skip to Main Content

Д. ГАНБОЛД: ЧОЙНОМ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЖ ЧАДСАН

… Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь … хэмээн сэтгэлийн хөдлөлөө шүлгээр илэрхийлэн омогшиж, бардамнаж явсан билэг танхай яруу найрагч Ринчиний Чойномын амьдарч, уран бүтээлээ туурвиж явсан он цагийн үргэлжлэлээр уншигчидтайгаа хамтдаа аялахаар шийдлээ. Он цаг өнгөрөх тусам түүний дуу хоолой, залуу насных нь алтан дурсамж уран зохиолд хайртай хүмүүсийн дунд мөнхөрч, ам дамжин түүх болон үлдэж байна.
Учир нь тэр бүтээл болгоноо зүрхнийхээ гүнээс онгод дундаа буцалж, түүндээ гал асааж бичдэг ховорхон мэдрэмжтэй шүлэгч байсан гэвэл маргах хүн бараг үгүй биз. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой уулзаж эрхэм найрагчийн талаар ярилцлаа.
-Та ямар мэргэжилтэй вэ? Их утга зохиолын төлөө ажиллаж явааг тань харахад бичгийн хүн болов уу гэж санагдлаа.
-ТИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Үйлдвэрлэл болоод бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Сургууль төгсөөд “Засгийн газрын мэдээ” сонины компьютерийн төв байгуулагдахад ажилчнаар орж бүр дарга нь болж байлаа. Тус сонинд ажиллаж байгаад сонин хэвлэл, тэр дундаа хэвлэлийн зах зээл рүү орсон юм. 1997 оноос хувийн компани байгуулж номтой нөхөрлөсөн. Өмнө нь Р. Чойномыг мэддэг, сургуульд байхдаа ном, зохиолыг нь уншдаг байсан төдийгүй нэг нутгийн хүмүүс билээ. 1998 оноос Р.Чойном судлалаар дагнан ажиллаж эхэлсэн. Үүнийг товчхондоо хобби гэдэг утгаар ойлгож болно. Намайг Р. Чойном судлалын талаар 1995 онд ажлаа эхлэхэд түүний 60 насны ойг өргөн тэмдэглэсэн. Энэ үеэр музейг нь нээж, наадам зохиосон. Түүнээс хойш гурван жил болоход бүх үйл ажиллагаа зогсч түүний тухай нэг ч хүн дурсахаа больсон. Хуучин зохиогддог байсан ажлууд нь хийгдэхээ больж, мартагдаж эхэлсэн гэсэн үг. Яруу найргийн наадам болдог байсан бол зохиогдохоо больсон юм. Нутгийнхаа хүний ажлыг нь үргэлжлүүлэхгүй бол болохгүй нь гэж бодоод сангийн ажлаа эхэлсэн. Энэ хүн Монголын цаг хугацааны нэг төлөөлөгч яах аргагүй мөн.
-Сангийн туйлын зорилго юунд чиглэж байгаа вэ. Хүмүүс Танд түүний бүтээлийг бэлэглэдэг үү, эсвэл худалддаг уу?
-Музейгээ бид баяжуулах ёстой. Энэ хүний бүтээлийг цуглуулж авах зорилготой. Зарим найз, нөхөд нь бэлэглэдэг. Тодорхой хэмжээгээр хадгалж ирсэн учраас түүнийг нь үнэлдэг. Зарим хүн мөнгө олох зорилготой худалдах тохиолдол бий. Тэдэн төгрөг өгөөд үүнийг ав гэдэг. Юмаа аль болохоор авч үлдэхийн тулд тохиролцоо хийнэ. Энэ хүний өв хөрөнгө гэдэг утгаараа нэг бичгийн цаасан дээр бичсэн ганц өгүүлбэр ч үнэтэй. Нэрт найрагчийн мэндэлсний 60 жилийн ойгоор 1995 онд анд, нөхөд, хамаатан садны дэмжлэгтэйгээр түүний уран бүтээлийн гэр музейг байгуулсан. Багын найз Г. Тогоогийн бэлэглэсэн үйлдвэрийн байранд буюу Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байгуулсан. “Өд” сан 2003 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр үүдээ нээж, төрийн соёрхолт, яруу найрагч Р. Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, нэрийг нь мөнхлөхөөр зүтгэж байна. Түүний уран бүтээлийн өв сан манай нийт уншигчдын болоод Монгол Улсын оюуны баялаг. Зохиогчийг хайрлан дээдлэх нь Та бидний бүгдийнх нь ажил үйлс, сэтгэл зүтгэлийн хэрэг юм.
