skip to Main Content

“БУРИАД” НАЙРАГЛАЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН БИЕЭ ДААСАН БҮТЭЭЛ БОЛОХ НЬ

nomin_san_1“БУРИАД” НАЙРАГЛАЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН БИЕЭ ДААСАН БҮТЭЭЛ БОЛОХ НЬ

Монгол үндэстний дотроос буриадууд шиг яруу найрагч Ринчиний Чойномын үзгэн дороос бүхэл бүтэн хөрөг-найраглал аваад үлдэж чадсан өндөр их хувь тавилантай хүмүүс ховор байх аа. Саяхан долдугаар сарын дундуур “ӨД” Сангийнхан Хэнтий аймгийн “буриад сум” гэгдэх Батширээт, Биндэр, Дадал сумаар долоо хоног аялж явахдаа ямар ч буриад хүнийг “Алив буриадынхны тухай нэг шүлэг уншаач” гэхэд:
“Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд…”
гэж эхэлж байна лээ.
Р.Чойномын “Буриад” найраглал бол тэр чигээрээ буриад зоны ахуй, амьдралын хэвшлийн тодорхойлолт, гайхалтай уран дүрслэл, зан төрхийн бүрэн бүтэн зураглал, буриад хүний хөрөг-найраглал юм. Тухайлбал, гадна төрхийг нь:
…Зангий нь мэдэхгүй сониуч хүн
Зайдуу газраас сонжиж харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг
Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэндүү сулхан бүсээ бүсэлж
Дэлбэгэр чихтэй шовгор малгай нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз.
Хоёр гар нь тэрэгний мөөр шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хөмөн гутлаан гадагш нь өшиглөж
Хөвөөтэй мөр үлдээж алхахыг нь
Гурван салаа гозгор сахал нь
Гунигтай ч юм шиг харлан унжихыг нь
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шүлс нь шарлан хоцрохыг нь
Энд тэнд харсан төдийгөөр
Эндүү дутуу дүгнэж болохгүй…
гэсэн байдаг бол ажилд угийн эрдүү төрхийг нь:
…Балт сүхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгaа нэг нулимж
Баруун хөлөө гэдрэг нь гишгэж…
гэж бичсэн нь эгээтэй л гэрэл зургийн хальсанд үлдсэн агшин мэт байдаг. Энэ бүхнийг уншихаар буриад хүн нүдэнд тусаад ирдэг.
Энэ найраглал нь бас Чойном, буриад зон хоёрын нөхөрлөлийн шүтэлцээ юм. Хичнээн олон буриад эрчүүл байхад “Сэмжүүхэй” нэрт бүсгүйг гол баатраараа сонгон авсан нь илүү уянгалаг болгосон юм.
“Буриад” найраглал хэрхэн бүтсэн тухай ард олны дунд домог мэт яригддаг түүх хэд хэдэн хувилбар байдаг ч Р.Чойномтой уулзах нь битгий хэл, салхин доогуур нь орохоос ч дөлөөд зарим нь зугтааж байх үед, нэг хэсэг орон гэртээ орогнуулж, дараа нь буруудаж явсан яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй агсаны хуучилсаныг сонирхуулъя.
…Р.Чойном манайд байх хугацаандаа аймгийн “Урагшаа” сонинд үе үе зураг, чимэглэл хийдэг байлаа. Сонины эрхлэгч Н.Хасбазар гуай ч шагналын хэдэн төгрөг өгдөг байсан юм билээ. Нэг өдөр Чойном маань -Сонин дээр ажилтай гэж яваад хоёр хоног сураг гарсангүй.
Би таньдаг айл хунар, танил нөхөд, сонины газар, тэр ч атугай Хэнтийн цагдан сэргийлэхээс сураглаад ч байдаггүй. Өөрөө, намайг алга байвал сэргийлэхээс асуугаарай гэж захидагсан. Гэтэл гуравдахь хоног дээрээ нэг их ядарчихсан царайтай, амьсгаадсан амьтан ороод ирэх нь тэр. Мань хүн ч юм ярихгүй, би ч ирсэнд нь дотроо баярлавч гаднаа царай өхгүй нилээд суулаа. Тэгтэл нөхөр маань ам нээж -Чи юу гэж уурлаж дуугаа хураагаад байгаа юм бэ? гэв. Би хариуд: -Уурлахгүй яах юм бэ? Сумкээ даахгүй амьсгаадаж байж, биеэ бодохгүй хэд хоногоор алга болж, архидаад байхдаа яадгийм. Чи өөрөө өөртөө хэрэггүй юм гэхэд ард түмэнд хэрэгтэй. Юугаар дутлаа гэж айл хэсэж явдаг билээ гэж уцаарлав. Бид хоёрын ам зөрсөн яриа гэвэл энэ л байх. Тэгтэл өнөөх чинь хэнэг ч үгүй:
