skip to Main Content

БИ БАЙХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ БИТГИЙ ТА ГАЙХ.

Choinom - tusun gazarЭнэ мөрүүдийг Р.Чойном найрагч “XXI зуун танаа” найраглалдаа бичжээ. Үнэхээр тэр их хүн хорин нэгдүгээр зуунд байхгүй ч гэсэн, дурсагдсаар, дуурсагдсаар, уншигдсаар, судлагдсаар… Үүний үргэлжлэл болгон “ӨД” сангийнхан түүний мэндэлсний 70 жилийн ойг төрсөн нутаг Дархан суманд тэмдэглэх үедээ 2006 оны 7 сарын 9-ний өдөр энэхүү гэрэлт пайлуурыг төрсөн бууцан дээр нь сүндэрлүүлсэн юм.
“Чойномын цахим ертөнц”-ийн зочин Танд найрагчийн төрсөн өдрийг тохиолдуулан 1975 онд бичсэн шүлгийг нь толилуулж байна.

МИНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ

Сэргэлэн зугаатай цагт
Хад чулуу хүртэл дуулна.
Сэтгэл эмзэглэх үед
Гитар хүртэл уйлна.

Өнгөтэй өөдтэй явахад
Бусдын эхнэр ч дагана.
Өвдөж зовохын цагт
Бурхан хүртэл зугтана.

Ахархан жаргалаа хүн
Зуун жил гэж эндүүрдэгээс
Амьдралын нь хэдхэн жилд
Зунаасаа намар нь элбэг.

Өргөс ихтэй хорвоог хүн
Найрын ширээ шиг андуурдагаас
Өөрт оногдох цөөн жилд
Намраасаа өвөл нь элбэг.

Бараан талыг нь бодоод байвал
Энэхүү орчлон таг харанхуй
Баяр зугаагий нь дагаад байвал
Эргэн тойрон дандаа зун!

Мөнх зунаар нь цэнгэе гэвэл
Мөнгө болоод ухаан хэрэгтэй
Мөстэй өвөлд нь даарья гэвэл
Мөрөөрөө шударга явах хэрэгтэй.

Ялзрал ихтэй хорвоогийн
Явдал паянг тунгааж бичсэн нь
Яруу найрагчдын түүхэнд
Ганцхан би биш ээ!

Тэр бүхнийг нь мэдсээр байж
Тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч
Тэсгэлгүй шүлэгчдийн тоонд
Би бас ганцаараа биш!

1975-II-10

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x