-Чойном гэж хэн байв. Яаж амьдрав. Юу бүтээж туурвисан бэ гэхчилэн олон асуулт хариулт нэхсээр байгаа. Энэ хүн ааш зангийн хувьд ямар байв?
-Зохиолч хүний бүтээлийг хэвлэж ард түмэнд хүргэхгүй байна гэдэг хамгийн дээд гутамшиг. 1962 оноос хойш номыг нь хэвлэхгүй, сонинд шүлгийг нь нийтэлдэггүй байсан. Зарим тохиолдолд нийтлэхээр төлөвлөгөөнд орсон хэрнээ хасагдаж байсан удаа бий. Төлөвлөгөөнд ороод бүр 2-3 жил болсны дараа “Таны ном хэвлэгдэхээ болилоо” гэдэг. Энэ нь тухайн хүний хувьд хэцүү. Сэтгэл дотроо бодсон бүх зүйлээ бичдэг байв. Үүнийг нь зарим хүн дэвэргээд улсын эсрэг юм хийлээ гэж багагүй шуугисан. Нөгөөтэйгүүр зарим хүн үүн дээр дөрөөлж гарч ирэх гэсэн бодлого явж байсныг үгүйсгэхгүй. Тухайн үеийн байдал ийм байсан нь анзаарагддаг. Одоогийн өнцгөөс харахад их дотогшоо хүн байсан юм болов уу. Үгээ тэр бүр бусдад дэлгэхгүй, хөөрүү, дэврүүн зан багатай. Гэхдээ хэлэх гэснээ хэнд ч хэлдэг шударга нэгэн. Ёжлох, егөөдөх маягаар санаа, оноогоо илэрхийлэх нь олонтаа байж. Дотроо бүх юмаа “шатааж” явдаг хүн байсан. Гэхдээ их уян, зөөлөн сэтгэлтэй. Зохиол, бүтээлийг нь уншихад энэ нь мэдрэгддэг. 2006 онд “Р. Чойномын нууц захидлууд” номыг хэвлэсэн. Захидлууддаа тодорхой бичсэн байгаа. “Ийм ном уншаарай, тийм шинэ кино гарчээ, энэ бүхэн залуусын оюун ухаанд хэрэгтэй” гэх мэт сургамж авахаар олон зүйл бичдэг байсан. Чойном баярлахдаа баярлаж, гомдохдоо гомдож, уран бүтээлийн л амьдралыг туулж өнгөрсөн бүтээлч болох нь тодорхой юм. Тэр үнэхээр үнэний дууч байсан болохоор түүний тухай олж мэдэх, таньж ойлгох ул мөр түм бумаараа хадгалагдаж үлджээ.
-Түүнийг хайрласан бол сайн уран бүтээл илүү ихийг хийх байсан гэж халагласан хүмүүс олон байдаг?
-Өөрийн амьдрал, туулсан замналаа өчүүхэн ч үлдээлгүй, магадгүй нүгэл, хилэнцтэй нь хамт бичиж үлдээсэн хүн бол Чойном. “Хүн хүнээ таних гэгээн үе эхлээгүй байна” гэж хэлдэг байсан бол “Хүн гэдэг тунгааж унших ном юм шүү” хэмээн захидаг байв. Чойномыг зөв таньсан бол, хайрлаж чадсан бол, шоронд ороогүй бол гэж харамсан ярьдаг хүн олон. Өнгөрсөн хойно нь тийм зүйл яриад хэрэггүй. Чойном аугаа найрагчийн хувьд тэр байдгаараа байсан. Бичдэгээ л бичсэн. Түүнийг хардаг нь харж, нүдээ аньдаг нь аньдаг л байлаа. Гэхдээ тэр цаг үедээ үнэнч байсан юм.
-Танай сангаас түүний олон зохиолыг эмхэтгэн гаргаж олны хүртээл болгосон. Одоо ямар бүтээл дээр нь ажиллаж байна?
