ЧОЙНОМЫГ БИ НЭГ Л УДАА ЗҮС ХАРСНААС ЯРИЛЦАЖ, ДОТНОСЧ БАЙГААГҮЙ
Гэхдээ “Чойном” жүжгийг бичсэнээр өөрийн гэсэн Чойномтой болсон
Монголын утга зохиолын ертөнцөд Авидын Шартолгойгоор овоглосон олон бүтээл бий. “Домбон цэнхэр говь”, “Маргааш дайн эхэлнэ”, “Их хөлийн зарга” зэрэг бүтээлийг нь уншигчид, утга зохиол судлаач шүүмжлэгчид нэр заан үнэлдэг.
Харин тоотойхон шагласан жүжгийн зохиолыг нь судлаачид хэрхэн дүгнэснийг саин мэдэхгүй ч “Саран хөхөө” жүжгийг нь шимтэн үзэж суусан үзэгчийн нэг нь би. Одоогоос гурван жилийн өмнө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “дэглэлтээр” “Саран хөхөө” жүжиг амьдарсан юм. Мөн ч олон үзэгч жүжгийн гол дүр Номунбаясгаланг харах гэж бас хайрлах гэж ирсэн нь үзэгчдийн алга ташилтаас тодмэдрэгдэж байсан ч зохиолч Авидын Шартолгойд талархал илэрхийлсэн нь тоотойхон. Гомдмоор ч юм шиг. Гэхдээ тэр шантардаггүй бололтой, “Чойном” нэртэй жүжгийн зохиол туурвичихаж. Бүр ням гаригт нээлтийг нь хийнэ гээд хөөрцөглөж явах юм аа. Шинэ бүтээлийнх нь тухай Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, СТА Авидын Шартолгойтой ярилцлаа.
-Хүүхэд шиг хөөрцөглөөд та ч ёстой туг шиг дэрвэж байх чив. “Чойном” жүжиг ч цахиур хагалах нь дээ?
-Цахиур хагалах үгүйг өтөл би яаж мэдэх билээ.
-Р.Чойном агсныг та уран бүтээлч талаас нь харуулахыг зорив уу. Аль эсвэл амьдралыг нь үзүүлэхийг зорив уу?
-Р.Чойномын тухай хүмүүс өөр, өөр бодолтой байдаг. Нэг хэсэг нь билэг танхай яруу найрагч гэж үнэлдэг. Нөгөө хэсэг нь хэрэг төвөгт орооцолдож, архи ууж, тэнүүчлэн амьдарч байсан гэж боддог. Сүүлийн жилүүдэд Р.Чойномын бүтээлийг үнэлдэг, уншдаг, дуртгалыг нь ярьдаг хүн олширсон ч хуурай магтахаас хэтрэхгүй байна. Нэг үгээр хэлбэл, тэр хүний дотоод мөн чанар, авъяас билэг рүү нь нэвтрэхгүй байна л даа. Чухамдаа би энэ бүхнээс татгалзаж, Чойномын хувийн зан чанарын тухай харуулахыг зорьсон юм. Гэрэл гэгээтэй талаас нь үзүүлье гэж бодсон хэрэг л дээ. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа өнгөрсөн ч энэ хүний тухай хүмүүс мартахгүй, бүтээл туурвил нь он цагийн шалгуур давж өнөө үед ирсэн. Тийм боло хоор Р.Чойном гэдэг хүнийг дүрийн зохиол болгож, тайзан дээр бүтээе гэдэг санааг өвөрлөсөн.
-Зорилгодоо хүрэв үү, гол дүртэй холбогдох архивын материал хэр олдов?
-Жүжгийн зохиолыг бичихдээ Р.Чойном агсны авъяас билиг, оюун бодлынх нь тэсрэлт, сэтгэл зүйн төв дээр тогтож дүрийг бүтээвэл яасан юм гэдэг бодол төрсөн л дөө. Дүрийг бүтээхэд ойрхон ч шууд тайзан дээр гаргахад нөхцөл нь бүрдээгүй байдаг. Тогтож ажилласнаар яруу найргийн хэлээр илэрхийлэх нь хамгийн оновчтой санагдсан. Тэгээд тэр хүний хэлж амжаагүй үгийг би жүжгээрээ дамжуулан хүмүүст хүргэхийг хичээсэн. Мэдээж би тэр хүний сэрүүн тунгалагтаа хэлж амжаагүй үгийг яг таг хэлнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ амьд сэрүүнсэн бол ингэж хэлэх байсан болов уу гэдэг үүднээс сэтгэл рүү нь орохыг хичээсэн юм. Үзэгч ямагт шүүгч байдаг. Чойномын амьдарч байсан үе нь мөн үү биш үү гэдгийг үзэгчид төдийгүй уран бүтээлийн андууд нь шүүн тунгаан хэлэх биз.
