skip to Main Content

Р.ЧОЙНОМЫН “ХАР ЦЭЦЭГ” ТУУЖ СОЛОНГОС ХЭЛНЭЭ ХЭВЛЭГДЛЭЭ.

Khar tsetseg - ChoinomМонгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Хар цэцэг” тууж солонгос хэлнээ хэвлэгдсэнтэй холбогдуулан өчигдөр МУБИС-ийн хурлын танхимд эрдэм шинжилгээний хурал болов. Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргал нээж, даргалагчаар нь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Буянзаяа ажилласан юм.

Найрагч З.Түмэнжаргалын хүү Т.Дүүрэн хэдэн жилийн өмнө бизнесийн ажлаар БНСУ-д очоод байхдаа нэгэн түнштэйгээ утга зохиолын халуун яриа өрнүүлж, улмаар Монгол, Солонгос зохиолчдын хооронд найрсаг харилцааны гүүр болох анхны алхмыг тавьж байжээ. Улаанбаатарын зохиолчдын холбоо, Солонгос-Монголын утга зохиолын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан эл хуралд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, МУБИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Пүрэв-Очир, утга зохиол судлаач, доктор Д.Галбаатар, Ж.Батбаатар, зохиолч Л.Нямаа, М.Эрдэнэбат, хүүхдийн зохиолч О.Сундуй нарын эрдэмтэн мэргэд оролцсон юм.
Билиг танхай найрагч Р.Чойном амьдарч асан бурангуй нийгмээ шүүмжилсэн, залуусын хайр сэтгэл, ёс суртахууны сэдэвт “Хар цэцэг” туужаа хилсээр хэлмэгдэн Хажуу-Улааны шоронд 1971 онд хоригдож байхдаа хорьхон хоногийн дотор туурвисан байна. Уг тууж ард түмний дунд 30 гаруй жил тархаж байгаад “Жиком пресс” компанийн захирал Д.Ганболдын буянаар 2003 онд л сая нэг уншигчдад хүрэх тавилантай байжээ.
Зохиолчийн өгүүлсэнээр “Хамаг бүхэн хаалттай Хатуу чанд заалттай” байсан үеийн тэмдэглэл гэж болохоор эл зохиолын шүүмж өгүүллийг доктор Д.Галбаатар хоёр жилийн өмнө бичсэн нь ийнхүү хилийн дээс давж хэвлэгдэхийн үүдэл болсон байна. Эрдэм шинжилгээний хурал дээр МУИС-ийн багш Д.Сайнбилэгт “Р.Чойномын “Хар цэцэг” туужийн хэл найруулгын онцлог”, Солонгос-Монголын зохиолчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хун Тэй Шик “Хар цэцэг” туужийн агуулгын онцлог, судалгаа”, Жоннамын их сургуулийн докторант Б.Нандинцэцэг “Хар цэцэг” зохиолын гаднах ертөнц” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцсэн юм.
Доктор Д.Галбаатарын “Төрийн шагналт зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужийн тухай” гэсэн илтгэл ч гаднын зохиолчдын анхаарлыг гойд татсан юм. Хурлын төгсгөлд, “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх, Солонгосын яруу найрагч Чой Сан Ён нар шүлгээ уншлаа. Солонгос-Монголын уран зохиолын нийгэмлэгээс цаашид хоёр ард түмний оюун сэтгэлгээг сэлбэх шилдэг зохиолуудыг эх хэлнээ харилцан хөрвүүлж хамтран ажиллахаар болжээ.

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Oldest
Newest Most Voted
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x