-Манай сангаас шүлэг, найраглалын “Хориннэгдүгээр зуун танаа”, хүүрнэл романы “Тал дахь тулаан”, шоронд бичсэн уянгын тууж “Хар цэцэг” зэрэг 20-иод ном эрхлэн гаргасан. Одоо түүний орчуулсан Расул Гамзатовын “Кавказ аялгуу” хайр сэтгэлийн тухай ном, вэб сайтын нээлт энэ сарын 19-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
-Тэрбээр хувийн зохион байгуулалт сайтай хүн байсан гэдэг. Энэ чанараас нь Танд байдаг уу?
-Нэг хүн надад, “Чи яахаараа ийм нямбай болсон юм бэ. Ээж, аав тань ямар хүн байв” гэж асуусан. Тэгэхээр тэр хүмүүсийн нүдэнд би нямбай харагджээ. Уулзсан болон утсаар ярьсан бүх хүмүүсийг тэмдэглэлдээ бичиж үлдээдэг. Үүнийг хаанаас өвлөснөө сайн мэдэхгүй байна. Ээж маань нягтлан бодогч, аав маань намын ажил олон жил хийсэн. Аав, ээж хоёр маань бүх зүйлээ бичиж үлдээдэг байсан. Энэ хоёрын маань нямбай зан надад нөлөөлсөн байх. Чойном их нямбай хүн байсан юм билээ. Энэ хүний бүтээлийг нандигнаж, араас нь гүйх бол миний үүрэг.
-Цаг хугацаа өнгөрөх тусам Чойномын бүтээл үнэд орно. Ирээдүйдээ Та баян болно гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Р. Чойномыг судлах нь тохиолдлын хэрэг байлаа. Мартагдсан үеэс авахуулаад эргээд Чойномыг дурсах хүртэл цаг хугацааны үргэлжлэл юм уу даа. Дараагийн үед энэ бүхнээ шилжүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс биш өөрөө баян, нэрд гарахын төлөө зүтгээд байгаа юм огт байхгүй. Үнэхээр мөнгө олж, мундаг хүн болохын төлөө хийсэн бол зараад мөнгө олох боломжтой. Харамсалтай нь ийм явуургүй зүйл хийх сэтгэл надад байхгүй.
-Яруу найрагчийг гэр бүлийн талаар тогтворгүй байсан гэдэг. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Албан ёсны хоёр бүсгүйтэй гэр бүл болсон. Эхнийх нь Лхагважав гэх эмэгтэй. Тэр хоёрын дундаас Эрдэнэном гэдэг охин гарсан. Дараа нь Нина гуайтай гэр бүл болсон юм. Тэд Хулан гээд охинтой. Гэхдээ Нина гуайгаас холдохдоо хэрэг төвөгт орооцолдсон үе байсан. 1966 оноос ерөнхийдөө мөрдөгдөж эхэлсэн юм. Тэр үеэс хүүхдүүдээ авч үлдэж, хамгаалж, өөрийнхөө хэрэгт орооцолдуулахгүйн тулд “Би явлаа” гэж хэлээд явсан байдаг. Их холыг харсан нь үүнээс харагддаг юм. 1974 билүү 1975 онд их сургуулийн орос хэлний ангийг төгссөн Туул гэдэг бүсгүйтэй шоронгоос гарсан хойноо танилцаж Дэлгэрхаанд хамт очиж сар шахуу байсан гэдэг. Тэдний дундаас нэг охин гарсан.Тэр охин нь над дээр ирж уулзсан. Одоо Дархан-Уул аймагт ажиллаж байгаа. Мөнхтэмүүлэн гээд бүсгүй бий.
-Тэр шүлэг бичнэ, зурна гээд олон талын авъяастай. Богинохон насалсан хэрнээ олон бүтээл туурвисан байдаг?
