skip to Main Content

“ДИВААЖИН” УЛСЫН ИРГЭН БОЛСОН БУЙ ЗА, ТА МИНЬ.

nz_nohod_5Насыг нь бодохоор Бурханд гомдомгүй ч, намирсан  хадаг шиг сэтгэлийг нь санахаар бор нулимсаа  цувуулан, бор дарсыг л дугтран суумаар аа. Анд  нөхөд нь түүнийг “Цэнхэр Улзын онгон бөө  Цэвэлмаагийн Нэргүй шүлгээ уншина” хэмээн  зарладаг сан. Харин өөрөө өөрийгөө бол
“Энэ  насандаа би таяггүй амьдарна.
Эрлэгийн очих  хаяггүй амьдарна.
Уулынхаа чулуу шиг ургаж амьдарна.
Улзынхаа гол  шиг урсаж амьдарна” хэмээн тунхагладаг сан. Одоо  харин урсаж байгаа, ургаж байгаа хоёрын алинд нь чухам заяагаа бол доо, газар дээр ганцхан нутгийг  хуваалцаж төрсөн хуурай ганц ах Та мину? “Таягаа  хаяач дээ” хэмээн намайгаа дандаа зандарч явдаг сан  даа, хөөрхий мину, зэ. Басхүү нэгэнтээ нийслэлд ирээд таксинд ч билүү, микрод ч билүү, хамаг бичиг баримтаа суйлуулчихаад “Хаяггүй амьдарна” гэж өөрийгөө зөвтгөсөн нь энэ. Троллейбусанд биш дээ, ямар, очиж очиж таксинд суйлуулж байхдаа ч яахав. Тэгээд бас “Дахиад би хэзээ ч паспорт авахгүй. Тэртэй тэргүй би Чингис Улсын иргэн” хэмээн агсарсан. Түүндээ хүрч, паспорт авахгүй чигээрээ явсаар байгаад одоо хаана ч юм байдаг тэр Диваажин улсынхаа иргэн болчих нь энэ үү дээ, Та минь. Тэнд л Танд очих хаяг олдсон гэдэгт үл эргэлзнэм. Тэгээд дусал, дусал нулимстай ижилхэн бадаг бадаг шүлэг болон зүүдийг минь эргээд л… Та минь одоо эргэж ирэхгүй, Соёлын төв өргөөний баруун хойд буланд суудаг хүний цагаан утсаар дүү хүү рүүгээ залгаж “Хөөе, Нэргүй юу чи, Нэргүй ах нь орж ирчихээд байна, одоохон Ордныхоо зүүн хойд хаалган дээр гараад ир” гэж бас зандрахгүй. Харин хамгийн сүүлд гаргасан “Р.Чойном Хан Хэнтийд” номынхоо титэм хуудсан дээр “Эрхэм дотнын дүү Жигжидсүрэнгийн Нэргүйдээ. Төөрөг заяагаар нэр нэгтэй Төрсөн нутаг гэр нэгтэй Найргийн замд мөр нэгтэй Нанчидын дэргэд сүр нэгтэй Авьяас билэгт дүү чамдаа Ах нь нэгэн номоо барив. Цэвэлмаагийн Нэргүй. 2007.08.06. УБ хот” хэмээн бичээд гарын үсгээ зурсан дулаахан сайхан мөрүүд үүрдийн олон дурсгалуудын тань эцсийнх болон үлдлээ. Та бол агуу танхай онгодтой яруу найрагч байсаан. Тиймээс ч зүүн аймгуудын яруу найргийн тэмцээнд очдог найрагчид Танаас айдаг байсан. Түүнийгээ ч үзүүлж Та л тэргүүн шагналуудыг нь түүчихдэг байсан. Чойномын нэрэмжит “Оюухай” наадмыг санаачлагч нь бараг л Та бус уу. Таны “Тал”, “Барианы жилийн наадам”, “Хавтгай цагаан Улз”, “Чойномтой нөхөрлөж явсан минь”, “Р.Чойном Хан Хэнтийд” зэрэг номууд 1000 жилийн дараа ч хаа нэгтээгээс гараад л ирнэ. Та минь агуу их найрагч Р.