skip to Main Content

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-3

news_20110331

Баасанхүүгийн Даваасүрэн

Хорвоо чамайг би яалтай

Тоонот гэрийнхээ энхийн төлөө
Тулгатай галаа манасан ханийхаа төлөө
Энгэрт мацах үрийнхээ төлөө
Эргэж олдохгүй эх орныхоо төлөө

Нагац ах минь хамт зүтгэсэн
Нартад тэр алдар нэрээ мандуулсан юм

Хамаг жаргалтай оронд минь
Харийн хүмүүс шунадаг юм
Хамаг бүгдийг булаах гээд
Хүйтэн зэвсэг агсдаг юм

Халдах дайснаас
Хайртай бүхнээ хамгаалах гээд
Халх Монголын хөвүүд цэрэгт мордсон юм
Халхын голд тэд тулалдсан юм

Эх орноо гэсэн монгол хөвүүд
Эрчит сумнаас дальдардгүй юм
Эрмэг хүлэгээ унаад
Эгцэлж өөдөөс нь сөрсөн юм

Монголоо гэсэн сэтгэл нь
Морин дэл дээр туг шиг дэрвэж
Мохошгүй зоригоор тэр муусайн дайсныг
Монгол нутагаасаа хөөсөн юм

Дайснаа дарсан монгол хүү
Дархан хилээ хамгаалсан монгол цэрэг

Хайртай ээждээ баярын нулимстай ирсэн юм
Хацраа энгэрт нь наахдаа нөхөд минь гэж санаа алдсан
Хотол олноороо тэгээд
Хойшдын амьдралаа бодсон

Эртнээс улбаатай нүүдэлчдын удам
Усны элбэг урамлын шимийг даган нүүдэлдэг юм

Нүүдлийн ачлаг хайж
Нагац ах минь төвийг зорьсон юм
Нарт орчлонг тэгээд үүрд орхисоон

Өнгөт хорвоог хамт туулах ханийг нь
Өндөр настай ээжийг нь
Өрөвч сэтгэлтэй эгчийг нь
Өөдөсхөн жаахан дүүгий нь

Хайртай ганцхан үрийг нь
Хилэн хар морийг нь
Хорин хэдхэн насыг нь хайрладаггүй
Хорвоо чи ямар хатуу юм бэ?

Эр цэргээ алдсан гэж
Эх орон минь уйлж байсын
Эр нөхрөө алдсан гэж
Энхрий хань нь уйлж байсын
Эцгээ алдсан гэж
Эрх жаахан үр нь уйлж байсын
Элэг бүтэн амьдрах хорвоод
Дүүгээ алдсан гэж
Эгч дүүс нь уйлж байсын

Хайртай бүхнийг нь уйлуулсан
Хорвоо чи нулимсанд ханах болоогүй гэж үү?

Хагацуулж нэгийг нь авч оддог ч
Хайрла гээд үр заяадаг болохоор
Хорвоо чамайг би яалтай. . . .

П.Урнаа

Араншин

Цаг хугацааны өлмийн дор би зүрхээ гээчихэж
Цуурайтуулж энэ орчлонгоор дүүрэн уйлмаар
Цамцны чинь өнгөнөөс бусдыг би мартчихаж
Цус булиглаж хайрыг чинь дэвсэлмээр

Надаас бараан араншин асгарнам

Харцнаасаа унагасан нулимсыг би цэцэгсийн магнайд орхичихож
Хөлчүү юм шиг дурлалын мананд төөрмөөр
Хэнэггүй гэнэн зангаа чиний хүзүүнд оосорлоод
Халаасандаа зүрхийг чинь хийчихээд алхмаар

Надаас гэгээн араншин асгарнам

Харцнаасаа унагасан нулимсыг би цэцэгсийн магнайд орхичихож
Хөлчүү юм шиг дурлалын мананд төөрмөөр
Хэнэггүй гэнэн зангаа чиний хүзүүнд оосорлоод
Халаасандаа зүрхийг чинь хийчихээд алхмаар

Надаас гэгээн араншин асгарнам

МУИС – НШУС -ийн Улстөр судлалын 4-р дамжааны оюутан Чимэдрэгзэнгийн Өсөхболд

Даарсан навчисын ёолох дуу ч үгүй
Даанч гунигтай хотын намар
Далавчаа хотын гунигт дүрсэн шувуудын
Дараах өдрийн маш их санааширал ч үгүй
Бүүр хүмүүст нь ч бодол үгүй
Хотын намар

Шархадсан болжмор шавартай усанд живж
Шаргалхан өдрүүдийн түүхийг өөрийн хамт дуусгана
Шалдан хүмүүсийн дунд ганцаар хүрмээ зузаалаад
Сар гарах зүг ихээ гунигтай алхалахад
Салхины үзүүрээс шувуудын хәл ирж
Саях бор шувуу диваажинд очсон тухай сонсоно
Хотын өвөл

Бор агаар мандалд шар хүчилтөрөгчөөр амьсгалаж
Бодол захаасаа хайлмагтан эртний дуу эхлэхэд
Босон суун хүлээснээ нэг доогтой дурсаад
Болох л ёстой ирээдүй рүү ганхан гунхан одно
Гэвч хэзээ тэнд хүрэх нь хэзээнээс л бүрхэг. Бүрхэг
Хотын хавар

Цөөрөмд унасан тэнгэрийн эрхсүүд хөлд орж
Цам харайж, зүүдэнд орж, зүгээр суулгахгүй
Цамцаа тайлж, хүмүүс дунд ганцаар нүцгэрч
Заримдаа цас мөрөөдөж, шатаж унасан ганц нэг навчсыг хараад
Зайрмаг долоомоор санагдавч, хэтэрхий их инээгээд л

Хотын зун
Хотын намар
Хотын өвөл
Хотын хавар
Хотын зун Гэвч

Гуниг бүрийн сүүдэрт зол жаргал нуугданам
Гутлын минь өсгий дор навчсын инээд гишгэгдэнэм…

2009.10.03

Дэлгэрсайханы Сосорбарам

Цасан дээгүүр уралдаж гүйсэн тагтааны мөрийг хармагц
Цагаа өнгөрөөж ядсан бурхадын ханзыг унших шиг болоод
Уушгиныхаа гурван судсаар гитар тоглон зүрхэндээ дуулваас
Голын жараахай мөс цөмлөн толгойгоо өндийлгөж
Сэлүүрээрээ агаар дээр бишгүүрдэн хоршиход
Усны ёроолд амьдран суугч усны эрдэмтэн бидний дуулахыг сонсоод
Усны гүн рүү хөл алдан живэх шиг
Сонгодог аялгууг солгой дуулсан ч
Сонсголт сонсогддогыг цаг батлахаар
Цаг хугацааны гэр лүү сүйх тэрэг явуулахад
Түүний бүрх малгайных нь үрчлээснээс эмгэн гургалдай гарч ирээд шүгэлдэх төдий
Үлгэр сонсохоор цугласан
Үр ачийнхаа чихийг өвөр дээрээ тавиад утсанд хэлхэж суугаа өвгөн гургалдайс
Дэрхийн нисэж нэрээ дээд, доод өнгөөр эмгэн гургалдайнд мэдүүлэх шиг
Дээд, доод өнгөөр цаг хугацаа хурхирч
Тэдний болзоонд хөг нэмж үнэгчилэхэд
Салхи, навч хоёр салхинд найгах нь дэмбээдэх адил орчлонг таг мартан
Зүүднийхээ хөвөөн дээр дэгээ шидэнгээ агаарт уусаж,
Сонгодог аялгууг солгой аялах нь
Сонгодог сонсогдоно

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x