-Тэрхүү хосгүй авъяастан 43 жил амьдрахдаа 4-5 жил нь сурч, 4-5 жил нь шоронд амьдарч, гурван жил гаруй эмнэлгийн ор сахиж, таван жил урлаач, зураачийн алба хашиж, 24 жил амьдралын их сургуульд суралцан, амьдралыг өөрийн биеэр, өөрийн нүдээр нээн, авъяасаа хурцлан, эрдмийг хичээсээр нарт хорвоогийн салхийг амраажээ. Найрагч, шүлэгч, үргэлжилсэн үгийн зохиолч, зураач, барималч, орчуулагч, баримтат зохиолын мастер гээд олон талын авъяастай. Олон талын авъяастай учраас түүний бичих, туурвих, дүрслэх, илэрхийлэх, өгүүлэх, хэлэх нь бусдаас онцгой. Түүнийг богинохон амьдралтай байсан гэж боддог, ярьдаг хүмүүс бий. Гэвч өөрийнхөө шүтдэг, биширдэг, найрагч анд нөхдөөсөө илүү урт насалсан. Юрий Лермонтов 27, Сергей Есенин 30, Жорж.Байрон 36, Александр Пушкин 38 насалсан. Монголын авъяаст хөвгүүн Г.Сэр-Од 23, Д.Нацагдорж 31, С.Буяннэмэх 35 насалж, Д.Гомбожав, Д.Шагдарсүрэн, О.Дашбалбар нар ч Чойномоос насаар дүү байхдаа өөд болцгоосон. Миний бодлоор уран бүтээлч хүнд нас гэдэг тийм чухал зүйл биш. “Урт наслах юмсан” гээд залбирч, мөргөөд явсан алдар цуутныг би мэдэхгүй. Одоогоос 200 шахам жилийн тэртээх хүн, Чойном шиг дөчин хэдхэн насалсан өөрчлөлт, шинэчлэлийн дууч Шарль Бодлер эдүгээ дэлхийн хамгийн цуутай найрагчийн нэг байсаар. Энэ талаар “Монгол уламжлал академи”-ийн тэргүүн, доктор, профессор Л.Дашням гуай сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг.
-Одоогийн яруу найрагч, зохиолчдын бүтээл Танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Үнэлж, дүгнэлт хийдэг нь би биш. Зохиолч, яруу найрагчид тухайн цаг үед болж байгаа улс төр болоод нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандах ёстой. Зохиолоороо дамжуулж ард түмний дуу хоолой болж байх учиртай. Түүхийн баримтуудыг үнэн зөв гаргаж өгдөг байхаас гадна даацтай уран бүтээл хийх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүний ивээл дор орж, түүнийг магтан дуулаад явж болохгүй. Түүнчлэн энэ тэндхийн юм хамж, шимж биччихээд зохиолч гэж өөрийгөө нэрлэж, цээжээ дэлдэж огтхон ч болохгүй. Сонин, хэвлэлд ажилладаг зарим зохиолч хэн нэгний аманд орж, магтаал урсгаж байгаа нь харагддаг. Энэ нь уран бүтээлч хүнд тийм ч таатай зүйл биш.
-Та түүний бүтээлийг уншаад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Зарим үед уншаад улам дүрэлздэг юм шүү дээ.
-Яагаад?
-Бас уншаад тайвшрах үе ч байна. Зохиолыг уншаад цэнэглэгддэг юм. Энэ утгаараа Чойномын бүтээлийг мөнхлөх гэж яваадаа харамсдаггүй.
-Чойномын бүтээлийг цуглуулж, эмхэтгэхэд бэрхшээл хэр байдаг вэ. Чойном судлалын “Өд” сан гэж олон хүн мэддэг. Зохиолч, уран бүтээлчийн цугладаг газар гэж хэлж байсныг саналаа?
-Бэрхшээл тохиолдоно. Эхэндээ Чойномыг хэн ч мэддэггүй, хэн ч тоодоггүй байсан. Энэ уур амьсгалыг өөрчлөхийн төлөө их зүйл хийсэн. Олон хүнтэй уулзсан. Энэ бүхний үр дүнд Чойном хүмүүсийн сэтгэхүйд байр суурь эзэлж чадсан. Зохиолч, судлаачдын дунд “Өд” сангийн Ганболд гэж хэлүүлэх хэмжээнд очсоноо мэдэрдэг. Үүнийг ямар ч гэсэн амжилт гэж бодож байна. Анх ажлаа эхлэхдээ Р. Чойномын “Хорин нэгдүгээр зуун танаа” шүлэг, найраглалын номыг гаргасан. 2000 оны нэгдүгээр сарын 3-нд хэвлэлтээс гаргаж, дараахан нь Бөхийн өргөөнд болсон “Болор цом” наадам дээр өөрөө бариад худалдаалсан. Орж үзээд завсарлахаар нь гарч номоо зарж байлаа. Ийм дурсамжтай үе надад байсан. Тэр үед хүмүүс их гайхаж хүлээн авсан. Манай “Өд” санг зохиолч, уран бүтээлчид үе, үе цугларч уулздаг сайхан энергитэй газар гэж Т.Галсан гуай хэлэхэд нь баярлаж байлаа.
