СЭТГЭЛИЙН ҮГ
Миний бие Хан Хэнтий нутгийн Дархан сумын унаган. Одоо ч би нутагтаа ажиллаж амьдарч байна. Миний нутгийн салхин шивнээ, агаар ус, аж амьдралын минь салшгүй хэсэг хүсэл сэтгэлийн амин шүтээн болсон “Дархан хан уул”-ын минь нөмөр нөөлөг өчүүхэн надад уянга шивнэдгийг би өөрийн сэрэхүйгээр буулган бичдэг болсоор нилээд хэдэн жилийг ардаа үдсэн.
Би зөвхөн өөртөө бичдэг шүлэгч төдий нэгэн байлаа. Харин сүүлийн жилүүдэд ганц нэгэн уралдаан тэмцээнд сонирхон оролцож олон сайхан найрагч хүмүүстэй танилцан нөхөрлөж, нууж явдаг даруухан зангаа гээж ном хэвлүүлэх хүсэлтэй байгаагаа нагац ах лам Н.Жагдагтаа хэлэхэд талархан хүлээн авч бүр мөнгө төгрөгөнд санаа зовох хэрэггүй, ах нь зохицуулна гэлээ. Нагац маань угийн номын мөр хөөсөн өөрийн бүхий л чадварыг бусад үндэстэн ястан хийгээд улс орнуудын хэл соёлыг судлан суралцаж, бурхан буддагийн үнэнч шавь болон нигүүсэл буяныг хурааж явдаг бурханлаг нэгэн билээ.
Хэдийгээр нагац ах Жагдаг маань алс хол Францад амьдарч байгаа ч өөрийн хуурай дүү яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй ахаар редокторлуулснаар миний номын төрөх төөргийн зам шулуудвай. Гэхдээ нэг биш хоёр ном болон гарах нь тэр. Учир нь би гэдэг хүн өөрийн сарампай болсон хэдэн дэвтрээ эргүүлэн сөхөн, шилэн сонгон байж, шүлэг төрхөнд ойртох байх гэсэн шүлгүүдээ жирийтэл жагсаачихаад очсон байлаа. Түүнийг ялгаж салган эмх цэгцэнд оруулахад хоёр номын төөрөг зурагдаж би гэдэг хүн хорвоод эх болохдоо жижигхэн алган дээрээ хоёр ихэр үр тосож авсан шигээ хоёр ном өлгийдөн авах ариун хувь ерөөлийг хүлээн суух л үлдэв.
Удсан ч үгүй ном маань хэвлэлд очиход бэлэн болсон тул би нутгийн ах Р.Чойномын өвийг хамгаалах өд сангийн тэргүүн, Жиком пресс хэвлэлийн компанийн захирал Д.Ганболдод бараалахлаа. Тэрээр үл тоомсорлосон бас ч үгүй хор малтсан үг унагаж байсан ч миний номыг хүлээж авсан. Анх уулзаж байгаа хүнд тэр эрхмийн үг хатуу ихэмсэг сонсогдоно. Гэхдээ би бол шарандаа заавал энэ хүнээр номоо хэвлүүлэх байлаа. Учир нь анхнаасаа л би нутгийн тэнгэрлэг хүмүүсээ түшсэн тул номын минь төөрөг энд хүрэн төгөлдөржих ёстой мэт санагдсаных. Тэгээд ч Р.Чойномын төрсөн дүү Р.Тунгалаг багшаар анхны А үсэг заалгаж эрдэм номын замд орсон төдийгүй боловсролын тэргүүний ажилтан Ч.Сэржмядаг багшаар амьдралын замд үдүүлсэн миний бие энэ зэргийн үг даахтай хүн болон хүмүүжсэн. Энэ хоёр мундаг багшийн шавь болсон 15-р төгсөлтийнхнийг гүйцэх эв эетэй эрдэм ухаантай суралцагчид одоохондоо л лав гараагүй байгааг бидний нөхөрлөлийн олон зүйл батлан харуулсаар байдаг юм.