Чойномыг Монголын ард түмэнд эргэн сануулж, ардчилал шинэчлэл ч бараг сонсогдоогүй байсан аль тэртээх 89 оны нэгдүгээр сард “Ард түмэн үгүйлсэн авьяастан байлаа” гэсэн дурсамж бичсэнээр бүгд л Чойномын найз болсон биз дээ. Урьд нь түүнийг “Наашаа” гэдэг байсан даанч цөөхөн хүмүүсийн нэг нь Та билээ л. Ямартаа л, шоронгоос дөнгөж гараад Өндөрхаанд очсон Чойномыг тэр өдөртөө гэртээ дагуулж аваачаад бүтэн жил “орогнуулсан” хүн бол Цэвэлмаагийн Нэргүй абугай Та минь. Түүнийхээ төлөөсөнд Мөнгөнморьтын шоронд аргалж болдоггүй зургаан сарыг ардаа хийсэн юм билээ дээ, Та минь. Чойномынхоо тухай бичсэн дурсамжийн хоёр ном тань өдгөө тэр сайхан найздаа зориулсан сэтгэлийн Цагаан суварга болон үлджээ. Чухамхүү Чойномд Тан шиг, Ш.Сүрэнжав абугай шиг найз нар л хэрэгтэй байж дээ. Чойномын шүлгүүдийг бүгдийг нь цээжээрээ мэддэг Тан шиг “Хоёр хөлтэй нэвтэрхий толь”-той би учирч яваагүй. Яг л цээж сайтай тангад лам шиг. Нэгэн дурсамж санаанд бууж байна. 1997 оны намар юмсан. Тухайн үед ХААЯ-ны сайд байсан доктор Л.Нямсамбуу, УИХ-ын гишүүн, Өмнөговийн Ц.Баярсайхан болон Ашигт малтмалын (Геологийн ч гэдэг байл уу?) хэрэг эрхлэх газрын хэдэн дарга нартай Мардай орох замдаа Норовлинд түр саатаад гарах хооронд Нэргүй ах маань Р.Чойномынхоо “Алтай”, Буриад” найраглалуудыг нь ганц ч мөр хаялгүй цээжээр уншаад эхэлчихсэн чинь нөгөө хэд маань салж чаддаггүй. Тэгээд тун яаруу явсан биднийг лавтайяа бүтэн цаг саатуулчихаж билээ. Тэр л гайхам чадвар, Чойномыгоо сурталчилж чадсаных нь төлөө Р.Чойномын нэрэмжит анхны шагналыг Р.Чойномын нэрэмжит “Өд” сангаас өнгөрсөн намар олгосон юм даа. Бас нэгэн дурсамж ч байна. Энэ зун Нэргүй ахтай анх учран танилцаж хэд гурван хором саатсаныхаа дараа МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав “…Р.Чойномын овог нь гэлтэй Р.Чойномын авга нь гэлтэй Таны нэрийг сонсож явлаа. Тааралдсан мөчөө дурсаж явнаа. 2007.06.07″ хэмээн тэмдэглэлийн дэвтэрт нь бичин үлдээхийг харсаан, би. Өчүүхэн муу надад ч гэлээ Та минь ямар их сэтгэлийн дэм, эр зоригийн гол, мөрөн шиг их энергийг өгдөг байв даа. Таныхаа “Охин Бурмаа нойрон дундаа Саран дээгүүр аялж явлаа. Олон уул, мөрөн голыг Харан, харан гаталж явлаа…” гэж эхэлдэг шүлгийг Норовлингийн бага сургуулийн хоёрдугаар ангийн пацаан байхдаа цээжилснээр одоо ганц хоёр шад хэлхэх заяаг олсон ч юм билүү, хэн мэдлээ. Хэдхэн хоногийн өмнө Норовлиндоо яруу найргийн баяраа хийхэд минь хэрвээ Ган-Очир Та хоёр байгаагүйсэн бол мөн ч их ганцаардах байсан даа. Хувь заяа сайхан ч гэлээ хатуу юм даа. Цааш нь бичиж чадашгүй нь…
Ж.Нэргүй 2007.10.08. 01 цаг 55 мин.

3 1 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x