-Чойномыг согтуу, тэрсүү гэсэн нэр зүүхэд Та эмзэглэдэг үү?
-ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын хичээлийн ганцхан цаг Чойномын бүтээлд зориулагддаг гэсэн. Согтуу зохиолч хэн бэ гэсэн асуултад Чойном гэж хариулж байх юм. Багш нар нь ингэж зааж байгаа байхгүй юу. Согтуу зохиолч гэж заах ёстой юу, эсвэл энэ хүний зохиол бүтээл нь чухал гэх үү. Ийм байдлаа одоогийн уран зохиолын багш нар мэдэхгүй байна. Мөн уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассанд харамсч явдаг. Үүнээс харахад боловсролын хөтөлбөр гажигтай байгаа нь харагдаж буй. 2005 онд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Манай эрдэмтэд Чойномын бүтээлийн талаар дуугараагүй, харин ард түмэн л ам дамжин ярьдаг байсан л даа. Ийм үед судлаач, шүүмжлэгч нараар түү-нийг хилс хэрэгт орж цагаадсан, үргэлжилсэн үгийн төлөөлөгч зэрэг үнэтэй үгийг хэлүүлж чадсан. Эрдэм шинжилгээний бүтээлийг “Р. Чойномын амьдрал, уран бүтээл” номоос сонирхож болно. Хийж байгаа ажилдаа хүн сэтгэл, зорилго тавьсан байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд хичээх нь чухал. Хэвлэлийн компани удирдаж байгаа хүний хувьд олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг энэ хүнд зориулах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ сэтгэл зовоосон зүйлүүд багагүй байна.
-Тухайлбал?
-Тагнуулын ерөнхий газраас 1989 онд Чойномын зохиол, бүтээлийг Зохиолчдын хороонд хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг албан ёсны бичиг, гарын үсэгтэй хүлээлгэн өгсөн. Авсан ном, зохиолынх нь хэмжээ, хуудсыг зааж, дэвтрүүдийнх нь өнгийг хүртэл хавсарган бичсэн байдаг. Хүлээлгэн өгсөн бичиг баримт 1990-ээд оны үед МЗЭ-ээс бүгд алдагдсан. Яагаад алга болсныг нэг ч хүн мэддэггүй. Зохиолчдын хороо өөрийн архиваа Үндэсний төв архивын газар өгсөн гэх боловч түүн дотор Чойномын бүтээл яваагүй байсан. Улсын архивын газар хүлээлгэж өгөхийн өмнө Чойномын зохиол бүгд алдагдсан. Үүний учрыг одоо хүртэл олох гээд зүтгэж явна даа.
-Олдох сэжим байна уу?
-Энэ зохиол нэг хүний гар дээр байгаа. Одоо ч байгаа. Байгаа хүнийг нь би мэднэ. Очиж уулзаж байсан. Гэхдээ одоогоор нэрийг нь хэлж болохгүй. Гаргаж өгөх нь ойлгомжтой болов уу.
-Тэр хүн тухайн бүтээлээ зарж, үнэд хүргэнэ гэсэн ойлголт байхгүй гэж үү. Та түүний бүтээлийг худалдаж авсан байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?
-2007 онд дуудлага худалдаагаар нэг зохиол худалдаж авсан. Энэ бүтээл нь Зохиолчдын хороонд байж байгаад алдагдсан зохиолын нэг нь юм. Хадгалж байгаа хүн хулгайлж авсан зүйлээ ямар нэг хэмжээгээр үнэд оруулах гээд байдаг юм уу, яагаад өгөхгүй байгаа учрыг нь ойлгодоггүй. Тухайн бүтээлээс хэрэв цааш нь худалдах ямар нэгэн сэжүүр гаргавал Тагнуулын ерөнхий газарт давхар хүсэлт тавих болно. Миний бие 2003 оноос хойш Чойномын алдагдсан бүтээлийг олж өгөх талаар Тагнуулын ерөнхий газар байнга хүсэлт тавьж байгаа. Тус газар энэ талаар тодорхой хэмжээгээр судалж байгаа гэдэгт итгэдэг.
-Алдагдсан бүтээл хэдэн ном болох бол?
-30-аад төрлийн бүтээл. Их алдартай зохиолууд нь хүртэл байгаа. “Далан жаргалан”, “Хүн” романы хоёрдугаар дэвтэр, Ж.Байроны “Дон Жаун”-ы орчуулга. Энэчлэн олон алдартай бүтээл нь тэнд бий.