2012 оны өмнөхөн ном маань хэвлэлтээс гарч би номуудаа гардан авч, хамгийн түрүүнд Багануурт суугаа нагац эгч Н.Должинсүрэндээ, бас ээждээ бэлэглэлээ. Ангийнхаа найзууддаа номоо хүргэчихээд, Улаанбаатар хотоос нутаг руугаа буцах зам шулуудаад байтал “хотын фракцийнхан” болох А.Хишигдаваа тэргүүтэй ангийн хэсэг нөхөд тусгайлан хүлээн авч бөөн юм боллоо. Тэд намайг магтаж баяр хүргэж хөөргөж орхилоо. Би угаасаа нэг их догдолж хөөрөөд байдаггүй тоомжиргүй зангаараа л онгирч сүйд бололгүй ,бас сайхан ном гарлаа баярлалаа гэдгээ ч хэлэх ёстой хүмүүстээ хэлж мэдэхгүй буцах дөхсөн байв шүү. Би ер нь нэг тийм бүдүүн борог хүн шиг байгаа юм. Энэ зангаасаа болоод олон хүн гомдоосон ч байж мэдэх. Гэхдээ миний хэнэггүйг ойр тойрныхон маань ер нь мэднэ дээ. Гэтэл Биндэр сумаас яруу найрагч Б.Энхжаргал ах утасдаж номын баяр хийх саналыг тавилаа. Ангийн найзууд халуунаар дэмжиж байсан тул би дахиад л Д.Ганболд ахыг зорилоо. Харин миний халган байж хэлсэн үгийг нутгийн ах дэмжин хүлээн авч яаж хийх, хэрхэн зохион байгуулахыг хүртэл зааж өглөө. Ингээд 2012 оны 01 сарын 06-нд номын нээлтээ ИНТЕРНОМ номын их дэлгүүрт хийхээр болж энэ цаг хугацаанд хоёр номынхоо “төрлийг дээшлүүлэх” нэгэн зам нээгдвэй.
2012 оны эхний долоо хоногт болсон миний номын нээлт өнөр өтгөн сайхан боллоо. Номын баярт уригдаж ирсэн хүндэт эрхмүүд үгээ хэлэх агшин бүр миний хувьд хамгийн үнэтэй ахин давтагдахгүй цаг хугацааны шагнал байлаа. Номын нээлтэнд номын редактор, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найраг, орчуулагч Ж.Нэргүй, Л.Нямаа, ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт зохиолч Д.Нямаа, орчуулагч, яруу найрагч, дипломатч Д.Бямбаа, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын мастер А.Шартолгой, “Утга зохиол” сонины эрхлэгч яруу найрагч, Болор цомын эзэн Ж.Баяржаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Норов, яруу найрагч А.Түмэнбаяр, Хэнтийн Б.Батхүү, Л.Батцэнгэл, Б.Борхүү зэрэг олон яруу найрагчид оролцсоноос гадна сумын Соёлын төв, сургуулийн багш нар, багын найзууд, хамаатан саднууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн гээд маш олон хүн оролцож номын баяр маань 3 цаг шахам үргэлжиллээ.
Ном бүтээх, өөрийн гэсэн номтой болох, номын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулах гэгээн сайхан үйлсийг дэмжиж гэрэлт зам мөрийг нээлцэж өгсөн, ивээн тэтгэсэн нагац ах Н.Жагдагтаа болон хан хорвоод төрүүлж өсгөсөн буянт сайхан ээж Т.Шагдарсүрэндээ, нагац эгч Н.Должинсүрэн, мөн бүх найз нөхөддөө, ханьдаа, үр хүүхдэдээ, Д.Ганболд тэргүүтэй “Жикомпресс” хэвлэлийн компанийн хамт олондоо, Г.Юндэн даргатай сумын соёлын төвийн хамт олондоо бүгдэд нь баярлаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Дархан уулаа түшсэн амь халуун сэтгэл
Дархан сумаараа овоглосон
Их билэг суутнуудыг төрүүлэх
Их гэгээн зөнг хурайлан хурайлан
Сэтгэлийн цацлаа өргөмүй.
Олон дүү нараа араасаа дагуулан найргийн ертөнцөд цахиур хагалах мөч ирнэ ээ хэмээн итгэн сүслэмүй.
Номын цагаан буян ашид дэлгэрэн олон арван найрагчид миний нутгаас төрөн гарах болтугай.
Яруу найрагч Шагдарсүрэнгийн Батцэцэг