-Та Р.Чойномтой үерхэж яваагүй юм уу?
-Нэг л удаа зүс харснаас ярилцаж дотносч байгаагүй. Гэхдээ “Чойном” жүжгийг бичсэнээр өөрийн гэсэн Чойномтой болсон.
-Хүмүүсийн дунд Р.Чойномын хүүхэд насны дүрд хэний хүү тоглох бол гэсэн бяцхан таавар яваад байгаа. Энэ тухай сонирхуулбал?
-Жүжигт Чойномын бага, залуу нас, ээж гурвыг зэрэгцээ гурвалсан монолог хэлбэрээр сэтгэл бодлыг нь нээж, үзэгчидтэй харьцуулж буулгасан юм. Хүүхдийн дүрийг найруулагч их өвөрмөц шийдсэн байна билээ. Дуу хоолойн бичлэгээр хүүхдийн дүр бүтчихэж байгаа юм л даа. Р.Чойномын дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, ээжийнх нь дүрд Ардын жүжигчин Ж.Мэндбаяр тоглоно. Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж ажилласан. Найруулагч жүжигт тоглох дүрээ сонгодгийг чи гадарлаж байгаа биз. Ер нь жүжигт сонирхолтой шийдлүүд нэлээд байгаа шүү.
-Нууцаас нь та манай уншигчдад бага зэрэг задалчих?
-Жүжигт Чойномын өөрийнх нь амьд дуу хоолой орж ирнэ.
-Пөөх ийм нандин архивыг хаанаас олоодхов?
-Р.Чойномын өвийг хамгаалах “Өд сан”-гийн өөрийнх нь өв л дөө. Түүнээс гадна их зохиол, гар бичмэл гээд тэр хүнтэй холбоотой бүхий л зүйлийг би “Өд сан”-гаас авч, жүжгийн зохиолыг бичихдээ ашигласан юм. Захирал Ганболд нь ч их тусалсан. Нууцгүй хэлэхэд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн Р.Чойномын тухай ярихаараа манайх гэж их өмчирхдөг. Тэгсэн атлаа энэ хүнтэй холбоотой ажил хийх болоход хөдлөнө гэж үгүй. Монголын зохиолчдын нэгдсэн эвлэл ч ялгарах юмгүй. Гэтэл Р.Чойномын Монголын утга зохиолын ертөнцөд оруулсан хувь нэмэр их шүү дээ. Үүнд би их харамсдаг, далимдуулаад хэлчихье. “Өд сан” харин их зүйлийг хийж байна. Бусдын төлөө эрсдэл хүлээх хүн өнөө цагт ховор шүү дээ.
-Тухайлбал, “Өд сан” ямар эрсдэлтэй алхмыг хийсэн юм?
-Өнөөдрийн байдлаар “Өд сан”-гийнхан Р.Чойномын 17 цуврал түүвэр нийтэлчихээд байна шүү дээ. Түүнд асар их хөрөнгө зарцуулсан нь мэдээж. Өнгөрсөн жил тохиосон Р.Чойномын 70 насны ойг энэ сангийнхан л тэмдэглэж, олон ажлыг нуруундаа үүрсэн. “Чойном” уянга драмын жүжгийг босгоход ч энэ сан л тэргүүн шугаманд нь явлаа.
-Нэг зүйлийг хэрэгт дурлаж асуумаар байна. Таны зохиолыг Б.Мөнхдорж найруулагч их барьж авах юм. Таньдгаараа далимдуулж Та түүнд зохиолоо “шахаад” байна уу. Аль эсвэл жүжгийг маань энэ нөхөр л “босгож” чадна гэж найдсаных уу. Шударгаар хэлнэ шүү?
