skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН УРЛАСАН МОРИН ХУУР СОР НЬ БАЙЛАА.

Дэлхий яруу найргийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний музейгээс санаачлан “Зохиолчид-Оюуны язгууртнууд” нэртэй үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнг морин хуурч, хөөмийч Б.Есөн- Эрдэнэ хуурын аялгуугаар мялааж нээлээ. Уг үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог байв. Тэр дундаа Монголын утга зохиолд өөрийн гэсэн байр сууриа үлдээсэн, нэрт яруу найрагч, зохиолчдын эдэлж хэрэглэж байсан зүйлүүдийг дэлгэн тавьсан нь сонирхол татаж байлаа. Манай алтан үеийн уран зохиолчид үнэхээр авьяастай, суу билэгт хүмүүс гэдгийг эдгээр зүйлүүдээс харагдах аж.
Тухайлбал, Д.Нацагдоржийн гар бичмэл, Ш.Гаадамбын хэрэглэж байсан бичгийн машин, түүний сийлсэн монгол шатар, О.Дашбалбар агсны “Улаан нүдэн гариг” зураг гээд олон зүйлүүд тавигдсан байв.
Энэхүү үзэсгэлэнг сонирхсоны дараа зохиолч, яруу найрагчдыг үзэг, цаастай нөхөрлөдөг гэж боддог байсан минь ард хоцорсон. Учир нь тэдний сийлбэрчин, зураач, хөгжимчин, жүжигчин гээд олон дүр, зургийг уг үзэсгэлэнгээс харагдаж байлаа.
Үзэгчдийн анхаарлыг Р.Чойном агсны урласан морин хуур татаж байв. Уг бүтээлийг тэрээр 1970-аад оны сүүлээр хийжээ. Басхүү шаггүй хуурддаг байсан гэдэг.
1990-ээд он гараад утга зохиол, яруу найргийг сонирхох, үзэх хүнгүй болж байсан бол энэ үзэсгэлэнг зохиолч, яруу найрагчид гэхээсээ илүү оюутан, сурагчид анги, сургуулиараа сонирхож байсан юм.
Зохион байгуулагчид “Энэ заал жижигдэж байна. Уг нь олон бүтээл тавих байсан юм” гэж ярих нь хэн гэдэг зохиолч, яруу найрагчийн ямар гайхалтай эд зүйл, бүтээл цаана нь байгааг мэдэх хүсэл үзэгчдэд төрүүлж тэд асууж шалгааж байсан юм.
Д.ТҮВШИНТӨР

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x