярламаар. Бид бүхний төлөө өөрийгөө зовоон авьяас түрж билэг оюунаа элээн билүүдэн байж шүлгээ тэрлэсэн гайхамшигт найрагдчдийг шагнах үйл өрнөсөөр…
Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн тэмцээний тэргүүн шагнал “Алтан Оюухай”-г 20000 төгрөгийн хамтаар Б.Бат-Оршиход, удаахть шагнал “Мөнгөн Оюухай”-г 15000 төгрөгийн хамтаар Б.Галсансүхэд, тусгай шагнал тав, таван мянган төгрөгийг Д.Нямсүрэн, С.Оюунчулуун нарт аймгийн засаг дарга Ц.Балдандорж ёслол төгөлдөр гардуулав. Дараа нь ивээн тэтгэгчдийн шагнал үерлэлээ. Эндээс хамгийн онцлууштай нь хгар дүүрэн бэлэн мөнгө сагсайтал барьж гарч ирээд Б.Бат-Орших, Л.Агваанжамбал нарыг тус бүр 300 төгрөгөөр шагнасан Өндөрхааны иргэн Даваадорж, Өмнөдэлгэр сумын захиргаа яруу найрагч Ш.Уянгыг “Хангал” нуурт долоо хоног өөрийнхөө зардлаар амраах эрхийн бичгээр шагнасан. Манай утга зохиолын нэгдэл, бүлгэм санаачлан зохион байгуулсан эл баяр наадам элбэг дэлбэг сайхан болж бусдын өмнө нүүр улайхааргүй бийлэгжүү загнаж өнгөрөөсөн маанья руу тансаг найрагт яс махнаасаа дуртай, дэнүү элэгтэй, ивээн тэтгэгч нарын минь өлзий хишиг өгөөмөр нандин сэтгэлийн угт бий. Учир жунцан нэгэнт иймээс энэ дутуу гуцуу, хахир татуу бусармаг цагт өөрсдийнхөө “алтан фонд“-ноос мөнгө төгрөгөөр хамаргүй ивээн тэтгэж санхүүжүүлсэн “Цацал”, “Хангал”, “Өндөрхаан”, “Гал”, “Сант”, “Даатгал”, “Алтан үсэгт”, “Дархан-Оргил” компаниуд, “Ард”, “ХОТШ”, “Монгол”, “Даатгал” зэрэг арилжааны банкууд, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр аймгийн залуучуудын холбоо, мал эмнэлгийн газар, барилгын “Өгөөмөр” бирж хувийн үйлдвэрийн эздийн холбоо, Холбооны газар, “Боловсрол” төв, Хүүндийн төлөө төв, Бөөний бараа бааз, Эд хэрэглээний хоршоодын холбоо зэрэг албан байгууллагууд, Наваантаяагийн Бат-Эрдэнэ, Нэргүйн Март, Г.Цэдэвпүрэв нарын хувь хүмүүст гүн талархаж буйгаа өчмүү. Ийм үүргийг өчүүхэн бичигч надад даалгасан утга зохиолын нэгдлийн “тэргүүлэгчдийн” даалгаварыг биелүүлэхийг эрмэлзэн энэ мөрийг бичлээ.
Өнөөгийн амьдралын бүхнийг ариулсан тунгалаг яруу, гэрэл гэгээ цацраасан монгол найраг үеийн үед мандан дэгжиг! Ирэх жилийн найргийн наадмаа санан, санан хүлээмүй!
Л.Шагдарсүрэн