-Та худалдаж авсан бүтээлээ танилцуулахгүй юу?
-Р.Чойномын өврийн дэвтрийг худалдаж авсан юм. Өврийн дэвтэрт байгаа шүлгүүдийн ихэнх нь олны хүртээл болоогүй бөгөөд “Батноровын дэвтэр-2” гэсэн нэртэй.
-“Нутаг заагдсан шүлгүүд” номыг яагаад хэвлэдэггүй юм бэ. Хүмүүс их сонирхож асуудаг юм билээ?
-”Нутаг заагдсан шүлгүүд” номыг 2007 онд бэлэн болгосон. “Нутаг заагдсан шүлгүүд” номонд хэвлэгдэж байгаагүй шүлгүүд орсон. Шоронд байхдаа болон нутаг заагдаж цөлөгдсөн үедээ бичсэн шүлгүүд. Энэ ном хэвлэгдээгүй ганцхан хувь надад бий. Яагаад хэвлэлтэд оруулахгүй байгаа юм бэ гэж хүмүүс гайхдаг. Энэ нь учиртай. Хэвлэсэн бүх зохиол бүтээлийг хүмүүс хулгайгаар хэвлээд байна. Тэр дундаа Хөх хотод хэвлэж, борлуулаад байх юм. Энэ асуудлаар гурван удаа Хөх хотод очиж уулзсан. Ганцаараа яваад амжилтад хүрэхгүй юм билээ. Ямар ч байсан манай зохиолчид бүгдээрээ нийлж Хөх хотод монгол бичгээр хэвлээд байгаа номуудыг цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол бидний бүтээлүүдийг ямар ч үнэгүй хэвлэж, ашиг хонжоо хайгчдын гараар орж байна. Үүнийг Хөх хотынхон хийгээд байгаа юм биш. Эндээс манайхан дамжуулж өгөөд байна. Энэ бүхнийг дамжуулж байгаа хүмүүс бодох хэрэгтэй. Оюуны бүтээлийг ингэж хулгайлж болохгүй. “Нутаг заагдсан шүлгүүд” номыг хүмүүст хүргэхээр хэвлэсний маргааш нь Хөх хотод хэвлэгдэнэ. Энэ нь ард түмэн Чойномын зохиолыг уншихад саад болж байна гэхээс өөр хэлэх үг алга. Монголд сайхан хууль их гарч байна. Жилд хэдэн арван хууль санаачлан баталдаг. Харамсалтай нь бүгд хэрэгжихгүй байна. Энэ бүхний ганц жишээ Хөх хотод оюуны өмчийг хулгайлж, зарж байгаа явдал юм.
-Үүрэн телефоны операторууд Чойномын шүлгийг үйлчилгээндээ ашигладаг. Та тэр бүхнээс ашиг хүртдэг үү?
-Монголын үүрэн телефоны операторууд яруу найрагчдын зохиол бүтээлийг нэлээд ашигладаг. Дуудлага хийхэд Чойномын шүлгийг уншиж байх жишээтэй. “Скайтел” компани дээр энэ талаар очиж уулзсан. Энэ бүхнийхээ төлөө тус компани 10 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Хэсэг хүмүүстэй гэрээ хийсэн гэдэг. Тэр хүмүүстэй уулзах гэхээр нуугаад хэлдэггүй. Дуучин С.Жавхлангийн хэлдэг үнэн. Тэрбээр хууль бусаар дуу татлаа гэдэг. Тиймээс “Скайтел”, “Мобиком”, “Юнител”-ээр явж байгаа шүлгүүд бүгд хууль бус. Хэрэглэгч энэ үйлчилгээг 500 төгрөгөөр авдаг. Түүний 10, 20 хувийг цаад гэрээ хийсэн хүмүүс авдаг. Тэдгээр хүмүүс буцаагаад нөгөө хүмүүстээ өгдөггүй.
-Хамгийн сүүлд тэрбээр ямар бүтээл туурвисан бэ?
-… Ахар богино насалсан ч их яруу найргийн
Ашид мөнхийн урсгалыг босголцлоо
Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлуулаа
Хүний ертөнцөөс хүн нэг дутаж
Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэг нэмж
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн
Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа …гэж 1979 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хамгийн сүүлд бичсэн.

Б.Даариймаа
“Үнэн” сонин, №047(21530) 2010-03-17

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x