-За чи битгий уурлаад бай! Одоохон дотор засах юм өгөөдөх! Чи намайг юу бичсэн гэж санана. Наашаа суу! сонс! гээд 12 мөнгөний улаан хүрэн хавтастай дэвтэр гутлын түрийнээс гарган ширээн дээр тавилаа. (Бодвол нэгжүүлэхээс болгоомжилдог байсан биз) Зэрвэсхэн харвал “Буриад” найраглал гэж гараар бичсэн нь өөрийн нь бичиг мөн байв. Би ч сонирхомдог болж, дөтөлж суухад, ийм нэг бяцхан түүх ярьсан нь:
-Би уржигдар “Урагшаа” сониноос гараад танктай хөшөөний зүүгээр урагшаа явж байтал, намын хорооны урдах “Бөхтэй цэцэрлэг” дотор хэдэн хүн сууж байна. Наран доогуур харахад нэг шил гялсхийлгээд авах нь архи ууж байгаа бололтой. Хүрээд очсон чинь хэдэн “Дүлзэн” буриадууд архидаж байнаа. Тэд намайг нэг л их анзаарах шинжгүй байснаа нэг нь яриа өдөж,
-Хэн гэдэг юу хийдэг хүн гээ шивш гэж байна. Би, яруу найрагч хүндээ гэв. Нэг нь яруу найрагч гээшивнээ, ямар ажилтай хүн гээшив гэж байна.
Би шүлэг бичдэг хүнийг хэлдэг юмаа гэв. Тэд, тэгвэл бидэнд шүлэг хэлж өгийш гэв. Тэгэхэд нь би наргиа болгож
-Архи л өгвөл шүлэг хэлж болох юм гэтэл тэд архиа сахалтай, сахалгүй хушуугаар тойруулж хэд балгасны дараа надад бараг дүүрэн шилтэй архиа сарвайлаа. Тэгээд би буриадуудын талаар багцаа мэдэхийн хувьд:
Нэр минь, шүлэг минь, зүрх минь
Нэг л цагийн өртэй юм шиг
Мэдэл эрхгүй татагдаад байна.
Мэнд амар аа! Буриад зон! гэснээ үргэлжлүүлэн:
“Баавай танарыгаа Хан Хэнтий шигээ
Бат түшин жарган суухын
Ариухан ерөөлийг зүрхэндээ шившээд
Амьсгаа даран хөнтөрч орхиё”
гэж хэлээд дугтарч орхилоо. Тэгтэл нөгөө буриадууд ч ааш зан нэг л өөр болж, бие биенийгээ харж хэдэн үг солилцсоноо мөнгөө нийлүүлж баахан архи аваад, очих айлаа эргэлзэхэд нь би тэднийг дагуулж Дархан сумын харъяат, жолооч, шагай мэргэн харваж уухай түрлэг сайхан хийдэг, уртын дуучин “Баазын Шар” хэмээх өвгөнийд дагуулж очоод хоёр хоног мөн ч их архи уулаа. Найраглалаа ч гүйцээлээ. Буриадуудын маань мөнгө ч дуусав бололтой. Шар гуай бид хоёр тэдэнд гурван шил архи авч өгсөн чинь тоох ч үгүй хөнтөрчихнө билээ. Ёстой л ёроолгүй торхнууд юмсанж. Би ч шартаад арайхийж л наашаа ирлээ гээд нөгөө “Буриад” найраглалаа уншиж билээ…
Энэхүү номын онцлог гэвэл, “Буриад” найраглалыг зохиогчийн өөрийн бичсэн эх хувийг засварлалгүйгээр анх удаа бүрэн эхээр хэвлүүлэхийн зэрэгцээ монгол бичигт буулгаж, буриад хэлнээ хөрвүүлж, орос хэлнээ орчуулсан гээд ганцхан найраглал хэд хэдэн хувилбартайгаар багтаж байгаа юм. Д.Дашшаравынхыг “Бурят”, Ц.Намсрайнхыг “Хун шубуун гарбалтан” номуудаас, Н.Цырэмпиловынхыг интернэтээс тус тус авч, доктор Той.Галсан, Оросын Холбооны Буриад улсын ардын жүжигчин Чингис Гуруев, монгол бичигт буулгасан Б.Хандмаа нарт бүрэн эх хувийг өгч хөрвүүлүүлэн орууллаа. Мөн өсвөр залуу буриад хөвүүд, басгадын бичгийн буриад хэлээ мартагнаж байгаа энэ үед сэргээх, хэл бичгийн судалгааны бүтээлд ашиглахад тус дөхөм болно гэдэгт найдаж байна.
Ясны яруу найрагч, цагийн шалгуур даасан уран бүтээл гэдэг энэ буйзаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Р.Чойномын “ӨД” Сангийн
тэргүүн Д.Ганболд

2010.VII.20

0 0 санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх:
guest
0 СЭТГЭГДЭЛҮҮД
Санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг харах
Back To Top
0
Та сэтгэгдэлээ үлдээнэ үүx
()
x