skip to Main Content

4 ДҮГЭЭР САРЫН 24

Жил бүрийн дөрөвдүгээр сард “ӨД” сангийнхны хувьд мартаж боломгүй өдрүүд олон байдаг юм. Түүний дотроос 4-р сарын 24-ний өдөр бол тухайн үеийн нийгмийн гажуудалтай үзэл суртлын эсрэг амь биеэ хайхралгүй, уран бүтээлээрээ тэмцэж чадсан найрагч Р.Чойном мөнх бусыг үзүүлсэн өдөр юм.
Хэдийгээр нэрт найрагч маань мөнх бусыг үзүүлсэн ч гэлээ уран бүтээл нь оршсоор л… Түүний шүлэг найраглалаас одоо ч гэсэн нийгэмд болж буй бусармаг үйлдэл, хээл хахууль, бялдуучлал бугласаар, улам гүнзгийрсэн болохыг мэдрэх болно. Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч хүний үнэн шударга, голчийг нь олж, ард түмэнд бодитой мэдээлэл өгөх тэдний чин зорилго гэж боддог юм. Өөрсдийн хийж буй ажилдаа ямар дүн авахыг цаг хугацаа шүүн харуулж, таны бүтээл хэр хүртээмжтэй болох, хэн нэгэн мөнгөтэй хүн, улс төрчдийн ивээлд орохоос сэрэмжлэхийг залуу яруу найрагч, сэтгүүлчдээс хүсэх байна.
Ингээд Та бүхэнд найрагчийн хамгийн сүүлд бичиж дэрэн доороо үлдээсэн шүлгийг нь сонирхуулья.

Ахар богино насалсан ч их яруу найргийн
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо
Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлууллаа.

Хүний ертөнцөөс хүн нэг дутаж
Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэг нэмж
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн
Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа.

Хэнтийн их уулын цэнгэлд шартам хормойд
Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард
Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш
Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.

Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн эр би
Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаж
Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч болтол нь
Ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөө үүрч явлаа

Энхэрхэн гоо минь ээ,
Ээмэг, бөгж, бугуйвч
Эрдэнийн чулуун зүүлт
Энэ бүхэн чинь юу юм бэ?

Хүн алттай ханилдаггүй
Хүйтэн чулууг тэвэрдэггүй
Халуун цогцсыг тэвэрч
Хайрын үгэнд уярдаг юм.

Алт үг хэлдэггүй
Алаг чулуу дуу дуулдаггүй
Яруу найрагчийг мөрөн дээрээ үүрч
Ядрал цэнгэлий нь амссан биеэрээ

Ялалтынхаа алтан хөшөөг бүтээлээ
Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа
Үнэ хайргүй олж авсан энэ ялалтынхаа
Үр шимийг хүмүүс та нартаа барья.

1979-IV-23

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x