-Б.Мөнхдоржтой би гар, сэтгэл их нийлдгийм. Анх бид “Их говийн зоригтон” хөгжимт драмыг “босгож” байлаа. Аав Г.Бирваа нь хөгжмийг бичээд л… Мөнхдорж найруулаад л… Дараа нь “Саран хөхөө” жүжгийг Б.Мөнхдорж бас л найруулсан. Гурав дахь бүтээл маань “Чойном” уянгын драм болж мөнхрөх нь. Түүнээс бусдыг дугаарласан зүйл байхгүй ээ.
-”Чойном” жүжгийг та хэр удаан бичив. Хүмүүсийн л үг юм даа, “Зохиолчид жүжгийг их удаан бичдэг. Найруулагчид харин мөнгөний хойноос улайраад хам хум тайзны бүтээл болгодог” гэж шүүмжилдэг. Энэ тухайд таны бодлыг сонсмоор байна?
-Жүжгийг бичихэд хугацаа бага шаардсан. Бас хэцүү байгаагүй ээ. Харин тайзнаа бүтээхэд цаг алдаж, удааширсан явдал бий. Сүүлийн үед тайзны төдийгүй дэлгэцийн бүтээлийн үнэ цэнэ буурч нэр хүнд унаж байгааг би хүлээн зөвшөөрнө. Гар хөлийн үзүүрээр гялалзуулсан бүтээл л тайзан дээр түлхүү тавигдаад байна. Хүнийг татах арга харин сайтай юм даа, тухайлбал, рекламаар. Очоод үзэхээр хөнгөн байдаг. Энэ нь эргээд урлагийн бүтээлийг үнэ цэнэгүй болгож байна. Жишээ татъя л даа, “Мандухай” уран сайхны киноноос хойш тас хийсэн дэлгэцийн бүтээл гарсангүй. Жүжгийн зохиолын тухайд онцолбол, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хүйтэн сэнтий”, “Тамгагүй төр” хоёрыг л би хувьдаа үнэлдэг. Мэдээж энэ дунд “төрсөн” олон муу жүжгийн нэгд минийх орж л таараа. Түүнээс би бултахгүй.
-Та ёстой дэндүү юм аа. Өөрийгөө ингэж үнэлдэг хүн байх уу даа. Манайхан боломж гарвал “Миний юм л” гэх болж шүү дээ?
-Ийм зүйлийн тухай бардам ярьж болдоггүй юм.
-Мартах нь, жүжгийн зохиол бичдэг хүмүүсийг баян амьдрах боломжтой гэж ярьдаг юм билээ. Жүжгийн зохиолоо үнэ хүргээд л. Таны хувьд?
-Бичсэн жүжиг бүхэн тайзнаа амьдардаггүй юм. Тэгээд ч одоо хэний бүтээлийг авах, эс авах вэ гэдэг зарчим үйлчилж байна. Хутагтын мэлмий гийсний 200 жилийн ойд зориулан бичсэн “Ноён хутагт Равжаа” туульсын хоёр ангит кино зохиол маань ч мөн их удаж байна. Зоригтойгоор барьж авах хүн одоогоор алга. Харин газар, усныхаа тухай өгүүлсэн Тазар ус” жүжгийн зохиолыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид гэрээт жүжиг маягаар тавих хүсэлт гаргасан. Ер нь драм, дэлгэцийн бүтээл иймэрхүү хаалттай л бүс болж шүү дээ.
-Хачирхалтай юм, ард түмэн жүжгийн зохиолчид баян гэсэн ойлголттой. Гэтэл танд борлогддоггүй зохиол эзнээ хүлээгээд байдаг. Энэ хооронд асар том зөрөө харагдаж байна шүү?
-Үүнд мэдээж менежмент нөлөөлж байгаа. Миний овсгоо самбаагүйгийнх ч бий л байх. Үүнд би бусдыг буруутгахгүй ээ.
-Ингэхэд таны “Ноён хутагт Равжаа” зохиолыг нэгэн баян нөхөр авъя гэвэл та шууд зөвшөөрөх үү?
-Санал тавибал татгалзах зүйл хаанаас байх вэ. Гэхдээ мэдээж уран бүтээл болгочих хүнд л би бүтээлээ өгч таараа.
Г.Нэргүй
Ардын эрх